Б.Эрдэнэчимэг: Гар урлаачид тухайн орон нутгийн онцлогийг зах зээлд товойлгох хэрэгтэй
Аялал жуулчлалын үндэсний төвийн захирал Б.Эрдэнэчимэг
2014.12.02

Б.Эрдэнэчимэг: Гар урлаачид тухайн орон нутгийн онцлогийг зах зээлд товойлгох хэрэгтэй

Аялал жуулчлалын үндэсний төвийн захирал Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

- Урлаачид голдуу тус тусдаа бүтээлээ хийгээд л явдаг. Гэхдээ үнэ цэнэтэй бүтээлээ зах зээлийн зарчмаар олонд хүргэх, сурталчлах тал дээр дутмаг байдаг. Үүнийг шийдэх ямар арга зам байж болох вэ?

Бүтээлээ амжилттай борлуулъя гэвэл хамгийн түрүүнд мэргэжлийн байгууллагатай хамтрах хэрэгтэй. Тухайлбал зураачдын бүтээлийг борлуулдаг “Арт галерей” зэрэг мэргэжлийн байгууллагууд бий. Тэд хэний зургийг ямар хүнд зарж болох вэ гэдгийг сайн мэддэг. Хоёрдугаарт Монголын гар урлалыг дэлхийд сурталчлах гэдэг утгаараа олон улсын үзэсгэлэнд олонтаа оролцох, болж өгвөл зохион байгуулж байх хэрэгтэй. Гэхдээ ийм ажлыг хувь урлаач хийхэд мэдээж хүндрэлтэй. Тэгэхээр энэ ажлыг бодлогын түвшинд хийх хэрэгтэй гэж бодож байна. Гуравдугаарт үндэсний гар урлалын хосгүй чанарыг хүүхдүүдэд сургуульд байхаас нь эхлээд таниулж байх хэрэгтэй. Ингэвэл ирээдүйд гар урлалын бүтээлийг үнэлж чаддаг, худалдаж авдаг хэрэглэгчид бий болно.

- Түүнээс гадна урлаачид маань зөвхөн ганцаараа бүх ажлаа хийх гээд байдаг. Тухайлбал санхүү, сурталчилгаа гэх мэтийн ажлаа амжуулах хооронд урландаа ажиллах цаг нь багасдаг. Тэгэхээр таны бодлоор урлаачид маань менежментийн хувьд ажлаа яаж зохион байгуулвал дээр вэ?

Ер нь манай монголчууд аль ч салбарт байсан багаар ажиллах дургүй. Тэгэхээр өөрийн чинь хэлснээр урлаач хүн зөвхөн урландаа гол цагаа зарцуулж, харин зарж борлуулах, сурталчлах ажлыг өөр хүмүүст даатгах хэрэгтэй. Миний хийсэн юмыг үнэтэй зарчихлаа гэж бодохын хэрэггүй.

- Урлаач хүн аялал жуулчлалынхантай ямар зарчмаар хамтарч ажиллавал дээр вэ?

Монголд гадны жуулчид ирээд хаана ч очсон зарж борлуулж буй зүйлс нь ихэвчлэн нэг хэвийн. Хаана ч очсон эсгий шаахай зарж байх жишээтэй. Тэгэхээр үүн дээр анхаарах гол зүйл бол тухайн орон нутгийн онцлогийг харуулах. Тухайлбал говьд очсон жуулчин зөвхөн тэмээний ноосоор хийсэн төрөл бүрийн, гэхдээ чанартай бүтээгдэхүүнийг авдаг байх хэрэгтэй. Говийнхон өөр хаана ч байхгүй тэмээний ноосон бүтээгдэхүүн хийж чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл тэмээтэй холбоотой бүх зүйл Говьд л байж байх хэрэгтэй. Гэтэл бид ашигтай байна гээд бүгд нэг нэгнээ дуурайгаад эхлэхээр ашиг нь буурдаг.