Д.Гэрэлмаа: Хэрэглэгчээс зөвхөн мөнгө авахыг бизнес гэхгүй
СЭЗДС-ийн профессор багш Д.Гэрэлмаатай ярилцлаа.
-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд яг одоо юу хэрэгтэй байна. Ер нь жижиг дунд үйлдвэрлэлийн салбар ямар байх хэрэгтэй вэ ?
Ер нь жижиг, дунд хоёрыг салгаж ойлгох нь зүйтэй. Яагаад гэвэл менежментийн тавилт, байгууллагын онцлог, үйлдвэрлэлийн хувьд жижиг болон дунд үйлдвэрлэлийн хувьд хоорондоо маш өөр. Нөгөө талаараа үйлдвэрлэл үү, үйлчилгээ юу гэдгээр нь салгах хэрэгтэй. Жижиг үйлдвэрлэгчдийн хувьд бусдаас илүү чаддаг зүйлээ давуу байдал болгоод ашигласан байдаг.
Үүн дээрээ тулгуурлаад бусдад хэрэгтэй, борлогдох боломжтой, шингээсэн үнэ цэнийг нь худалдан авагч ойлгосон тохиолдолд жижиг бизнесийн хувьд оршин тогтнодог.
Харин дунд бизнесийн хувьд тогтсон хэрэглэгчийн хүрээнд бодит бараа бүтээгдэхүүн үйлчилгээ буюу тодорхой хэмжээнд танигдсан, түүнийхээ дагуу эрэлт нь нэмэгдсэн, эрэлтээ хангахын тулд зохион байгуулалтын хувьд бүтэцлэгдсэн байх хэрэгтэй байдаг.
-Тэгвэл үүнийг жаахан задлаад үзвэл жижиг бизнесийн орчин манайд ямар байна вэ ?
Тэдгээр хүмүүсийн өөрсдийн санаачилга дээр тулгуурлаад жижигхэн оройн зайд эргэлдэх боломж нь байгаа учраас үүнийгээ дагаад бизнесээ ойлгох, мөн чанараа таних, түүнээс үүдээд зөвхөн өөрийн боломжоор явах уу гэдгийг мэдэх нь чухал. Яг үнэндээ жижгээс дунд руу ороод дундаас том руу орсон зүй тогтол тэр болгон харагддагүй.
Харин тухайн бизнесийг санаачилсан хүний овсгоо, самбаа, мэдлэг бүр цаашилбал мэдрэмжийн асуудал ч яригддаг. Яг одоо манайд жижиг бизнес эрхлэгчдийн хувьд юу хийж байгаагаа ойлгоогүй байдаг. Зүгээр бизнес хийнэ гэсэн л хүмүүс байдаг. Гэхдээ эдгээр талууд нь байлаа гэж бодоход тухайн жижиг бизнесийг дэмжих дэд бүтэц тааруухан.
Мэдээж дүүрэг болгонд Инкубатор төвүүд байдаг ч тухайн газрууд зөвхөн жижиг дунд үйлдвэрлэгч нарт байр саваар хангаж, тогтмол зардлыг бууруулах, технологийг нь хямдхан олгох зэрэг боломжуудаар хангадаг. Ер нь аль аль талдаа хөгжих хэрэгтэй. Бизнес эрхэлж байгаа хувь хүн, нөгөө талдаа үүнийг нь дэмжсэн систем байвал хөгжихөд нилээд тустай.
-Мэдээж жижиг бизнес эрхлэгчийн хувьд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх тал дээр учир дутагдалтай. Зарим нь зүгээр нэг захиалга хүлээж байдаг, нөгөө нэг нь зарагдвал тэр биз гээд сууж байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх боломж бий юу ?
Яг үүн дээр зах зээл рүү чиглэсэн мэдээллийн хүртээмжийн асуудал яригдаж эхлэнэ. Гэхдээ эдгээр жижиг бизнес эрхлэгчдийн хувьд бүтээгдэхүүнээ хэнд хийж байгаагаа юун түрүүнд бодож байх хэрэгтэй. Үүнийг л ойлгох хэрэгтэй.
Үнэхээр тухайн хүнд ур чадвар, өвөрмөц арга, технологи, орон зай гээд бүх эх үүсвэр нь байгаа ч тоо ширхэгийн төлөө бүтээгээд байдаг. Гэтэл дээрээс нь борлогдох хэрэгтэй. Тэгж байж санхүүгийн үүсвэрээ баталгаажуулна. Түүнээс гадна эргэлт нь сайжирч байж эрэлт нь ихсэх ёстой. Өөрөөр хэлбэл зах зээлээ мэдрэх талаар нилээд зогсонги байдалтай байна.
-Тэгвэл жижиг гар урлаачдын хувьд үнэхээр юу хийх хэрэгтэй вэ ?
Үнэхээр тухайн хүнд ур чадвар, өвөрмөц арга, технологи, орон зай гээд бүх эх үүсвэр нь байгаа ч тоо ширхэгийн төлөө бүтээгээд байдаг.
