100 мянган тонн импортын улаан буудайг татвараас чөлөөлөхөөр боллоо
100 мянган тонн улаан буудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай төсвийн байнгын хороо эцэслэн хэлэлцлээ. Энэхүү улаан буудайн 20 хувь нь сайн чанарынх байна гэж тогтлоо. Гурилын үйлдвэрүүд таван тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх юм байна.
ҮХААЯ-наас дотоодын хэрэгцээг хангах гурилын үнийг тогтвортой байлгах зорилгоор хүнсний нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100 мянган тонн улаан буудайг импортлох хүсэлт гаргасан юм. Импортын улаан буудайг татвараас чөлөөлснөөр гурилын үнэ буурна гэж салбар яам тооцсон байна.
Татвараас чөлөөлөхийг яаравчилсан нь энэ үед ОХУ-д улаан буудайн үнэ доогуур байдагтай холбоотой. Үнэд орохоос нь өмнө гурилын үйлдвэрүүдэд квотоор нийлүүлэх хэрэгтэй байгаа юм байна.
УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга:
2013 оны ургац хураалтаар 404 мянган тонн улаан буудай хураана гэж тооцоолж байсан ч 369 мянгыг хураалаа. Тэгэхээр бидэнд 100 мянган тонн улаан буудай нөөцлөхгүй бол гурилын үнэ өсч болзошгүй. Одоо хямдхан байгаа дээр нь ОХУ-тай гэрээ хийж, зургаан сарыг дуустал цувуулж оруулж ирэх төлөвлөгөөтэй байна.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
Улаан буудайны үр тарианы нөөцийг бүтэн жилээр нь авч болохгүй. 2012 онд 278 мянган тонн улаан буудайг гурилын үйлдвэрт нийлүүлсэн нь 2013 оны хэрэглээний хэмжээг тодорхойлсон. Үнэндээ 2014 онд 30 орчим мянган тонн улаан буудайг нэмж авах шаардлагатай гэж бодож байна.
УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга:
Улаан буудайгаа гадагш нь экспортолж байсан мөртөө гэнэт яагаад импортлох хэрэгтэй болчихвоо гэсэн ташаа мэдээлэл их байна. Үнэндээ улаан буудайны нөөц жил ирэх тутам багасаж ирсэн. Зуун хувь хэрэгцээгээ хангаж чаддаггүй байсан. Ялангуяа алслагдсан аймгууд буудай биш гурил худалдаж авдаг байсан. Валютын ханшны уналтаас болоод импортын гурилын хэмжээ багассан.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Төрийн бодлого алдагдсан байна. Хятадууд илүү гарсан тосоо техникийн тос болгон ашигалж байна. Гэтэл Монгол өөрөө олон тэрбум төгрөгөөр гаднаас ургамлын тос импортолдог. Салбарын яам тариачдаа дэмжихгүй байна. Яагаад ганцхан гурилын үйлдвэрийг дэмжээд байна вэ?