Ж.Бат-Орших: Төрийн нэрээр компани байгуулах сонирхолтой бизнесийн бүлэглэл даатгал руу орох нь
Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч, “МИГ даатгал ” компанийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Оршихтой ярилцлаа.
-Засгийн газар Үндэсний даатгалын корпораци байгуулах тогтоол гаргаж, төр даатгалын бизнес рүү орно гэдгээ зарлачихлаа. Даатгалын хувийн компаниуд энэ шийдвэрийг эсэргүүцэж мэдэгдэл гаргасан. Шийдвэр гаргагчдад эсэргүүцэж байгаагаа албан ёсоор хэлсэн үү?
-Ерөнхийлөгчийн Тамгын газарт мэдэгдлээ явуулсан. УИХ-ын даргад хандсан. Хариуг нь хүлээж байна.
-Засгийн газар даатгалын компаниудын хийж чадахгүй экспортын даатгалын үйлчилгээг үзүүлнэ гэж байгаа. Төрийн хийх гээд байгаа энэ үйлчилгээг даатгалын хувийн компаниуд үнэхээр хийж чадахгүй юу?
-Засгийн газрын хуралдаанаар тийм тайлбар өгсөн байна лээ. Санхүүгийн зохицуулах хорооноос ердийн болон урт хугацааны гэсэн хоёр төрлийн даатгалын зөвшөөрөл өгдөг. Монголд даатгалын 17 компани бий. Урт хугацааны даатгал хийдэг ганц компани ажилладаг. Бусад нь ердийн даатгал хийх эрхтэй. Ердийн даатгал гэхэд дотроо 13 хэлбэртэй. Үүнд экспортын даатгал ордог.
Тэгэхээр Үндэсний даатгалын корпораци экспортын даатгалын үйлчилгээ үзүүлэхийн тулд ердийн даатгалын эрх авч таарна. Тэр дотор хувийн компаниудын үзүүлдэг даатгалын хэлбэрүүд бүгд байгаа. Бидний үзүүлдэг үйлчилгээг төрийн байгуулах компани хийгээд эхлэх боломжтой гэсэн үг. Үндэсний даатгалын корпораци ажиллаад эхэлбэл манай даатгалын компаниудаар үйлчлүүлдэг хүмүүс баталгаатай нь дээр гээд төрийн байгуулсан компани руу явах өндөр эрсдэлтэй.
Засгийн газраас даатгалын төрийн компани байгуулах зорилгоо экспортын үйл ажиллагааг дэмжих гэж тайлбарлаж байгаа. Зээлийн хүүг бууруулах зорилгоор хамгаалалтын даатгал хийнэ гэсэн тайлбар сонсогдсон. Даатгалын хувийн компаниудаа чадахгүй гэж басахын оронд дэмжлэг үзүүлээд явбал болохгүй зүйл байхгүй. Жишээ нь төр даатгалын компанитай болно гэсэн шийдвэрийн дараа манай томоохон даатгалын компаниуд давхар даатгалын харилцаатай гадаадын компаниуддаа хандлаа.
Экспортын даатгал хамтарч хийх боломжтой юу гэж асуухад АА зэрэглэлийн даатгалын компаниуд хамтарч ажиллахад бэлэн гэсэн хариу ирүүлсэн. Экспортын даатгал төвөгтэй, том даатгал нь үнэн. Гэхдээ гадны том компаниуд экспортын даатгалыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн байна. Энэ бол том боломж. Даатгалын компаниудын төдийгөөс өдий хүртэл зүтгэж ирсний өгөөж л дөө.
-Засгийн газрын тайлбарт төр нь компани байгуулж экспортын даатгалаа хийдэг улс хэд хэд бий гэсэн өгүүлбэр харагдсан?
-Экспортын даатгалыг төрийн компани нь тусдаа хийдэг орнууд бий. Гэхдээ заавал тэднийг дуурайх албагүй. Монголд даатгалын өчнөөн компани ажиллаж байна. Хууль эрх зүйн орчин нь бүрдчихсэн. Төр хувийн хэвшлийн бусад салбарыг дэмждэг шигээ зах зээлд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг даатгал, банк санхүүгийн байгууллагаа дэмжмээр санагддаг.
