С.Ганбаатар: Би Ц.Нямдоржоос ялгаатай нь хүн биш,асуудал ярьдаг улстөрч
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Оюутолгойг тойрсон асуудал дахиад л дэгдлээ. Монгол Улсад төлөх ёстой 130 сая ам.долларын татвараа төлөхгүй гэх яриаг та сонссон л байх. Танд энэ талын мэдээлэл байна уу?
-Энэ бол Монгол Улсын Сангийн яам болон эрх бүхий байгууллагуудаас баталгаатай, баримттай нотолсон зүйл. Өөрөөр хэлбэл, "Оюутолгой" компани 130 сая ам.долларын татвар төлөх ёстой гэдгийг манай татварын байгууллага нотлоод гаргаж тавьж байна.
Ийм байхад "Рио Тинто"- гийнхон "Татвар төлөхгүй, олон улсын арбитрт очно" гэж сүржигнэхээ зогсоох ёстой.
Үүний оронд Монгол Улсын хуулийг дагаж мөрдөнө гэсэн Оюутолгойн гэрээнийхээ заалтыг л биелүүлчих. Өөр тэднээс юу ч хүсэх билээ.
-Гэхдээ арбитрийн шүүхэд хандаад явах эрх тэдэнд байгаа биз дээ?
-Эхлээд нэг зүйл онцолъё. Хуулийн дагуу төлөх ёстой татвараа төлөхгүй монголчуудыг хуурч байгааг нь татварын байгууллага нотолчихоод байна. Энэ шүүхэд өгнө гэж байгаа нь увайгүй л үйлдэл. Яагаад гэвэл, тэднийг татвар төлөх ёстой гэж шийдвэр гаргасан төрийн байгууллагууддаа би итгэж байна. Бас маргаанаа Монголын хуулиар шийдүүлэх эрх тэдэнд байгаа шүү дээ.
-Татварын асуудал хөндөгдсөн нь далд уурхайн ТЭЗҮ хойшлох үндэслэл болох уу. Тиймэрхүү мэдэгдлийг хөрөнгө оруулагчид хийсэн гэх мэдээлэл байна.
-Тэд дандаа л ингэж шантаажилдаг. Ингэвэл тэд яах бол гэсэн айдаст бид- нийг оруулна гэж тооцсон байж мэдэх юм. Бид үнэхээр айдастай байна. Оюутолгой төслөөс Монголын ард түмэн олон ажлын байртай болно, төсөвт их мөнгө авна гэж найдаж, ядуурлаа байхгүй болгоно гэж итгэж гэрээ хийсэн.
Гэтэл эд биднийг зүгээр л айлгадаг, дарамталж, шахдаг компани болж хувирлаа. Уг нь ингэж дарамдлуулахгүйн тулд гэрээндээ энэ бүхнээ нарийвчилж зааж өгөөрэй гэж би гэрээ байгуулах үед маш их гуйсан ч миний үгийг хэн ч сонсоогүй.
Ер нь ч тэгээд далд уурхайн хөрөнгө оруулалт орж ирснээр бидэнд маш их хортой Яагаад гэвэл, манай 34-хувьд ногдохоор дахиад 1.2 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Энэ бол 1700 цэцэрлэг барих мөнгө шүү дээ. Монголын бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэхэд ердөө 800 цэцэрлэг л шаардлагатай. Ийм байхад бид дахиад 1700 цэцэрлэг хаях гэж байна.
-Гэхдээ далд уурхайн санхүүжилт хийгдэхгүй бол төсөл зогсоно биз дээ?
-Ер нь бол далд уурхайн хөрөнгө оруулалт нь өнөөдрийн батлагдсан байгаа 5.1 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалт дотор багтаж байгаа шүү дээ. Ил уурхайн хөрөнгө оруулалт нь 262 сая ам.доллар, далд уурхайнх нь нэг тэрбум 524 сая ам.доллар гэж байдаг юм.
Өөрөөр хэлбэл, анхны ТЭЗҮ-ээрээ далд уурхайн хөрөнгө оруулалтыг шийдчихчихсэн. Би үүнийг баталгаатай хэлнэ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг би цээжээрээ мэднэ. УИХ-ын гишүүдээс асуугаад үзээрэй, цөөхөн хүн л уншсан байгаа. Харин би өөр. Бүгдийг нь уншсан, цээжээр мэднэ.
-Одоо энэ анхны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар чинь хүртэл өсчихсөн биз дээ?
-Харин тийм. Энэ бүхнийг уг нь хөрөнгө оруулагчдаас асуух ёстой юм. Яагаад өсөв гэж. Өнгөрсөн хугацаанд уул уурхайн тоног төхөөрөмж зарим төрөл дээрээ дээд тал нь таван хувь л өссөн байгаа. Бараг зарим нь буурсан.
