Орон сууц олгох асуудлыг тусгай журмаар зохицуулахыг үүрэг болгов
НББСШУ-ны Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Биеийн тамир спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдээс гаргасан саналын дагуу Олимпийн болон дэлхийн аварга болсон тамирчинд орон сууц олгох асуудлыг тусгай журмаар зохицуулалт хийхийг Засгийн газарт Байнгын хорооны хурлаас протоколоор үүрэг болголоо.
Хуулийн төсөлд “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах болон үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам батлах” асуудлаархи зарчмын зөрүүтэй саналын томьёолол гишүүдийн зуун хувийн саналаар дэмжигдэв.
Байнгын хорооны дарга Д.Оюунхорол амжилт гаргасан тамирчдад байр орон сууц олгож байгаа их спортод ээлтэй олон иргэд, аж ахуй нэгжүүдийг тусламж үзүүлсэн хэмжээгээр нь татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа. УИХ-ын гишүүн З.Алтай татвар төлөгчдийн мөнгөөр бэлтгэл хийж Монгол улсын нэрийн өмнөөс тэмцээнд орж буй тамирчид ёс зүйтэй байж ард түмний хайр хүндэтгэлийг хүлээх нь зүйтэй гэх мэт саналуудыг хэллээ.
Төслийг хэлэлцүүлэх явцад гишүүд төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогыг цогцоор нь тодорхойлох, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, ялангуяа зургаан настай хүүхдүүдийн биеийн тамирын хичээлийн асуудал, их дээд сургуулиудыг биеийн тамир, спортын заалтай болгож биеийн тамирын хичээл оруулах журам гаргах, тамирчдын ёс зүй зэрэг олон асуудлаар гишүүд санал хэлж байсан юм.