Хөдөлмөрийн сайд юу бүтээв?
Байнгын хорооны хуралдаанд тэр бүр суудаггүй ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг алдалгүй суудаг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав энэ онд нэлээд олон ажлыг амжуулж чаджээ.
Шинэчлэлийн Засгийн газрын нүүрийг тахалж яваа ажилтай сайд нарын нэг ч гэж зарим нэг нь тодорхойлж байна. Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд 150 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт тавьсанаас энэ оны хувьд 40 мянга гаруй иргэнийг байнгын болон улирлын чанартай ажилтай болгожээ.
Үүнээс мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдсэн залуусын тоо 7000 орчим юм байна. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтан хамгийн ихээр шаардах болсон ч нэгхэн жилийн дотор хэрэгцээг нь хангахуйц мэргэжилтэнг бэлтгэх бололцоо хумигдмал. Гэхдээ Ажил олгогчтой шууд гэрээ байгуулж хэрэгцээтэй ажил мэргэжлээр иргэдийн сонирхолд нь нийцүүлэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх болсноор төгсөгчид ажилгүй гэх ангилал руу шидэгдэхээ больжээ.
энэ оны хувьд 40 мянга гаруй иргэнийг байнгын болон улирлын чанартай ажилтай болгожээ.
Энэ тогтолцоог Хөдөлмөрийн яамны зүгээс бий болгож чадсан нь өнгөрч буй нэг жилийн хугацаанд хийсэн хамгийн зөв бодлого болж амьдралд хэрэгжлээ хэмээн үнэлэх иргэд цөөнгүй байна. Таван сарын хугацаатай сургалтад хамрагдаж мэргэжилтэй ажилтан болж буй суралцагч нь эхний хоёр сард онол үздэг бол гурван сарыг нь үйлдвэрлэлийн дадлага хийж ажилдаа мэргэшихэд анхаардаг байна.
Суралцагчдын хувьд гол төлөв барилга, уул уурхай, авто зам зэрэг хүнд үйлдвэрлэлийн салбарт ажиллах мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгджээ.
Мөн тус яам Монголын Залуучуудын холбоотой хамтран оюутнуудыг зуны амралтаараа ажилтай, орлоготой байхад нь анхаарч өнгөрсөн зун “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүдийг хэрэгжүүлснээр авто зам, төмөр зам, барилга, уул уурхайн салбарт 1529 оюутан залуучуудыг түр ажлын байраар хангаж ажиллажээ. Оюутнууд сард 500-700 мянган төгрөгийн цалин авч сургалтын төлбөрөө олсон юм байна.
Ажлын байр шинээр бий болгох, ажлын байрыг хадгалж үлдэх боломж бол Жижиг, дунд үйлдвэрлэл гэж эдийн засагчид тодорхойлдог. Тус яаманд ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлого харьяалагддаг бөгөөд зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилт тавьсан байна. Тодруулбал, 2016 онд 500 тэрбум төгрөгт хүргэх зорилт тавьжээ.
Энэ оны хувьд 84.9 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан иргэдэд олгосноор ажлын байруудыг хадгалж үлдэж чадсан төдийгүй шинээр ажлын байр бий болгож чадсан амжилттайгаар шинэ оныг тус салбарынхан угтах болж байна.