-Ер нь хэчнээн орон экспортын даатгалаа төрийн компанидаа хариуцуулдаг юм бол?
-Долоо, найман орон бий. Засгийн газрын экспортын даатгалтай болъё гээд байгаа санаа нь буруу биш. Яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт л асуудал нь байгаа юм. Заавал төрийн компани байгуулах хэрэггүй гэх гээд байна л даа. Үндэсний даатгалын корпораци байгуулна гэснээс экспортын даатгалын тогтолцоог бий болгоно гэсэн тогтоол гаргачих хэрэгтэй. Тэгээд засгийн зүгээс даатгалын компаниудтайгаа ярьж хэлэлцэж байгаад илүү бодитой хувилбар олох ёстой.
Дотоодын нийт бүтээгдэхүүнд даатгалын орлогын эзлэх хувь ердөө 0.5-хан хувь. Хөгжингүй орнуудад ес, арван хувь гээд цаашлаад явчихдаг. Хувийн хэвшлийнхээ гадаад харилцааг сайжруулах замаар экспортын даатгалыг хийхэд асуудалгүй. Хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хийх бэлэн зах зээл байна. Гэтэл өчнөөн тэрбум төгрөг төрөөс гаргана гэж яриад эхэллээ л дээ.
-Хэдэн тэрбумыг гаргана гэж байгаа юм бол?
-Төрийн даатгалын корпорацийн нийт хөрөнгө нь 300 тэрбум, үүний 150 тэрбумыг нь төр өөрөө гаргана гэж байгаа. Төсөв, хөрөнгө оруулалт ямар байгаа билээ. Ийм үед энэ хэмжээний мөнгийг хаанаас гаргах вэ гэдгээс эхлээд хардах өнцгүүд олон байна.
Үүний цаана төрийн нэрээр компани байгуулах сонирхолтой бизнесийн том бүлэглэл байна уу гэж хардахаас аргагүйд хүрч байна л даа. Засгийн газрын шийдвэрээр бол 150тэрбум нь улсын төсвөөс, үлдсэн 150 тэрбум нь хувийн хэвшлээс гарна. Төр хувийн хэвшлийн хосолсон корпораци гэж нэрлээд байгаа.
-Тэгвэл үлдсэн 150 тэрбумыг нь манай даатгалын компаниуд гаргах боломжтой юу?
-Даатгалын компаниудын дүрмийн сангийн доод хэмжээ нь таван тэрбум төгрөг байдаг. Гэтэл төрийн байгуулах корпораци нь 300 тэрбум. Их хол сонсогдож байгаа биз. Ерөнхий сайдыг саяхан бизнес эрхлэгчидтэй уулзахад би “Яагаад үндэсний даатгалын компаниуддаа итгэхгүй байгаа юм бэ” гэж асуусан л даа. Тэгсэн чинь “Та нарын оролцох боломжтой. 50 хувьд нь төр оролцоно. 50 хувьд нь хувийн хэвшил орно” гэж байна лээ.
Харамсалтай нь үндэсний даатгалын компаниудад ийм их мөнгө байхгүй. Бүгдийнх нь хөрөнгө нийлээд 126 тэрбум төгрөг. Монголын компаниудад оролцох боломж байхгүй гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх байх. Үр дүнд нь овоо хөгжиж байсан үндэсний хувийн компаниуд л дампуурна.
Төрийн өмчийг хувьд шилжүүлж, хувийн хэвшлийг дэмжихийг л зах зээлийн зөв тогтолцоо гэмээр. Гэтэл эсрэгээрээ яваад байх юм. Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзах үед төр дахиад ч компани байгуулна гэж байна лээ.
-Ямар компани байгуулна гэж байна?
