Д.Ганбат: Оюутолгойн 34 хувиасаа яаж салъя гэж байж бас яагаад 34 хувь авах гээд байгаа юм бэ
Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны өчигдрийн хурлаар нийгэмд хүлээлттэй байгаа хэд хэдэн хуулийн төслийг авч хэлэлцлээ. Энэ нь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн Газрын тосны тухай болон холбогдох хуулийн төсөл, Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хуулийн төсөл. Мөн хоёр Байнгын хороо хамтран хэлэлцсэн Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл байв.
Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хуулийн төслийн талаар гишүүд байр сууриа илэрхийллээ.
Д.ГАНБАТ: УИХ-аар стратегийн ач холбогдол бүхий газраар 15 ордыг баталсан. Түүний нэг нь Цагаан суваргын орд. Тиймээс Ашигг малтмалын тухай хуулийн 5.5-д заасны дагуу тус ордын тодорхой хувийг төр эзэмшихээр байгаа юм. Тус заалтад “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөн-гийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруу-лах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэжээ. Тиймээс одоо ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг “МАК" компанийн эзэмшлийн 34 хүртэлх хувийг төр авах тухай хуулийн төсөл аж. Цагаан суваргын орд нь Эрдэнэтээсдолоо, Оюутолгойгоос 30 дахин бага нөөцтэй гэдгийг төсөл санаачлагч танилцуулсан. Төслийн нийт хөрөнгө оруулалт 1031.2 сая ам.доллар бөгөөд төр 34 хувийг эзэмших тохиол-долд 350.6 сая ам.долларын хөрөнгийг оруулах ёстой юм байна. Яаралтай гэсэн тодотголоор орж ирсэн энэ төсөлд гишүүд мөн шүүмжлэлтэй хандсан.
Я.СОДБААТАР: -Горимын санал байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл яригдаж байгаа үед энэ хуулийн төслийг хойшлуулах саналтай байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд стратегийн ордыг эдийн засгийн үр өгөөжөөр нь авч үзэх тухай заалт байгаа. Үүнтэй зөрчилдөж байна.
Ц.НЯМДОРЖ: -34 хувийн хөрөнгө оруулалтыг нь төр хийнэ гэж би зөв сонссон бол ёстой завхарч байна. Ийм хуулийн заалт хаана байгаа юм бэ.
Д.ГАНХУЯГ: -Энэ бол одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд орж ирсэн. Ц.Нямдорж та мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ хууль таныг УИХ-ын дарга байхад батлагдсан. Энэ хуулийн төслийг хойшлуулж болно. Гэхдээ баяжуулах үйлдвэрээ барьсан, үйл ажиллагаагаа эхлэх гээд хүлээгдээд байна.
Д.ГАНБАТ: -Оюутолгойгоосоо эхлээд төр 34 хувиасаа яаж салах вэ гэж байхад яагаад бас 34 хувийг авах гээд байгаа юм бэ. Ямар ашигтай юм бэ. Бид ямар социализм, коммунизм байгуулах гэж байгаа биш. Өмч төрийнх байх албагүй.
Д.ГАНХУЯГ: -34 хүртэлх хувийг төр эзэмших нь олон талын ашигтай. Татвараас гадна ногдол ашиг авна. Мөн төрийн эзэмшлийн хувийг нээлттэй компанийн зарчмаар зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн.
Б.ГАНБАТ: -Сайд аа. Тэгвэл уул уурхайн компани болгоны 34 хувийг төр аваад байх юм уу. Жишээ нь “МАК”-ийн дэд ерөнхийлөгч Г.Цогт та төр 34 хувийг чинь эзэмшихийг юу гэж бодож байна вэ.
Г.ЦОГТ: -Манайх Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллаж байгаа. Эхний хөрөнгө оруулалтаа хийгээд төслийн ажил эхэлсэн. Дараагийн санхүүжилтээ авах гэхээр хөрөнгө оруулагчид маань төрийн оролцоотой ажиллах эсэх эрхзүйн орчноо хурдан шийд гээд хүлээгдээд байгаа. Тиймээс бидний хувьд ордын эзэмшлийн хувийг төр эзэмшинэ үү, эзэмшихгүй юү гэдгээс илүү эрхзүйн орчин хурдан тодорхой болоосой гэж хүсч байна.
Д.БАТЦОГТ: -Д.Ганбат гишүүнтэй санал нийлж байна. Төр 34 хувийг шууд булааж авч болж байгаа юм уу. Энэ чинь сайн ч муу ч үндэсний компани. “МАК”-ийнхны тайлбарыг хуульдаа баригдаж хувиа өгч байна гэж ойлголоо. Та бүхэн өөрсдөө яг төрд эзэмшүүлэхийг хүсч байна уу, үгүй юү гэдгээ хэлчих?
Г.ЦОГТ: -Хуульд төр эзэмшихгүй байж болох ч гаргалгаа байгаа.
Д.ГАНХУЯГ: -Төрийн эзэмшлийн тухай яриад байгаа нь УИХ-аар баталсан 27 дугаар тогтоолыг дагаж байгаа. Энэ тогтоолоор стратегийн ордуудыг тодорхойлсон. Түүнд цагаан суваргын орд орсон. Засгийн газар УИХ-ын шийдвэрийг зерчих эрхгүй.
Л.ЭНХ-АМГАЛАН: -Ойлгомжгүй болоод явчихлаа. Уул уурхайн сайд энэ хуулийн төслийг хурдан шийд гэж байна. Гэтэл МАК хувиа төрд эзэмшүүлэх сонирхолгүй байна. Сайд та битгий бөөрөнхийл. Ийм будүүн баараг, ерөнхий хариулдаг байж болохгүй. Энэ хууль батлагдсанаар төсөвт ирэх өгөөж нь юу юм бэ. Эдийн засгийн нарийвчилсан тооцоо хийсэн юм уу
Д.ГАНХУЯГ: -Компани мэдээж хувь эзэмшүүлэхийг хүсэхгүй л дээ. Гэхдээ хуульдаа 34 хувь хүртэлх гэж байгаа учраас хуулиа барьж байна. Энэ төсөл 17 жил ургэлжилж, 11 их наяд төгрөгийн борлуулалт хийнэ гэж үзэж байгаа. Төрийн эзэмшлийн 34 хувийг авахад 350 сая доллар шаардлагатай.
Л.ЭНХ-АМГАЛАН: -Эдийн засгийн өгөөж нь тийм их биш юм байна. Та Уул уурхайн сайд болоод мөнгөний мэдрэмжгүй болсон юм уу. 350 сая долларыг та хаанаас босгох гээд байгаа юм бэ.
Д.ГАНХУЯГ: -Сангийн яам гэж байна. Бид саналаа өгсөн байгаа гэв.
Шүүмжлэлтэй байгаа гишуүдийн санал, асуулт багагүй хугацаанд үргэлжилсэн ч тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг олонхиороо дэмжлээ.