МоАХ-ны анхдугаар их хурал хуралдсаны 24 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлье
МоАХ-ны дарга Х.Баттулга
2014.02.18

МоАХ-ны анхдугаар их хурал хуралдсаны 24 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлье

Монгол Улсын түүхэнд дурсагдах онцгой өдрүүдийн нэг бол 1990 оны хоёрдугаар сарын 18. Өнөөгөөс 24 жилийн өмнө Монгол орныг нойроос сэрээгээд байсан Монголын Ардчилсан Холбоо өвлийн адаг сарын энэ л өдөр анхдугаар их хурлаа хийж нэгдсэн зохион байгуулалтад орж, Монгол Улсын улс төр, нийгэм эдийн засгийг үндсээр нь өөрчлөх зорилго бодлогоо тодорхойлсон.

МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд болсон МоАХ-ны Анхдугаар Их хуралд 16 аймаг, гурван хотын салбар зөвлөлийг төлөөлсөн 611 төлөөлөгч, 200 гаруй зочин, 30 орчим гадаадын сурвалжлагч оролцсон ч энэ ордны гадаа цугларсан олон чанга яригчаар сонсч, эх орон даяар олон мянган хүн телевизээр үзэж сэтгэл санаагаараа дэмжин нэгдэж байсан билээ. Хурлаар МоАХ-ны Улс төрийн болон Хуулийн шинэчлэл, Сүсэг бишрэлийн тухай илтгэл, 1911 оны Үндэсний Эрх Чөлөөний Хөдөлгөөний 80 жилийн ойг тэмдэглэх тухай асуудал хэлэлцсэн нь өнөөдөр Монгол орноо хэдийнээ бодит байдал болж хэрэгжээд байгаа.

МоАХ-г Монгол Улсад анх удаа МАХН-ын Төв хорооноос зөвшөөрөл авалгүйгээр улс төр, олон нийтийн албан ёсны байгууллага хэмээн энэхүү түүхэн хурлаар зарлаж үндэсний хэмжээний улс төрийн хүчин болохыг баталгаажуулсан юм. Мөн МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн хэсэг гишүүн Монголын Ардчилсан Нам байгуулж байгаагаа албан ёсоор зарласан нь 70 шахам жил ганц намтай байж, МАХН нь төрөөс илүү эрх мэдэлтэй байсан тогтолцоог халж Монгол оронд олон намын тогтолцоо бий болохын эхлэл болсон юм.

24 жилийн тэртээ хуралдсан МоАХ-ны анхдугаар их хурал нь Монгол Улсыг хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан төртэй, олон намын тогтолцоот, зах зээлийн эдийн засаг, олон тулгуурт гадаад бодлого, гадаад орнуудтай эрх тэгш харилцаатай, ёстой "улс шиг улс" болохын эхлэлийг тавьснаараа Монгол Улсын шинэ үеийн түүхэнд чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал билээ.

Энэ их хуралд төлөөлөгчөөр оролцож Монгол Улсын цаашдын хөгжлийн төлөө, ардчилал, шударга ёсны төлөөх түүхэн баримт бичгүүдийг батлалцаж байсан МоАХ-ны анхдугаар их хурлын төлөөлөгчид болон эх орондоо ардчилсан нийгэм цогцлоохын төлөө тэмцэж явсан ардчиллын партизануудад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, МоАХ-ны анхдугаар их хурал хуралдсаны 24 жилийн ойн* мэндчилгээ дэвшүүлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

МоАХ-ны дарга Х.Баттулга