-Лизингийн компани байгуулна гэж байгаа юм. Лизингийн үйлчилгээг төр авчихаар лизингийн үйлчилгээ явуулдаг олон компани яах вэ гэдэг том асуудал бий.
-Үндэсний даатгалын корпораци байгуулах асуудлаар даатгалын хувийн компаниудын саналыг авсан уу?
-Даатгалын бодлогыг барьдаг Сангийн яам, хяналт зохицуулалтыг нь хийдэг Санхүүгийн зохицуулах хороо хоёроос санал авсан төдийгөөр Засгийн газарт оруулаад шийд гаргачихсан.
-Засгийн газрын сайд нартай энэ асуудлаар уулзаж үзсэн үү. Жишээ нь Эдийн засгийн хөгжлийн сайдтай?
-Н.Батбаяр сайдтай уулзаж холбооныхоо байр суурийг илэрхийлсэн. Сайдын хувьд мэдээж засгийнхаа шийдвэрийг хамгаалсан. Харин даатгалын компаниуд Засгаас гаргасан шийдвэрийг зөв гэж үзэхгүй байгаа. Цаашдаа ч эсэргүүцлээ илэрхийлнэ. Ямартай ч Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газарт явуулсан мэдэгдлийнхээ хариуг аваадахъя. Том төрөөс ухаалаг төр рүү гэдэг бодлого дэвшүүлсэн учраас Ерөнхийлөгчид хандсан юм. Бизнест гэхэд л төрийн оролцоог багасгая гэсэн зорилготой бодлого шүү дээ. Гэтэл Засгийн газар нь Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн зорилгын эсрэг шийдвэр гаргаад байна.
-Төрийн хийнэ гээд байгаа даатгалыг манай хувийн компаниуд гаднаас хөрөнгө оруулалт татах замаар хийх боломжтой юу?
Баялгаа үнэд хүргэхийн тулд боловсруулах үйлдвэрүүд байгуулна, боловсруулаад гаргахаар үнэ, экспорт нь нэмэгдэнэ, экспортоо нэмэгдүүлэхэд компаниуд заавал зээлд хамрагдаж таарна, тэдэнд банк бага хүүтэй зээл өгөхийн тулд даатгал хэрэгтэй, тийм том даатгалыг манай компаниуд жижиг учраас чадахгүй гээд байгаа юм.
-Хөрөнгө татаж шийдэж болно. Татахгүйгээр шийдвэрлэх боломж ч бий. Монголд даатгалын салбар үүсээд 80 жил болчихсон. Хууль эрх зүйн орчин нь бүрдсэн гэж түрүүн хэлсэн дээ. Монголд даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Жолоочийн хариуцлагын даатгалын хуультай.
Иргэний хуульд даатгалын тухай том бүлэг бий. Үүнийг төрөөс даатгалын компаниудад хөгжүүлэх чиглэлээр гаргасан бодлогын дэмжлэг гэж ойлгож байгаа.
Бодлогын дэмжлэгээс өөр дэмгүйгээр хөгжиж чадсан салбар. Өмнө нь улсын ганцхан- компани байсан бол өнөөдөр 17 болтлоо өргөжсөн. За тэгээд даатгалын 20 гаруй зуучлагч компани, 3000 гаруй төлөөлөгч ажиллаж байна. Цаана нь хохирол үнэлдэг үнэлгээний компани гэхэд л 14,15 байна. Ийм олон мэргэжлийн оролцогчтой. Эдийн засгийнхаа өсөлттэй зэрэгцээд дэвшил гаргаад явж байгаа салбар. Иргэдэд даатгалын талаарх ойлголт муу байгаа ч сүүлийн жилүүдэд нэлээд сайжирч байна.
-Манай гадны компаниудтай давхар даатгалаар харилцдаг гэлээ. Яг юуг давхар даатгадаг юм бэ?
-Компаниуд хүчин чадлаасаа давсан хэмжээний зүйлийг гадны томоохон компаниудад давхар даатгадаг. Жишээ нь МИАТ-ийн онгоцыг 100 хувь давхар даатгадаг. Өөрөөр хэлбэл МИАТ онгоцоо Монголын даатгалын компанид даатгана.
