2014.09.16

Д.Ганхуяг: Эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой байхаар бүрдүүлсэн

ХТЗ- ийг зөвшөөрлийг солбилцлоор олгосноор Монгол улсын эрдэс баялгын албан ёсны нөөц нэмэгдэж, улсын эдийн засгийн чадавхи, дархлаа сайжирна. Мөн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

Нийт газар нутгийн 19.88 хувьд, үүнээс 13.39 хувийг өргөдлөөр, 6.49 хувийг сонгон шалгаруулалтаар олгоно. Хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтын 6.49 хувийн талбай нь улсын төсвийн  хөрөнгөөр хийсэн геологийн хайгуулын талбай, мөн ХТЗ-г буцаасан талбайгаас бүрддэг.

Солбилцлоор олгож байгаа нь өмнөх шигээ замбараагүй олгохгүй, түүнчлэн ашигт малтмал эрэх, хайх, олоборлох, ашиглах үйл ажиллагаа нь  шинжлэх ухааны үндэслэлтэй бүрэн хяналттай болсныг харуулж байгаа юм.

Түүнчлэн “Эрх зүйн орчинг урт хугацаанд тогтвортой байхаар бүрдүүлсэн. Мэдээж үүнд зохих ёсны бэлтгэл хангагдсан” гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэллээ.

ХТЗ-ийг солбицлоор олгохдоо ил тод байдлыг иж бүрэн бүрдүүлж, өргөдлийн дугаарыг мэдээлэлийн технологийг ашиглаж онлайнаар авах боломжийг бүрдүүлсэн.

Эрх зүйн орчин:

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн төрөөс тогтоосон нутаг дэвсгэрт олгодог болгох чиглэлээр эрхзүйн орчин бүрдүүлнэ” гэж заасны дагуу Засгийн газраас өргөн барьсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, мөн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулиудыг УИХ-ын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн чуулганаараа тус тус баталсан билээ.

Нийт газар нутгийн 19.88 хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх заалтад “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэж тусгасан.

Ингэснээр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг солбилзлоор олгож эхлэх эрхзүйн боломж нээгдэж, улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтоцыг үе шаттайгаар судлан, эрдэс баялгийн сан хөмрөгийг баяжуулах, эдийн засгийн чадавхи, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх боломж бүрдэнэ.