2009.06.20

Д.Ганхуяг: Иргэн бүрт хувьцаа түгээх аргаар "Эрдэнийн хувь" олгоно

-БУСДАД ХУДАЛДАХ НӨХЦӨЛГҮЙГЭЭР ХУВЬЦАА ТҮГЭЭЖ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУДЫГ ЭЗЭМШИХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ЯВЖ БАЙНА-

УИХ-ын гишүүд "Эрдэнийн хувь" дээр ажиллаж байна. Эдгээр гишүүдийн нэг болох Д.Ганхуяг гишүүнтэй өргөн барьсан хуулийн төслийнх нь, талаар ярилцсан юм.

-Та бүхэн "Эрдэнийн хувь"-ийн Баянмонгол корпорацийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. "Эрдэнийн хувь", "Эх орны хишиг" хоёрт ялгаа бий юу?

-Өнгөрсөн пүрэв гаригийн. өглөө 6 цагт УИХ-ын дарга хуулийн төслөө өргөн барилаа. Балжинням, Дашням давхацсан шинэ ерөнхийлөгч тангараг өргөх өдөр байлаа. Үүсвэр нь бол адилхан ашигт малтмал. Тухайлбал, стратегийн ордуудын нөөц. Монголын тал энэ стратегийн ордуудад эзэмших хувиа нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр зохион байгуулъя. Энэ компанийнхаа нэрийг Баянмонгол корпораци гэж нэрлэе. Энэ корпорацийнхаа хувьцаанаас 2.7 сая иргэндээ, иргэн бүрт нэг сая төгрөгийн хувьцааг эзэмшүүлье. Энийгээ үнэт цаасаар баталгаажуулъя. Энэ зорилт нь 2008 оны УИХ-ын сонгуулийн АН- ын мөрийн хөтөлбөрийн амлалт байсан. Энэ нь Үндсэн хуулийн заалттай яв цав нийлж байгаа юм. Нөгөө талаас "Эх орны хишиг"-ийн 1.5 сая төгрөгийг төрөөс нэг удаа олгоно гэж ойлгож байгаа. Тодруулбал, төр стратегийн ордуудын орлогоос авсан татвараасаа энэ мөнгийг иргэддээ хуваарилах байх. Эрдэнийн хувийн тухайд үүнээс арай өөр юм. Энэ хувьцаа бол лав стратегийн ордуудыг ашиглаж дуустал цаашилбал "Баянмонгол корпораци"-ийг оршиж байгаа тохиолдолд найдвартай байна гэсэн үг юм. Ордууд ашиглагдаж эхэлсэн үед, энэ сая төгрөгийн ногдол ашиг зарим жилд 1000 ам.долларт хүрэхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс эрдэнийн хувийн "Баянмонгол корпораци"-ийн нэг сая төгрөгийн хувьцааны эрхийн бичгийг төр өнөөдөр ч гэсэн 2.7 сая иргэндээ гаргаад өгчих боломжтой. Тэгвэл иргэд маань энэ хувьцаа-ныхаа ногдол ашгийг барьцаалаад эргэлтэд оруулах боломж гарна. Харин хуулийн төслөөр энэ хувьцааг бусдад худалдахыг хааж өгсөн байгаа. Эрдэнийн хувь энэ утгаараа манай иргэдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх давуу талтай.
Зүгээр нэг жишээ хэлэхэд манай хөрөнгө оруулагч Айвенхоу гэхэд л Оюу толгойд эрэл, хайгуул хий-хэд 400 орчим сая ам.долларт зарцуулж Ашиглалтын лиценз аваад энэ дээрээ тулгуурлаж хувьцаа гаргаж дөрөв орчим ч билүү тэрбум ам.доллар босгож чадсан. Арав дахин илүү хөрөнгийг босгож чадсан байна шүү дээ. Тиймээс Монголын "Баянмонгол корпораци" энэ компаниас дутахааргүй ажиллах шаардлагатай. Цаашилбал "Рио Тинто", "ВНР billiton"-ний түвшинд хүрэх боломж ч бий. Дээр нь зөвхөн Оюутолгой, Таван толгойн татвар төлөхийн өмнөх ашгийг өнөөгийн ханшаар тооцоход ойролцоогоор 150-иас доошгүй тэрбум, ам.доллар байгаа. Монголын талд доод тал нь 50-иас доошгүй хувь буюу 75 орчим тэрбум ам.доллар ногдоно гэж бодъё л доо. "Эрдэнийн хувь", "Эх орны хишиг" нийлээд 6.75 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ нь уг хөрөнгийн дөнгөж долоон хувь болон байх. Үүнээс гадна цаана нь 15 стратегийн орд бий. Коксжих нүүрсээ кокс болгон боловсруулж гаргавал ашиг нь дахин нэмэгдэх жишээтэй.
"Эрдэнийн хувь"-ийн өөр нэг ололт нь жинхэнэ эзэн, иргэдийн хяналттай ил, тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх боломжийг нээж байгаагаараа онцлогтой.

