7 сарын 1 үйл явдалд дүн шинжилгээ хийнэ
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдалд дүн шинжилгээ хийхээр ажлын хэсэг байгуу лагджээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн, З.Энхболд нар багтсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 2008 илтгэлийн нэгдүгээр бүлгийг хэлэлцэхтэй холбогдуулж дээрх ажлын хэсгийг байгуулжээ.
Энэхүү ажлын хэсэг нь өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд үүссэн нөхцөл байдлын улмаас хууль бусаар хоригдсон, эрүү шүүлт тулгасан,хүчний байгууллагын зүгээс тухайн иргэнд хүнлэг бус хандсан, хууль бусаар цагдан хоригдсоны улмаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд дүн шинжилгээ хийх ажээ. Үүний дагуу иргэдээс гомдол тайлбар авч, тодруулан дээрх хэрэгт дүн шинжилгээ хийхийг зорьж буй аж. Гэхдээ иргэдээс авах гомдол, тайлбар нь шүүхээр хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн байхыг ёстой гэлээ. Ингэхгүй бол шүүхээс өмнөх шатанд байгаа хэрэгтэй холбоотойгоор иргэдийн гомдол, тайлбарыг авах нь шүүх байгууллагын эрхэд халдсан үйлдэл болох юм.
Ажлын хэсгийнхэн ирэх сарын 1-нээс наймдугаар сарын 14-н хүртэл шинжээчид болон олон олон нийтийн байгууллага, бусад холбогдох газруудтай хамтарч ажиллана, иргэдээс ирсэн санал, гомдолд боловсруулалт хийж ажээ. Үүний дараагаар ирэх есдүгээр сарын 15 хүртэл УИХ-ын Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл ажил буюу баримт бичгийн боловсруулалт дээр ажиллаж, 9 сарын сүүлээр долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбоо бүхий гэрч, шинжээчдийг оролцуулан олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг, хурал явуулахаар төлөвлөж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын тайлбарласнаар Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсэг нь хүний эрх зөрчигдсөн эсэхэд дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг хүчний байгууллага яагаад зогсоож чадсангүй вэ гэдэгт дүгнэлт өгнө гэж тайлбарлав. Мөн энэ хэрэг явдлыг улстөржүүлэхгүй байх тал дээр улстөрийн намууд нэгдсэн ойлголцолд хүрсэн гэсэн нэмэлт ч дагуулсан юм
Иргэн танд Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэнд долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор дээр дурдсан хууль бус үйлдлүүдийн талаар тодорхой баримт байгаа бол 262569, 263526 дугаарын утсаар холбогдож мэдээлэл өгч болно. Захидал бичсэн тохиолдолд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсаны ажлын хэсэгт гэж хаяглан илгээх боломжтой юм байна.