Б.Гарамгайбаатар гишүүн тойрогтоо ажиллав
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар чуулганы завсарлагаанаар Хэнтий аймгийн 13 сум, гурван тосгонд ажиллажээ.
Тэрбээр тойрогтоо ажиллах үеэрээ иргэд сонгогчидтой уулзаж, УИХ болон Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийг сонгогчиддоо танилцуулж, санал бодлыг нь сонсч орон нутгийн ажил байдалтай газар дээр нь танилцсан байна. Тус аймгийн Цэнхэрмандал сум цас ихтэй өвөлжиж хавартай золгосон ч өнөө хэр цас ханзраагүй байна.
УИХ-ын намрын чуулганаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг баталсан нь тус суманд хэрэгжээд эхэлжээ. Тухайлбал, элс хайрганы каръеруудаа эзэнтэй болгосон байна. Тус суманд уул уурхайн 23 лиценз байдгаас 4 нь цуцлагдаж, согтууруулах ундаа худалддаг 20 цэг байдгийн хоёрынх нь эрхийг цуцалсан байна. Мөн ойн баялагтай нутаг болохоор ойн анги байгуулж ойд цэвэрлэгээ хийн, нэлээд ашиг орлого олсон гэнэ.
Цэнхэрмандал суманд тулгамдаж байгаа асуудал нь цэцэрлэгийн барилга муудсан, сургуулийн дотуур байр, эмнэлгийн барилгад их засвар шаардлагатай, мөн Тамгын газрын дутуу барилгаа гүйцээх хэрэгтэй байгааг иргэд тойргоос сонгогдсон гишүүндээ дуулгасан аж. Тус сум ирэх жил сум байгуулагдсаны 90 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд ой тэмдэглэх асуудлаараа ч сумын удирдлагууд гишүүнтэй санал бодлоо солилцжээ.