Н.Алгаа: Хайгуулын лиценз авах хүсэлтэй 300 гаруй компани гаргаад байгаа
Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Н.Алгаа
2014.10.23

Н.Алгаа: Хайгуулын лиценз авах хүсэлтэй 300 гаруй компани гаргаад байгаа

Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Уул уурхайн салбар зогсонги байдалд орлоо. Шийдвэл зохих олон асуудал бий гэдэг. Тэгвэл тус салбарт шийдвэл зохих ямар ямар асуудал одоо байна вэ?

Хүлээж байсан асууддуудаас бодлогын баримт бичиг нь гарлаа. Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Одоо шийдээгүй нэг хууль бий. Энэ нь хүмүүсийн урт нэртэй гэж ярьж заншсан хууль. Уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл нь УИХ-д өргөн баригдаад нэг жил болж байна. Мөн төмөр замын царигийн асуудал бий.

Бас ашигт малтмалын жишиг үнэ тогтоож татвар авч буйг цэгцлэх ёстой. Хэдийгээр Ашигт малтмалын тухай хууль батлагдлаа ч хайгуулын лиценз шинээр олгох асуудаг удаан байна. Өнгөрсөн сараас лиценз олгоно гэж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Хайгуулын лиценз олгоно гэж зарласнаас хойш 300 гаруй компани хүсэлт гаргаж тэмдэгтийн хураамжид тус бүр 250 мянган төгрөг төлсөн.

Одоо хайгуулын лиценз хэзээ олгохыг л хүлээж сууна. Дээр нь 24 лиценз эзэмшигчид өөрсдийгөө хохирогч гэж  үзээд шүүх, цагдаа, хуулийн байгууллагад хандсан. Мөн 34 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан 106 лицензийн асуудал бий.

-Тэр 106 лицензийг сонгон шалгаруулалт эхэлсэн гэж байгаа. Гэтэл яагаад ингэж ажил нь хойшлоод байна вэ?

Засгийн газраас тогтоол гаргаад сонгон шалгаруулалтаар олгох болсон. Өнөөдрийн байдлаар дөрвөн лиценз олгосон мэдээлэл байгаа. Тухайн лицензийн талбайд оруулсан хөрөнгийн хэмжээгээр босго тогтоох ёстой.

Иймд төрийн байгууллага, хувийн хэвшил хоёрын хандлага, хөрөнгө оруулалтын тооцоо нь зөрөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хайгуулын ажлын зарцуулсан хөрөнгийг тооцоод бусад зардлыг нь орхисон. Иймд үнийг шийдэж чадаагүй тул ажил нь хойшлоод байна. Одоогоор 14 лицензийн босго үнийг тогтоогоод байна.

-Ирэх жил уул уурхайн салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх к тооцоо байна вэ?

Хайгуулын лиценз олгоод эхэлбэл тэмдэгтийн хураамж, лицензийн талбайн төлбөр гээд мөнгө орж эхэлнэ. Тэгээд уул  уурхайн төслийн хэмжээнд хэдий хэрийн хөрөнгө оруулалт орж ирэх нь цаг хугацаанаас хамаарна.

Өргөс авахтай адил хууль гарангуут хөрөнгө оруулалт ороод ирэхгүй. Хамгийн гол нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэх ёстой. Засгийн газар баталсан бодлогоо зөв, шуурхай хэрэгжүүлж тогтвортой байх нь чухал.