Чи гэрээ хийж байсан жилээс хойш "ландкруйзер" хэдээр өссөнийг хараарай. Бараг өсөөгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн л өссөн. Үүн шиг уул уурхайн тоног төхөөрөмжийн үнэ бараг нэмэгдээгүй. Дизель түлшний үнэ ч дэлхийн зах зээл дээр өсөөгүй. Маш бага хэлбэлзэлтэй байгаа.
Энэ бүх баримтыг яагаад тэднээс асуудаггүй юм бэ. Гэтэл одоо тэд дахиад далд уурхайн хөрөнгө оруулалт гэж дөрвөн тэрбум ам.доллар хүсч байна. Үүний 34 хувь нь 1.2 тэрбум ам.доллар. Өмнөх 5.1 тэрбум ам.долларын 34 хувь нь 1.4 тэрбум ам.доллар байсан шүү дээ.
Нэмээд бодоод үзээрэй. Нэг ёсондоо бид хэзээ ч ашиг авахгүйгээр өрөө төлсөөр байх болно. Яагаад гэвэл, зөвхөн сүүлд нэмэх гээд байгаа 1.2 тэрбум ам.доллар гэдэг л маш их мөнгө. Саяхан 1.5 тэрбум ам.долларын бонд авчихаад бөөн баяр болсон улс шүү дээ.
-Засгийн газар бол далд уурхайг ашиглая гээд "Рио Тинто" руу захидал. хүртэл бичсэн шүү дээ?
-Энэ УИХ дээр үндэстэн дамнасан том корпорацын төлөөлөл нь олонхи болчихоод байна. Бид асуудал ярьдаг, тэд гоочилдог. Бодит байдал иймлбайна. Миний санал бол 5.1 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалт хангалттай гэж зааж байсан тэр үеийн ТЭЗҮ- ийг боловсруулсан хүмүүстэй хариуцлага тооцох ёстой.
Учир нь, монголчуудыг хуурсан байна шүү дээ. Хоёрт, далд уурхайн хөрөнгө оруулалт үнэхээр хэрэгтэй юм бол ил уурхай ашиглаад баяжмал гаргасан байгаа биз дээ. Тэр ашгаасаа хөрөнгө гаргая. Энэ бол миний хүсэл. Улстөрчид үүнийг ойлгох ёстой. Тэдэнд ойлгуулж чадахгүй байгаадаа би өөртөө ч бухимддаг.
-УИХ дээр "Өглөөний цай клуб" гэж байгуулсан юм байна лээ шүү дээ. Энд багтаж байгаа гишүүд байр сууриа нэгтгэсэн үү.
-Бидний байр суурь нэг талдаа гарсан. Би тэгж итгэдэг.
-Тэгвэл ямар нэг шийдэлтэйгээр асуудалд хандах төлөвлөгөө байна уу. Эсвэл ганц, нэгээрээ Ерөнхийлөгч болох гэж байгаа юм шиг популизм хийсээр байх уу. Тэгж зарим гишүүн хэлсэн байна лээ?
-Ц.Нямдорж гуай намайг Ерөнхийлөгч болох гэж сэрүүн зүүдэлж байгаа гэж хэлсэн байна лээ. Тэр хүний насыг нь би хүндэлнэ ээ. 'Тэр хүн бол ахмад улстөрч. Өнөөгийн нийгмийн хэцүү байгаад өнгөрсөн 24 жил төрд байсан ахмад улстөрчид хариуцлага хүлээх ёстой. Ялангуяа Хууль зүйн сайд байсан хүнд энэ хамааралтай.
Би Ц.Нямдоржоос ялгаатай. Яагаад гэвэл, тэр дандаа хүн ярьж, хүний тухай ярьж улс төр хийдэг. Хүнийг гайхамшиггайгаар муулж, гоочилж чаддаг. Миний хувьд хүн биш, асуудал ярьдаг. Асуудал ярихдаа гаргалгаатай ярьдаг. Энэ нь ч Монголын ард түмэнд таалагддаг. Би тэгж ч итгэдэг. Эцэст нь, хэлэхэд би хүн ярьдаггүй, асуудал ярьдаг улстөрч хэвээрээ байя. Тиймээс энэ сэдвийг ингээд зогсооё.
-УИХ энэ долоо хоногтоо завсарлах чигтэй байна. Нэлээд маргаан дагуулж буй Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг өөрчилнө гэсэн хүлээлт байна. Энэ дээр өглөө уулздаг 10- аад гишүүн ямар байр суурьтай байгаа вэ?
-Өглөө уулздаг 10-аад гишүүн маш их эв нэгдэлтэй, хоорондоо уялдаатай ажиллаж зайгаа. Төмөр зам, Ашигт малтмалын тухай хууль дээр хатуу байр суурьтай байгаа. Ард түмнийхээ талд бид зогсоно. Өөрөөр хэлбэл, цөөнх болсон бүлэглэл, үндэстэн дамнасан корпорацуудын төлөөлөгчдийн эсрэг байгаа гэсэн үг.
