С.Эрдэнэ: Сагсан бөмбөгт сэтгэлгүй хүмүүстэй ажиллахгүй
Өнөөдөр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо 2014 оны Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнээ эхлүүллээ. Тэмцээний нээлтэд МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ оролцсон юм. Энэ үеэр МҮСБХ-ны ерөнхийлөгч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
-Хоёр сагсан бөмбөгийн холбоог МСБХ-ны ээлжит бус чуулганы дараа нэгдэж, хамтран ажиллана гэж найдаж байлаа. Гэсэн ч санал зөрөлдсөний улмаас нэгдээгүй гэсэн мэдээлэл байна. Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу
-Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоог нэгтгэж, хамтарсан байдлаар цаашид ажиллах саналыг удаа гаргаж байсан. Өчигдөр /III.23/ Монголын сагсан бөмбөгийн холбоо ээлжит бус чуулганаа хийхээр болсон. Энэ хуралд МҮСБХ-г төлөөлөн оролцооч гэсэн урилга ирсэн. Сагсан бөмбөг бол манай улсын нийтлэг, хамгийн чухал спортын салбар. Монголчуудын сагсан бөмбөгийн хөгжил сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Хүүхэд, залуус ч гэсэн өргөн хүрээнд хичээллэж, тэмцээн уралдаануудыг үзэх нь нэмэгдсэн байна. Тиймээс сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд эв нэгдэл чухал гэдэг байр суурийг манай холбооноос Монголын сагсан бөмбөгийн холбоонд тавьж байсан.
Бид маш хүлээцтэй хандсан. Аль болох нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллая гэсэн саналтай байлаа. Өчигдрийн хурлыг хоёр холбооноос ижил оролцоотой хийхээр үндсэндээ тохиролцсон юм. Гэтэл хуралд очтол шууд удирдах зөвлөлийг сонгох ажил эхэлсэн. Энэ хуралд 188 төлөөлөгч оролцсон гэсэн. Манай Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 15 хүн оролцсон. Харин нөгөө холбооноос 150-160 төлөөлөгч оролцож байгаа юм. Ийм харьцангуй хурал болсон.
Бидний хурал орхисон шалтгаан нь Удирдах зөвлөл нь огтхон ч өөрчлөгдөөгүй. Яг өмнө ажиллаж байсан хүмүүс сонгогдсон. Бид нар болохоор боловсролтой, чадалтай залуус гарах болов уу гэж харж, найдаж байсан юм. Гэтэл нөгөө л ямар ч ажил хийдэггүй, юм ойлгодоггүй, сагсан бөмбөгийн спортыг зоосны нүхээр хардаг хүмүүс улиран сонгогдчих шиг болсон. Тиймээс бид хурлыг орхиход хүрсэн. Биднийг гарсны дараа зохион байгуулалтынхаа ажлыг үргэлжлүүлсэн байх. МҮСБХ “Ийм хүмүүстэй цаашид хамтран ажиллах боломжгүй” гэдгээ илэрхийлээд, хурлыг орхисон байгаа. Товчхондоо бол ийм.
-Цаашид Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хэрхэн ажиллах вэ?
-Бид Сагсан бөмбөгийн холбоонд асуудлыг нэг тийш болгож, хамтарч ажиллахад бэлэн гэдэг хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн. Цаашдаа мөн адил нэгдсэн зохион байгуулалтад ороод ажиллахад бэлэн байна. Гэхдээ спортыг мөнгөөр хардаг, сайхан сэтгэлээрээ спортод хөрөнгө зарцуулдаг байгууллагуудын хандив, тусламж, санхүүжилтийг хувийн эрх ашгийн үүднээс зарцуулдаг хүмүүстэй хамтран ажиллаж чадахгүй.
Монголынхоо сагсчдыг дэлхийн бусад орны тамирчидтай өрсөлдөх чадварыг бий болгож байна.
Сагсан бөмбөг бол Монголын бүх нийтийн спорт. Багийн спорт дундаас хамгийн онцгой төрөл нь. Тиймээс энэ спортоо хөгжүүлэхийн төлөө Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо улам хичээн ажиллана.
Манай холбоо цаашид төлөвлөсөн бүх ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийнэ. МҮСБХ сүүлийн хоёр жилийн турш “Үндэсний Супер лиг”-ийг зохион байгууллаа. Легионер тоглогчдыг урьж, лигтээ тоглууллаа. Дэлхийн хэмжээний шүүгчдээр тэмцээнээ шүүлгэж байна. Энэ бүх ажлууд Монголынхоо сагсчдыг дэлхийн бусад орны тамирчидтай өрсөлдөх чадварыг бий болгож байгаа юм.
Үүний илрэл болж, Монголын сагсан бөмбөгийн хөгжил шинэ шатанд гарсан. Сагсан бөмбөг тоглодог, үздэг хүмүүс эрс нэмэгдсэн. Цаашид энэ ажлаа улам эрчимжүүлж, хөгжүүлэн ажиллах болно