Хандсан компани нь гадны даатгалын компанид давхар 100 хувь даатгадаг. Бид дундаас нь комисс гээд шимтгэлээ л аваад үлддэг юм. Хохирол гарвал МИАТ манайханд хандана. Бид эргээд гадаадынхаа даатгалын компанид хандаж тэднээс хохирлыг нь авч өгнө.
-Давхар даатгалыг манайх шиг жижиг улсууд хийдэг гэсэн үг үү?
-Давхар даатгалын тогтолцоо даатгалын бүх компанид бий. Угаасаа дэлхий нийтийн жишиг.
Монголд ажилладаг гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд хаана даатгуулж байна?
-Ихэнх тохиолдолд тухайн орныхоо даатгалын компанитай харилцдаг. Учир нь тэдний мөнгө асар том. Монголын даатгалын компаниуд дийлэхгүй л дээ. Гэхдээ манай даатгалын хуульд нэг заалт бий. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд даатгал хийлгэх тохиолдолд Монголын даатгалын компанид хандана гэсэн агуулгатай заалт байдаг юм. Хуулиа сайн мэддэг, биелүүлдэг хариуцлагатай компаниуд биднээр дамжаад гадагшаа зуун хувь даатгаад явдаг.
-Монголчуудын хувьд даатгалын ямар үйлчилгээг сонгодог вэ?
-Тээврийн хэрэгслийн, гэнэтийн ослын зэрэг бага хэмжээний юмаа даатгадаг. Үндсэн том даатгалыг дандаа гадныхан хийлгэдэг.
-Уул уурхай их мөнгөтэй салбар. Гадагшаа даатгуулахаар ихэнх мөнгө гадаадад байршина, эндээ зуун хувь даатгавал ядаж л долларын ханш чангарахгүй. Яг энэ өнцгөөс нь харвал байж болох зүйл яриад байх шиг...?
-Засгийн газрын тогтоолын үндэслэл нь их ойлгомжтой. Баялгаа үнэд хүргэхийн тулд боловсруулах үйлдвэрүүд байгуулна, боловсруулаад гаргахаар үнэ, экспорт нь нэмэгдэнэ, экспортоо нэмэгдүүлэхэд компаниуд заавал зээлд хамрагдаж таарна, тэдэнд банк бага хүүтэй зээл өгөхийн тулд даатгал хэрэгтэй, тийм том даатгалыг манай компаниуд жижиг учраас чадахгүй гээд байгаа юм.
Заавал улсын компани байгуулж шийдэх асуудал биш л дээ. Нэгэнт хөл гараа олчихсон даатгалын компаниуддаа түшиглэж, бага зэрэг дэмжлэг үзүүлж, гадаад дахь давхар даатгалын харилцаагаа сайжруулаад явчихад болох асуудал.
-Төр 300 тэрбумын корпораци байгуулчихвал заавал давхар даатгалгүйгээр уул уурхайн компаниудын даатгалын мөнгийг эндээ байршуулах боломжгүй хэрэг үү?
-Манай улс 300 тэрбум төгрөгөөр улсын компани байгуулсан ч давхар даатгалын харилцаа үүсэхгүйгээр яагаад ч явж чадахгүй.
-Тэгэхээр төрийн байгуулсан корпораци ч дахиад л гадныхантай давхар даатгалын асуудлаар харилцана гэсэн үг үү?
-Ярихаас өөр ямар ч арга байхгүй. Даатгал гэдэг онцлог салбар. Мөнгөний хувьд боломжгүйгээс гадна боловсон хүчин гэж том асуудал бий. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийг цалин мөнгөөр “зодож" авах юм уу. Н.Батбаяр сайдтай уулзахад даатгалын мэргэжлийн боловсон хүчин байна уу гэж асууж байгаа юм. Даатгалын мэргэжлээр дотоод, гадаадад сурсан хүмүүс бий. Бүгд хувийн хэвшилд ажиллаж байна.
