Ерөнхийлөгч авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг санаачиллаа
Саяхан болж өнгөрсөн ДАВОС-2014 дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар Монгол Улсын хөгжлийн боломжуудыг тусгайлан хэлэлцсэн нь манай орны хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, улс орноо сурталчлахад ахицтай явдал болсон билээ.
Чуулганд оролцогчид манай улсын "Авилгатай тэмцэх ажилд амжилт олж буйг сайшааж байгаа ч цаашид Монголчуудын хувьд томоохон сорилт бэрхшээл хэвээр байх болно" гэдгийг онцолсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч "Авилга бол яг л хөгз мөөгөнцөр шиг зүйл, байнга хусч цэвэрлэж байхгүй бол дахин ургаад л байдаг " гэж нэгэнтээ хэлж байсан.
Манай улс "Транспаренси Интернейшнл" судалгааны байгууллагаас гаргасан авилгын индексээр авилгын өндөр үзүүлэлттэй орны тоонд ордог ч сүүлийн нэг жилийн хугацаанд авилгатай хийсэн тэмцлээр амжилт олж 11 байраар урагшилж одоо 83-р байрт бичигдэж байгаа.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч цаашид ч авилгын эсрэг ажлаа улам эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг онцолж улс нийтээрээ "Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-тэй болох санаачлага гаргаж тун удахгүй иргэний танхимаар хэлэлцүүлэх гэж байна. Уг хөтөлбөрийг ард түмний өргөн оролцоотой хэлэлцүүлж УИХ-д өргөн барьж батлуулах юм байна.