Я.Содбаатар: Засгийн газар нь шинжлэх ухааны академи руугаа сэлэм далайж болохгүй
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.12.30

Я.Содбаатар: Засгийн газар нь шинжлэх ухааны академи руугаа сэлэм далайж болохгүй

УИХ-ын гишүүн Я.Сод­баатартай ярилцлаа.

-Шинжлэх ухааны ака­демийн хүрээлэнгүүдийг татан буулгаж Их сургуу­лиудтай нэгтгэх хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд мэ­дэгд­сэн. Үүнийг эсэргүүцэн та Ерөнхий сайдад шаард­лага хүргүүлсэн. Энэ талаа­раа ярихгүй юу?

-УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүн нэгдэж төсвийн тодотголын хүрээнд Засгийн газар дээр яригдаж буй Монголын шинжлэх ухааны байгууллагуудыг татан буулгах, заримыг нь Их сургуулиудын харьяанд шилжүүлэх цаашдаа шинжлэх ухааны хүрээлэнгүй болох өөрчлөлт хийх гэж байгааг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлсэн.

Монголын шинжлэх ухааны байгууллагуудад шинэчлэлт, өөрчлөлт менежмент хийх, зарим шинжлэх ухааны төвүүд дээр явагдаж буй нээлт, технологи, ноу хауг үйлдвэр практикт нэвтрүүлэх чиглэлээр тодорхой алхам хийх шаардлага бий.

Гэхдээ нийтээр нь хоморголон Шинжлэх ухааны академийн харьяа бүх хүрээлэнг татан буулгаж Их дээд сургуулиудын харьяанд оруулах нь Монголын шинжлэх ухааны салбарт том эрсдэлийг авч ирнэ. Өнөөдрийн хүрсэн түвшинг муутгах арга замыг сонгох гээд байна. Монголын шинжлэх ухааны гадаад, дотоод дахь нэр хүндийг унагана гэж үзсэн тул асуудлыг хөндөхдөө олон талын оролцоотойгоор өнөөгийн хууль эрхзүйн хүрээнд эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын үгийг сонсох шаардлагатай.

Мөн УИХ дээр Төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлогын баримт бичиг буюу ойрын 10 жилд Монголын төр шинжлэх ухааны талаар ямар бодлого баримтлах вэ гэдэг төсөл нь хэлэлцэгдэж байгаа. Энэ баримт бичиг батлагдсаны дараа уг асуудлыг авч үзэх ёстой гэдэг байдлаар УИХ дахь бүх намын төлөөлөл, бие даагчид хамтран шаардлага хүргүүлсэн юм.

-Манайд иймэрхүү янзтай байгаа академи олон улсад ямархуу байдаг вэ?

-Ер нь бол дэлхийн шинжлэх ухааны байгууллагын хөгжлийн хэд хэдэн хэлбэр бий. Үүний гол хэлбэр нь манайд байгаа шинжлэх ухааны академи байдаг. Энэ нь доороо шинжлэх ухааны хүрээлэн төвүүдтэй байдаг л даа. Академи нь хүрээлэн төвүүдийнхээ судалгаа шинжилгээний ажил, бодлогод оролцоод дэлхийн оюуны төв болж хөгжлийн түлхүүр нь болж явдаг байгууллага.

Өнөөдөр Европт гэхэд 43 оронд шинжлэх ухааны академийн төвүүдтэй. Азийн 20 гаруй оронд академи үйл ажиллагаагаа явуулж байна. ЮНЕСКО-гоос шийдвэр гаргаад сүүлийн жилүүдэд Африкийн орнуудад шинжлэх ухааны бие даасан байгууллагуудыг байгуулж үүгээрээ Африкийн орнуудын шинжлэх ухааныг хөгжүүлэхээр НҮБ-ын тусламжтайгаар хийж байгаа. Европын соёл дэлхийн хүн төрөлхтөнд үнэт өвийг тээж ирсэн. Европт байгаа 43 орны шинжлэх ухааны академиас 12 улсын шинжлэх ухааны академи нь бие даасан байдалтай бөгөөд өөрийн гэсэн судалгааны төв хүрээлэнгүүд байдаггүй.

Манайд байгаа академийн тогтолцоо нь Азийн 20 гаруй, Европын 30 гаруй оронд байгаа хэлбэр.

