Мэндчилгээ
Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.ПҮРЭВЖАВ
2014.01.09

Мэндчилгээ

Мөнх хөх тэнгэрийн Монгол улсын нийт иргэд, түмэн олон, Хүннү, Сүннүгийн үүх түүх оршоосон ариун дагшин газар, мянганы их хүмүүн, эзэн богд Чингис хааны өлгий, өндөр их хаад, хатдын  нутагт ажиллаж, амьдран Монгол төрийн гал голомтыг сахин суугаа нутгийн зон олон, хүндэт иргэд ээ!

Буянт буурлуудаа!

Бидний хойчийн итгэл найдвар, эх орныхоо хөгжлийг түүчээлэгч залуус aa!

Хүүхэд багачууд аа!

Та бүхэндээ айлчлан ирж, баяр жаргал, бүтээн босголт, ажил, амьдралын бүтэн, дүүрэн ололт, амжилтыг авчрахаар айсуй 2014 оны  шинэ оны мэндийг цагаан сүүний хамт алд цэнхэр хадган дээр дэлгэн айлтгая!

Улиран одож буй 2013 он Монголын ард түмэн, Хан Хэнтийчүүдийн итгэл, сэтгэлээ өгч ажиллуулсан шинэ сонголт, шинэ хүсэл тэмүүлэл, шинэ зорилго зорилт, шинэ ажил үйлсийн эхлэлийг тавьсан сайхан он, гарааны жил болж, түүхээ үлдээж байна.

2013 он Монголын ард түмэн, Хан Хэнтийчүүдийн итгэл, сэтгэлээ өгч ажиллуулсан шинэ сонголт, шинэ хүсэл тэмүүлэл, шинэ зорилго зорилт, шинэ ажил үйлсийн эхлэлийг тавьсан сайхан он, гарааны жил болж, түүхээ үлдээж байна.

Хан Хэнтийчүүдийнхээ нийтлэг эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, эрх чөлөөт, ажил орлоготой иргэд бүхий байгальд ээлтэй үйлдвэрлэл, ногоон эдийн засагтай, аялал жуулчлалаар зүүн бүсдээ тэргүүлсэн жишиг аймаг болох гэсэн эрхэм зорилгыг өмнөө дэвшүүлэн ажиллаж байгаа Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал та бүгдийн итгэлийг авч зүтгэлээр хариулахаар шамдсан эхний жилдээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг 8 удаа, Тэргүүлэгчдийн хуралдааныг 23 зарлан хуралдуулж, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулах чиглэлээр олон шийдвэрүүдийг гарган аймгийн Засаг дарга, түүний баг хамт олонтой бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг ханган орчин үеийн соёлт хүн ая тухтай, амгалан тайван ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх олон шинэ бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх боломжийг бүрдүүлж, хамтран ажиллаж ирлээ.

Өнө эртнээс улбаа мөртэй өвөг дээдсийнхээ унасан газар, угаасан усанд эзэн сууж, өнгөжин хөгжиж байгаа Хан Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд томоохон бүтээн байгуулалтуудыг илүү их хүч, илүү их хөрөнгөөр өрнүүлж, Хэнтий аймаг 70 жилийн дараа “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнуулж, ахмад үеийнхэн маань хөдөлмөр зүтгэлээ, хийж бүтээснээ үнэлүүллээ.

Бид ажилласан гарааны жилдээ ногоон хөгжлийн үзэл баримтлалыг шинжлэх ухааны үндэстэйгээр аймагтаа нутагшуулах ажлын эхлэлийг тавихаар төр засгийн түвшинд саналаа тавьж дэмжүүлсэн бөгөөд сайн зүйлийг дэмжин дэлгэрүүлэх, саар, саадтай бүхнийг засаж залруулах ажилд анхаарлаа хандууллаа.

Хан Хэнтий нутгийнхаа нүүр царай болсон Өндөрхаан хотынхоо өнгө төрхийг өөрчлөн өнгөжүүлэх ажлын хүрээнд Эзэн Чингис хааны мэндэлсэн, Монгол төрийн гал голомт оршсон ариун дагшин газрын төв, Зүүн бүсийн тулгуур, Хэнтий аймгийн Өндөрхаан хотоо “ЧИНГИС” хот хэмээн нэрлэсэн нь хөгжил дэвшлийн эхлэлийг тавьсан чухал алхам болсон бөгөөд ХАН ХЭНТИЙ, БУРХАН ХАЛДУН уул Монгол үндэсний бахархалт хайрхан, аймаг, олноороо эвтэй хүчтэй, эд баялагтай байхын бэлэгдэл болсон аймгийн сүлд эр цагаан хүн ШОНХОР шувуу Үндэсний бахархалт шувуугаар өргөмжилөгдсөн нь Хан Хэнтийчүүд бидний ажлын урам зориг, амьдралын эрч хүчийг улам бадрааж байна.

Та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан байж, шинэ он, шинэ жилдээ аз хийморь дүүрэн, цог золбоотой ажиллаж, амьдрахын билэгт ерөөлийг өргөе!

Хан Хэнтий маань улам хөгжин дэвжих болтугай!

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга                                   С.ПҮРЭВЖАВ                                                            

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.