-Даатгалын компаниудын зүгээс ямар нэг хувилбар гаргасан уу?
-Үндэсний давхар даатгалын тогтолцоо бий болгоно, давхар даатгалын компани байгуулна гэсэн нэг төсөл явж байгаа. Хэрвээ тэрийг төрөөс дэмжвэл дан ганц давхар даатгал хийдэг компани тусгай зөвшөөрөл авах боломжтой болно.
Төр зөвхөн давхар даатгал хийдэг эрхийг нь аваад ажиллавал боломжийн хувилбар. Тэгвэл бид төрдөө давхар даатгуулаад явж болно. Тойрч суугаад хэлэлцүүлэг өрнүүлбэл хувилбарууд их бий.
-Гадаадад зөвхөн давхар даатгал гэх мэтээр төрөлжсөн байдаг уу?
-Экспортын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал гээд даатгалын. хэлбэрүүдээрээ эрхээ авдаг л даа. Манайд бол ердийн даатгал гэдэгтээ 'экспортынх нь орчихоод байгаа. Ерөнхий сайд, Н.Батбаяр сайд хоёр бидний хийдэг даатгал руу орохгүй гээд байгаа ч олон тэрбумаар байгуулсан компани руу л даатгуулагчид явах нь тодорхой шүү дээ.
-Төрийн даатгалын корпораци байгуулагдвал даатгалын хувийн компаниудад дампуурах эрсдэл ч гарч ирэх нь ээ?
-Зөвхөн экспортын даатгалаа хийгээд яваад байвал гайгүй. Гэхдээ нэг зүйлийг давтан хэлмээр байна. Экспортын даатгал ердийн даатгалын хэлбэрт ордог учраас бидний үзүүлдэг үйлчилгээг хийх эрхийг ч давхар авчихаж байгаа юм. Хамгийн том аюул нь даатгуулагчид төрийн их мөнгөөр байгуулагдсан компани нь дээр гээд л сонголтоо хийж таарна. Даатгалын салбар уналтад орно гээд байгаа нь ийм учиртай.
Гарцаагүй зүйл л дээ. Өмнө нь улсын даатгалын ганц том компани байсан. Тэр үе рүүгээ буцна. Унахад нь унаж, босоход нь босож бор зүрхээрээ, хамаг чадлаараа жамаараа хөгжиж яваа даатгалын компаниуд тун хэцүү байдалд орно.
-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга та бүхний хүссэн хариуг өгөхгүй бол яах вэ?
-Эсэргүүцлээ лавшруулна. Тэглээ гээд өлсгөлөн зарлах ч юм уу жагсана гэж бодохгүй байна. Айхавтар нөлөөлөхөөр арга биш. Төр засгийн төлөөлөл даатгалынхантай уулзах болов уу гэж бодож байна. Улсаа хөгжүүлье, хувийн бизнесээ дэмжье гэвэл хамтдаа сууж байгаад зөв гарц олох ёстой. Тас зөрөөд байгууллаа гэхэд боловсон хүчнээс эхлээд асуудал гарна. Банк, даатгал, санхүүгийн байгууллагууд олон нийтийн хөрөнгийг татан төвлөрүүлэх үйл ажиллагаа явуулдаг гэдэг утгаараа маш нарийн хяналт тавигддаг салбар.
Төр тийм компани байгуулна гэвэл манай төрийн байгууллагууд нүдээ аниад зөвшөөрөл өгөх байх. Байгуулчихлаа гэхэд нэг их сайхан яваад өгнө гэж төсөөлөхгүй байна. Яриад байгаа тэр том үйлдвэрүүд нь хэзээ ч ашиглалтад орох юм.
Бас л хэдэн жилдээ ашгаа өгөхгүй том аж ахуй гарч ирэх байх. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрт итгэж байна. Том төрөөс ухаалаг төр рүү гэж ярьж, зорьж яваа улс лав зүгээр хараад суухгүй байх. Засагт чиглэл өгөх эсэхийг нь харъя.