Харин их, дээд сургуулиуд дээрээ хүрээлэн төвүүд нь байдаг. Гэхдээ академи нь төсвийн мөнгөө судалгааны, техник технологийн төвүүд, хүрээлэнгүүддээ хуваарилж өгдөг. Эдгээр орнуудын нийтлэг төрхийг харвал Английн эзэнт гүрнээс улбаатай хэд хэдэн орон бий. Энэ орнуудын шинжлэх ухааны хөгжлийн түүхийг нь аваад үзэхээр хэдэн мянган жилийн өмнө шинжлэх ухааны төвүүд үүсэхдээ хувийн хэвшил дээрээ түшиглэн үүссэн байдаг. Уг орнууд нь дээрээ академитай хэрнээ их сургуулиуд дээрээ харьяалагддаг энэ хэлбэрийг манайд оруулж ирнэ гээд байгаа. Энэ нь Монголын хөрсөнд буухгүй.

Манай орны шинжлэх ухааны уламжлал түүхэнд ч нийцэхгүй. Харин ч төсөв мөнгөний эрхийг нь БШУ-ны сайд биш өөрсдөд нь өгөх хэрэгтэй. Манайд байгаа академийн тогтолцоо нь Азийн 20 гаруй, Европын 30 гаруй оронд байгаа хэлбэр.

Монгол Улс шинжлэх ухаанд аль эрт үе буюу Чингэс хааны үеэс Цэцдийн зөвлөл, Хубилай хааны үеэс Шинжлэх ухааны академийн хэмжээний байгууллага байгуулж хандаж ирсэн байдаг. Үүнээс аваад үзэхээр манай улс шинжлэх ухааны 1000 гаруй жилийн түүхтэй. 1921 онд ардын хувьсгал ялж шинэ цагийн шинжлэх ухааны байгууллагыг байгуулахад Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж байсан. Өнөөдрийн Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийг хөндөх юм бол дөрөв таван асуудал үүснэ.

-Тэр нь яг ямар асуудлууд гэж?

-Шинжлэх ухааны байгууллагуудын өөрчлөлт хийх гэж байгаа бол бодлогын баримт бичгийг нь гаргаж ирэх хэрэгтэй. Дараа нь өөрчлөлт хийхдээ шинжлэх ухааны байгууллагуудын суурь судалгаа хийдэг нэг үгээр хэлбэр эдийн засгийн агуулгаараа суурин хүрээлэнгүүдийг академийнх нь харьяанд үлдээх шаардлагатай.

Мэдээж тухайн салбарын судалгаа хийдэг техник технологи боловсруулж байгаа, шинэ санаа бүтээл дээр ажиллаж байгаа төвүүдийг яам, их дээд сургуулиудын харьяанд шилжүүлж болно. Шинжлэх ухааны академийн харьяанд 40 гаруй байгууллага бий. Суурь судалгаа хийдэг Биологийн хүрээлэн, Химийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Хэл шинжлэл, Археологи, Палеонтологийн хүрээлэн гэх мэтчилэн хүрээлэнгүүд цэвэр шинжлэх ухааны академийнхаа харьяанд байх ёстой.

Уг хүрээлэнг МУБИС юм уу, МУИС-ийн дэргэд авааччихвал тэр эрх нь байхгүй болчихно

Энэ хүрээлэнгүүд дээр гадаад талдаа харилцдаг нэг зөвлөхтэй олон улсын академийн хүрээлэн бий. Олон талт болон хоёр талт гэрээ хэлцэл хийж төсөл хэрэгжүүлдэг хүрээлэн байна. Тухайлбал, ОХУ-ын нууцын зэрэглэлтэй материалтай танилцах онцгой эрхтэй байгууллага Түүхийн хүрээлэн. Уг хүрээлэнг МУБИС юм уу, МУИС-ийн дэргэд авааччихвал тэр эрх нь байхгүй болчихно.

Монголын түүхэнд холбогдох фото зураг, бичиг баримтыг дипломатын архиваас эхлээд нууцын зэрэглэлтэй материалыг авч ирж чадаж байна. Ийм тусгай онцгой эрх авсан хүрээлэнгүүдэд судалгаа хийдэг. Их сургуулийн харьяанд өгчихвөл энэ эрхүүд нь байхгүй болчихно.