Миний боддог нэг л зүйл байдаг. Та үнэхээр тухайн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд өөрийн амьдралаа залгуулаад, цаашдаа үүгээрээ өөрийн бизнесээ хөгжүүлэх талаар бодож байвал хамгийн түрүүнд зах зээлээ судлах хэрэгтэй. Ингэхийн тулд таны бүтээгдэхүүнийг хэн авах вэ, тухайн худалдан авагч хаана байх вэ, хэрвээ хаа нэгтээ байгаа бол тэр хүнд та өөрийн бүтээгдэхүүний мэдээллийг хэрхэн хүргэх вэ гэдгийг юун түрүүнд судлах нь зүйтэй.
Магадгүй олон жил болсон хүний хувьд амаас ам дамжсан мэдээллийн сүлжээгээр дамжуулж захиалга авч байдаг. Эдгээр хүний хувьд бусдыгаа бодвол харилцааны чадвар арай илүү, бусдад өөрийгөө ойлгуулж чадаж байгаа хүний бүтээгдэхүүн зарагдаж байгаа зүйл их ажиглагддаг.
-Өөрөөр хэлбэл таны хувьд үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрын хооронд эргэх холбоо үүсгэх хэрэгтэй гэж хэлж байна уу ?
Гэхдээ энэ нь тодорхой тооны хязгаартай. Жижиг бизнес хэрэглэгчийн хувьд 80-аас дээш байнгын хэрэглэгчтэй болчихвол түүнийгээ хянах боломжгүй болчихдог. Гэхдээ эхлээд байнгын 80 хэрэглэгчтэй болохын тулд бүтээгдэхүүнийг тань худалдан авсан хэрэглэгчтэйгээ эргэж холбогдоод миний бүтээл танд таалагдсан уу, юуг нь илүү сайжруулах хэрэгтэй гэж бодож байна гэх зэргээр хэрэглэгчтэйгээ харилцаа үүсгэх нь чухал.
Ингэж байнгын хэрэглэгчтэй болсноор таны худалдан авалт өснө. Харин энэ амжилттай болоод 80-аас дээш болчихвол тухайн хүний хяналтаас гарч эхлэнэ.
Энэ үед жижиг бизнес эрхлэгчийн хувьд нэмэлт ажиллах хүч зайлшгүй хэрэгтэй болдог. Тэр хүн таны бүтээлийг авсан хэрэглэгчтэй харилцаа тогтоож, өөр шинэ хэрэглэгчийг хайж эрэлтээ ихэсгэхэд туслах юм. Мэдээж ярихад энгийн юм шиг боловч нөгөө нэг менежмент, маркетинг гэдэг нь байгаа юм.
-Хэрвээ таны хэлж байгаа судалгааг тухайн жижиг бизнес эрхлэгч хийнэ гэвэл жаахан хүндрэлтэй биш үү ?
Миний хувьд түлхүү бизнес эрхлэгч рүү хандаж яриад байна. Гэхдээ тухайн гар урлаачийг тодорхой түвшинд мэдээллээр хангаад туслах үед хэрэглэгч миний бүтээлийн юунд нь татагдаад байна гэдгийг хэрэглэгчээс асуух л хэрэгтэй. Миний бүтээгдэхүүнийг ямар зорилготой, хэнд өгөх, юунд хэрэглэх гэж байгааг асууснаар дараагийн бүтээлээ хийх санал, сэдлийг олж авдаг. Үүнийг тухайн гар урлаач ажигладаг байх хэрэгтэй.
Ер нь жижиг, дунд хоёрыг салгаж ойлгох нь зүйтэй.
Энийг миний хувьд судалгаа гэхээс илүү ажиглалт гэж хэлмээр байна. Хэрвээ үйлдвэрлэгч үүнийгээ сонирхоод хийсэн тохиолдолд бүтээлийнхээ үнэ цэнийг ойлгосноор хэрэглэгчээ мэдэрч эхэлдэг. Өөр нэг зүйл нь олонд борлуулалт сайтай бренд бүтээлийн өнгө үзэмж, хийц загварыг судалж өөрийн бүтээлдээ оруулах боломж бас байдаг. Бизнес гэдэг чинь хэрэглэгчээс зүгээр нэг мөнгийг нь аваад салахын нэр биш. Харин тухайн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэгт тавьдаг байх хэрэгтэй.
-Гар урлаачдын хувьд бүтээл нь эцсийн бүтээгдэхүүн болох тал дээр хугацааны хувьд нилээд удаан байгаа юм. Гэтэл цаана нь эрэлт нь үүсчихсэн үед түүнийгээ хангаж чадахгүй тохиолдол байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ ?
Мэдээж эрэлт ихтэй үед нийлүүлэлт удаан байвал тухайн гар урлаач үйлдвэрлэлээ хурдасгахын тулд нэмэлт хүчийг ажиллуулах хэрэгтэй. Захиалгаа давж чадахгүй тохиолдолд гэрээлэх хэлбэрээр туслах ажилчин авах нь зайлшгүй хэрэгтэй.
Ингэж хурдан зохицуулалт хийснээр нэг талдаа бизнесээ өргөжүүлэх боломжтой болж байгаа юм. Гэхдээ үүнийг зарим хүмүүс алдагдал хүлээнэ гэж ойлгодог. Үнэндээ тийм биш юм.