Б.Алтангэрэл: Монголд үйлдвэрлэсэн бараа Европт татваргүй гарах боломжтой ч бид ашиглаж чаддаггүй
Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хэлтсийн дарга Б.Алтангэрэл
2014.05.29

Б.Алтангэрэл: Монголд үйлдвэрлэсэн бараа Европт татваргүй гарах боломжтой ч бид ашиглаж чаддаггүй

Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хэлтсийн дарга Б.Алтангэрэлтэй ярилцлаа.

- Одоо боловсруулж буй Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн зорилго юу вэ?

Анхны Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль анх 2007 онд батлагдаж байсан. Түүнээс хойш хэд хэдэн удаа өөрчлөлт орсон. Өнгөрсөн оноос уг хуульд дахин өөрчлөлт оруулах асуудал яригдаж энэ жилээс ажлын хэсэг гараад холбогдох газрууд, мөн олон улсын байгууллагуудаас саналыг нь аваад явж байна.

Хуульд өөрчлөлт оруулъя гэсэн саналууд их ирж байсан нь асуудлыг дахин авч үзэх шалтгаан болсон. Тухайлбал ангилал дээр тодорхойгүй зүйлс бий. Одоо мөрдөгдөж буй хуулиар 1-199 ажилтантай, 1,5 тэрбум хүртэлх орлоготой аж ахуй нэгжийг жижиг, дунд аж ахуй нэгж гэж үздэг. Гэхдээ үүнийг дотор нь бичил, жижиг, дунд, дундаас дээш гэх мэтчилэн ангилж, зааглах шаардлага байна. Ерөнхийдөө хуульд өөрчлөлт орсноор ЖДҮ-ийн төрийн бодлого эзэндээ хүрэх нөхцөл бүрдэнэ.

- Монголын эдийн засагт ЖДҮ-ийг дэмжих ямар механизм, эдийн засгийн хөшүүрэг байдаг вэ?

Төрөөс ЖДҮ-ийг санхүүгийн болон санхүүгийн бус замаар дэмждэг. Санхүүгийн дэмжлэгийн хувьд хөнгөлөлттэй зээл байна. Хөнгөлөлттэй зээл нь дотроо хоёр янз. Эхнийх нь сум хөгжүүлэх сангаар дамжин хэрэгждэг, ЖДҮ-ийг сумдад бий болгох зорилготой гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаанд өгдөг зээл байна. Нөгөөх нь аймаг, дүүрэгт хэрэгждэг, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгодог, таван жилийн хугацаатай долоон хувийн хүүтэй зээл. Мөн тоног, төхөөрөмжийн лизенгийн үйлчилгээг 2011 онд эхлүүлсэн. Үүнд нийтдээ 3,5 тэрбум төгрөг зарцуулж, зээлийн нөхөн төлөлт бараг дуусч байна. Эргэж хуримтлагдсан энэ мөнгийг дээрх зориулалтаар дахин ашиглах болно.

Түүнээс гадна 2012 онд барьцаа хөрөнгийн дутагдалтай хүмүүсийн барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувийг даах Зээлийн батлан даалтын сан байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Уг санд зориулж таван тэрбум төгрөгийг төсвөөс хувиарласан. Бизнес эрхлэгчдэд их тус хүргэсэн сан болсон. Цаашдаа хөдөө орон нутаг руу чиглэж ажиллах болно. Энэ онд эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд сангийн хөрөнгийг нэмэх асуудал яригдаж байна.

Санхүүгийн бус дэмжлэгийн дагуу иргэдэд бизнесийн боловсрол олгох сургалтуудыг хийж байна. Хөдөлмөрийн яамнаас “ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрт хүмүүст бизнесийн чадавхи суулгах ажлыг түлхүү оруулсан.

- Валютын ханшны шуурга ЖДҮ эрхлэгчдэд хүндээр тусах нь мэдээж. Үүнээс тэднийг хамгаалах арга байгаа болов уу?

Нөлөөлөхөөс өөр аргагүй. Манайхан үйлдвэр байгуулсан ч бүх материалаа дотоодоос хангаж чадахгүй учир гадагшаа явах хэрэг гардаг. Тиймээс тоног, төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх асуудал Засгийн Газраар ороод шийдэгдэх хандлагатай явж байна. Хэрэв батлагдвал ЖДҮ эрхлэгчдэд том тус болно.

- ЖДҮ эрхлэгчид голчлон ямар салбарт ажилладаг вэ?

Барилгын салбар хөгжиж, дотоодоосоо материал хангах шаардлагыг дагаад барилгын материалын жижиг, дунд үйлдвэрлэл эрчимжиж байна. Мөн хөдөө аж ахуйд ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэл хөгжиж байна. Энэ нь ноос ноолуур, арьс ширний урамшуулал олгодог болсонтой ч холбоотой. Аялал жуулчлал, гар урлалын салбар жил болгон өссөн үзүүлэлттэй гардаг.

- Монголын ЖДҮ эрхлэгчдийн чадамжийн талаар та юу хэлэх вэ?

Манайхан ЖДҮ эрхлэхдээ олонхи тохиолдолд ямар ч зах зээлийн судалгаа хийдэггүй. Үүнийг хийвэл ашигтай байж магадгүй гэсэн сургаар бизнес эхлүүлдэг. Төслөө яаж ийж байгаад хөндлөнгийн хүнээр бичүүлээд зээл авдаг. Гэтэл зээл авсан ч тооцоогүй учир хүндрэл гарч эхэлдэг. Тэгээд удахгүй зорилгоосоо ухарч дампуурдаг. Саяхан

Япончууд 10 мянган хос эсгий табочк авъя гэтэл 10 мянгыг хийдэг газар олдоогүй.

ЖДҮ хөгжсөн орнуудад аливаа бизнесийг эхлүүлэхдээ гаргасан санаагаа тусгай зах зээлийн судалгаа хийдэг агентлагт танилцуулж зөвлөгөө авдаг. Түүнчлэн их, дээд сургуульд түшиглэсэн технологи нэвтрүүлдэг инкубатор төвүүд ажиллаж бизнес хийх хүмүүсийг дэмждэг.

Манай улсын хувьд таван инкубатор төвтэйгээс гурав нь хөдөө орон нутагт, нийслэлд хоёр байдаг. Цаашид эдгээр төвүүдийнхөө чадамжийг сайжруулах, аймагт бүрт нэг инкубатор төв байгуулах ажил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон.

- Манай ЖДҮ эрхлэгчид гадаадын зах зээлд гарах боломж байдаг уу?

Монгол улс Европын холбоотой хэлэлцээ байгуулсны дагуу Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Европын орнууд руу татваргүй гарах ёстой. Гэтэл бид энэ том давуу талаа ашиглаж чадахгүй байна. Ноолууран бүтээгдэхүүнээс өөр гарч байгаа юм алга. Ядаж машины жолооны хүрднийх нь ширэн бүрээсийг хийгээд өгчих хэрэгтэй. Манайд хамгийн тохиромжтой түүхий эд, материал нь байна. Гэвч бид Хятадын юмуу эсвэл Оросын хуучин технологи ашиглаж түүхий эд боловсруулдаг учраас Европт очоод чанарын шаардлага хангадаггүй.