-Ил, тод хариуцлагатай уул уурхай гэдэг чинь иргэд уг ордод хувь эзэмшсэнээр хэрэгждэг юмуу?

-Тийм. Ер нь энэ зуунд transparency" буюу "төрийн үйл ажиллагааны ил, тод байдал" ихэд яригдах болсон. Энэ нь шаардлагагүй зүйлд төр аль болох бага оролцох, хамгийн сүүлд оролцох. Нөгөө талаас төр хувийн хэвшлийн харилцан түншлэл. Тодруулбал бизнесийн үйл ажиллагаанд зайлшгүй төр оролцох шаардлагатай бол иргэд, хувийн хэвшилтэйгээ хамтарч оролц, хамтарч ажилла тэгвэл хяналт сайжирч, үр ашиг нь нэмэгддэг гэдэг нь нотлогдсонтой холбоотой. Ашигт малтмал ихтэй мөртлөөсөө хөгжиж чадаагүй орнууд байсаар байгааг бид мэдэж байгаа. Энэ нь төрийн нэр барьсан хэдхэн албан тушаалтан гадныхантай нийлээд цөлмөөд дууссантай холбоотой болов уу.Манай улсад ч ийм байдал газар авч, дараагийн шатандаа ороход бэлэн болсон байж магадгүй. Тухайлбал Эрдэнэт үйлдвэр маань бидэнд ашиг, буянаа өгсөөр ирсэн. Гэхдээ энд асуудал байгаа нь тодорхой. Тухайлбал 10-20 жилийн сэлбэг материал шахсан, бүтээгдэхүүн борлуулах гэрээний нөхцөл нь Монгол Улсад тааламжгүй гэх зэргээр 10-аад жил ярьж байна. Гэхдээ төр хувь эзэмшиж байгаа учраас яаж ч чадахгүй байсаар байна.

-Өнөөгийн байдлаар Монголд ил, тод хариуцлагатай уул уурхай хөгжиж байна уу?

Энэ бол өрөөсгөл. Стратегийн болон Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийсэн ордууддаа нийт иргэддээ хувь эзэмшүүлээд, бусад хувиа нээлттэй хязгаарлагдмал уралдаант шалгаруулалтын аргаар хувийн хэвшилд ашиглуулж, төр татвараа найдвартай тооцож авах, хүний эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчноо нөхөн сэргээлгэх зэрэг үндсэн ажлаа сайн хийх нь зүйтэй юм. Иймд стратегийн ордуудад нийт иргэд хувьцаа эзэмшсэнээр энэ салбарын ашиг орлогод, байгаль орчинд тавих хяналт улам сайжирна. Иймээс "Эрдэнийн хувь" бол ил, тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх гол түлхүүр болох нь дамжиггүй. "Эрдэнийн хувь" ч бай, "Эх орны хишиг" ч бай эзэн нь иргэд. Энэ хоёрыг хоёуланг нь өгөх ёстой. Ирээдүй талаасаа бол "Эрдэнийн хувь" нь илүү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.