Хүрээлэнгүүд дээр оюуны асар их өв соёл хадгалагдаж байдаг. Хэл шинжлэлийн хүрээлэн дээр гэхэд Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринченээс эхлээд Монголын оюуны том өв үлдээсэн хүмүүсийн гар бичмэл, хийж байсан ажлууд нь эх сурвалжаараа үлдсэн байдаг. Түүхийн хүрээлэн дээр гэхэд 1800 оноос хойш Монголоор явсан бүх экспедицийн үндсэн эх сурвалж материал байж байдаг.

Энэ бүхэн нэг Их сургуулийн харьяанд очихоороо алга болчихно. Тэр бүхэн чинь Монголын судалгааны үндсэн сурвалжууд байхгүй юу. Хүрээлэнгүүдийн энэ асуудал дээр ийм алхам хийж байсан ч амжилт олоогүй. 1996 онд АН Засгийн эрх барьж байхдаа тодорхой бүлэг хүмүүсийн хатгаасаар үүн рүү гар дүрж математик, эдийн засаг, хууль эрхзүйн хүрээлэнгүүдийг МУИС-тай нэгтгэсэн. Түүнээс болж нэр төдий бүдгэрэн алга болсон гашуун түүх бий. Бид хүрээлэнгийн асуудлуудыг оролдоно гэдэг нь өөрөө маш аюултай.

-Энэ сарын 30-нд хүрээлэнгүүдийг татан буулгахыг эсэргүүцэж хүрээлэнгийнхэн жагсаал хийнэ гэж байсан. Гэтэл зарим эрдэмтэд нь татан буулгасан нь зөв гэх юм?

-Монголд шинжлэх ухааны академи гэж байх ёсгүй. Академийг ТББ-ын хэлбэртэй ажиллаж хоорондоо өрсөлдөх ёстой. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд ажиллаж байгаа эрдэмтэд Монгол Улс шинэ суурь судалгаа хийхгүй, Монголоос шинжлэх ухааны шинэ бүтээл гарах боломжгүй, хүрээлэнгүүд практик дээр холбогдохгүй байна, төсвөөс авч байгаа мөнгөний цаана нь эдийн засгийн агуулга харагдахгүй байна, шинжлэх ухааны бүтээлүүдийн цаана бизнес байх ёстой гэж ярьдаг хэсэг бүлэг эрдэмтэд бий.

Төрд оюуныг ойлгодоггүй, оюуны бүтээлийг үнэлдэггүй хүмүүс байгаа нь үнэн. Энэ хүмүүсийн хатгаасанд битгий ороосой гэж хүсэх байна. Монголын шинжлэх ухааны салбар бол маш тогтвортой сайн хөгжиж ирсэн салбар. Магадгүй зах зээлийн харилцаанд орсноос хойш алдаа оноо байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Монголын олон эрдэмтэд сүүлд гэхэд Хавтгайн Намсрайд Монгол Улсын Ерөнхийлөгч Чингэсийн одон хүртээлээ. Жил бүр залуу эрдэмтдийг шалгаруулан Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгож байна.

Цагирагийн онолын математикийн эрдэмтэд, цөмийн энерги, түүхийн эрдэмтдийн бүтээл олон улсад үнэлэгдэж байна. Дэлхийн 1000 эрдэмтнийг зарлахад салбар салбартаа манайхан дээгүүр явж байгаа. Харин ч бид энэ хүмүүсийнхээ оюуны бүтээлийг, хөдөлмөрийн үнэлэмжийг нь үнэлж ирээгүй. Тэгсэн байж дээрээс нь татан буулгаж хэрэггүй.

Хүрээлэнгүүдийн зохион байгуулалтыг өөрчлөн татан буулгаснаар өнөөгийн эдийн засгийн хямралаас гарахгүй. Манай улс шинжлэх ухааны салбарт ДНБ-ий хоёр хувиас доошгүй мөнгийг зарцуулах ёстой гэдэг ч үнэн хэрэгтээ 0.17 хувийг л зарцуулж байгаа. Монголын төр шинжлэх ухаандаа зарцуулах мөнгөө өгч чадахгүй байна. Академи хүрээлэнгүүдээр ороход маш олон бүтээл ажил хэрэг болж үйлдвэрт нэвтэрч байгааг харж болно.