Миний хувьд улс оронд өнөөдөр мөнгө хэрэгтэй байж болох ч ирээдүйн эрх ашиг, тусгаар тогтнолоо илүүд үзнэ. Тиймээс өргөн царигийг дэмжинэ. Манай нөхдүүд ч ойрын үед байр сууриа нэгтгэнэ.
-Ашигт малтмалын тухай хуулийн тухайд...?
-Үнээгүй үнэлэхгүй, бидний үнээн дээр хүрч ирж байгаа саальчин, бидон хоёрыг 100 хувь гэж үнэлж, тэндээсээ хувьцаа худалдаж авах тухай арчаагүй хуулийг дэмжихгүй. Чоно борооноор гэдэг шиг наадмын үеэр заавал ийм хууль оруулж гулгуулах гэж байгааг би эсэргүүцнэ. Үүнийгээ болиоч гэдгийг энэ бүлэглэлийн төлөөлөгч нараас хичээнгүйлэн хүсье.
-Бүлэглэлийн төлөөлөгч гэж хэн бэ. Та УИХ-ын даргыг Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотой юу?
-Бизнесийн хамгийн томоохон бүлэглэлүүд УИХ-д намын жагсаалтаар төлөөлөгчдөө оруулсан. Тэгэхээр хэн гэдэг нь тодорхой ойлгогдох байх. УИХ-ын даргын тухайд бидний гишүүд Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаа хангалтгүй хийж байгаа талаар УИХ дээр ярих санал гаргасан.
Гэвч УИХ-ын дарга З.Энхболд "Үүнийг чи мэддэггүй, би мэддэг юм" гэж хэлсэн. Энэ хүн ингэж Үндсэн хуулиар олгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна. Тиймээс би Цэцэд хандана гэж шийдсэн. Гэхдээ түүнд тав хоногийн хугацаанд алдаагаа засах боломж өгч байгаа юм. Тав хоногт тодорхой шийдэл гаргахгүй бол Цэцэд өгнө.
-Та бие даагч гишүүдийг төлөөлж УИХ- ын даргын дэргэдэх зөвлөлд ордог. Түүн дээрээ энэ асуудлаа ярьж болдоггүй юм уу?
-Ярьдаг. Гэвч хүлээж авдаггүй. З.Энхболдын хэлснийг яг үгээр нь хэлье. "Үүнийг чи мэддэггүй, би мэддэг юм" л гэсэн.
-Тийм юм бол заавал тав хоног хүлээх шаардлага байгаа юм уу?
-Надад төрөө хүндлэх, тэр хүний албан тушаалыг хүндлэх сэтгэл бий.
-Тав хоногийн дараа чуулган завсарлачихна шүү дээ?
-УИХ-ын даргын үйл ажиллагаа чуулганы завсарлагаанаар ч үргэлжилдэг. Энэ нь чуулгантай ямар ч холбоогүй.
-Бусад гишүүн чинь дэмжиж байгаа юм уу?
-Бие даагч гурван гишүүн байр суурь нэгтэй байгаа.
-Ер нь бие даагчид нэг завин дээр сууж чадаж байна уу. Харахад, нөгөө хоёр чинь Газрын тосны тухай хууль гээд л, та болохоор арай өөр асуудлууд яриад л...?
-Хамтдаа, нэг завинд байгаа. Таны асуусан бол бид асуудлаа хувааж авдаг юм. Газрын тосны тухай хуулиа Х.Болорчулуун гишүүн дааж авдаг. Монголбанк, үнийн хөөрөгдөл, ханшын бодлого зэргийг би хариуцаж байгаа юм. Ц.Даваасүрэн гишүүн болохоор Эрүүл мэндийн даатгалын хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль зэргийг хариуцдаг. Бид ингэж хувааж авч ажилладаг.
-Харахад та л гал руу орчихоод байх шиг...?
-Тэгж харагдаж магадгүй. Ер нь бол гурвуулаа хамтдаа байгаа. Ямар ч байсан бидний хэн ч гал руу ороход бэлэн байх ёстой. Учир нь, Монголын ард түмэн олигархиудын, бүлэглэлүүдийн эсрэг гал руу ороорой гэж бидэнд УИХ-ын гишүүн гэдэг тусгай статус өгсөн. Түүнээс УИХ-ын гишүүн гэдэг зөөлөн хивсэн дээр явдаг эрх ямба биш.
-Тэгвэл Монгол банкны ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцүүлэхийг шаардаж байгаа юм чинь зоосны нөгөө тал болох Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах дээр ямар байр суурьтай байгаавэ?
-Бие даагчид Н.Батбаяр сайдыг огцруулах кнопыг шууд дарна.