Монголд төр гэж байгаа бол үеийн үед шинжлэх ухаан оюуны бүтээл хийж байгаа хүмүүсээ дээдэлж явах хэрэгтэй. 

Монголд төр гэж байгаа бол үеийн үед шинжлэх ухаан оюуны бүтээл хийж байгаа хүмүүсээ дээдэлж явах хэрэгтэй. Монголын төр сэхээтэн, оюуны цөм болж байгаа энэ салбар руу шинэ Засгийн газар анхны ажлаа хийж болохгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд шинжлэх ухааны хүмүүсээ дэмжин Чингэс хааныхаа одонг гардуулаад байхад Засгийн газар нь Ерөнхийлөгчийн институцээсээ зөрөөд шинжлэх ухааны академи руугаа сэлэм далайж болохгүй. Ядаж хүрээлэнгүүд дээр ямар ажил хийгдэж байгааг эхлээд бид харах ёстой. Бүтцийн өөрчлөлт хийх, тодорхой эрдэм шинжилгээний төв, хүрээлэнг их сургуулиудын харьяанд шилжүүлэх боломж­той. Түүнээс биш хоморголон татан буулгана гэдэг бол байж болшгүй зүйл. Энэ бол оюуны төв рүү хийж буй террор юм.

-Одоо яах хэрэгтэй гэж?

-Шинжлэх ухааны хүрээлэн гэдэг бол мань мэт шиг дөрвөн жил сонгогдоод хэдэн сар сайд дарга хийдэг ажил биш. Хэдэн мянган хүний бүхий л насаараа хийсэн оюуны бүтээл хөдөлмөр бүтээл устаж үгүй болвол манай улс асар их хохирол амсна. Хоёр гурван жил эдийн засгийн хямралд орох, дөрөв таван төсөл зогссоноос илүү хохиролтой.

Манай улс төр сүүлийн үед хэт хувь хүний тоглолтод түшиглэсэн, сэтгэлийн хөөрөлд автсан мэргэжлийн бус шийдвэр гаргаж байна. Монголын төрд хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол судалгаанд түшиглэсэн шинжлэх ухаанчаар асуудалд хандах зарчмын байр суурийг оруулж ирэх хэрэгтэй. Энэ ус агаар мэт дутагдаж байна. Түүнээс болж өнөөдөр хямралд орж байгаа юм. Бидний алдаатай бодлогын цаана мэргэжилтнүүдийнхээ үг яриа, баримт нотолгоог бага сонсож байгаатай холбоотой. Тэднийхээ амьдарч байгаа орон гэрийг шатаачихъя гэж болохгүй ээ.

-Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдийг татан буулгана гэвэл Засгийн газрыг огцруулах хэмжээний арга хэмжээг авна гэв үү?

-Арай ч тэр хэмжээнд хүргэхгүй байлгүй дээ гэж бодож байна. Асуудлыг олон талаас нь яриад Ерөнхий сайд болон бусад хүмүүс хамтран ярилцаж зөв гарцаа олох байлгүй дээ хэмээн бодож байгаа. Өнгө мөнгөний АНУ-аас Монгол өөр шүү. Асуудлыг ярьж байхад гишүүд АНУ-ыг жишээ аван ярьж байна лээ. Америк дэлхийн тэргүүлэх гүрэн мөн үү гэвэл мөн.

Гэхдээ тэнд бүх зүйлийг мөнгөөр хэмждэг. Монгол Улс бол эртнээс ирсэн уламжлалаараа явах шаардлагатай. Дорнын ард түмний онцлог гэж бий. Шинжлэх ухааныг мөнгөөр хэмждэггүй байхгүй юу. Мөнгөөр хэмжишгүй зүйл гэж байна. АНУ-д ч гэсэн мөнгө олдоггүй асар их зарлага гаргадаг хүрээлэн байгаа шүү дээ. НАСА өнөөдөр ашигтай ажилладаггүй. Хэдэн тэрбум доллар зарцуулж байгаа ч мөнгө олдоггүй зүгээр л америкийн бахархал, нэрийн хуудас.