Монголын Авто Замчдын Холбооны Мэндчилгээ
Монголын нийт авто замчид, зам хэрэглэгчдээ!
Эрхэм хүндэт та бүхэндээ болон гэр бүлийнхэн, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсөдөд тань морилон ирж буй Модон Хонин жилдээ эрүүл саруул, энх тунх, сэтгэл амгалан байж, урт насалж, удаан жаргахын ерөөлийг өргөн барьж, халуун мэндчилгээ дэвшүүлж байна.
Монголчууд бидний өвөг дээдийн үеэс уламжлалтай, төрт ёсны их баяр, монгол үндэстний түүх соёлын салшгүй хэсэг болох Цагаан сараа хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай билээ.
Улиран одож буй XVII жарны “Ялгуусан” хэмээгч Модон Морь жил нийт авто замчид маань бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож арвин амжилттайгаар Монгол Улсад Авто замын салбар байгуулагдсаны 85 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн түүхэн жил байлаа.
Энэ 85 жилийн хугацаанд авто замын салбар нь Монгол улсын авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлж, хот хөдөөг холбон, жилийн дөрвөн улиралд авто тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх, зорчигчдын тав тухыг хангах нөхцөл боломжийг бүрдүүлж төр, түмэндээ үйлчлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ.
Модон Хонин жилд Авто замчид бидний гол зорилго нь улс орныхоо эдийн засгийн уналтыг тогтоон барьж сэргээхэд өөрсдийн жинтэй хувь нэмрийг оруулахад чиглэгдэж байгаа бөгөөд ижил санаа зорилготой, нэг дуу хоолойгоор ажиллаж хүндрэлтэй байдлыг нэр төртэй туулан гарч чадна гэдэгт миний бие итгэж байна.
Та бүхэн минь сэтгэл дүүрэн, зориг шулуун, ирээдүйдээ итгэлтэй байж, сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Алтан шар замын хишиг буян
Ашид мөнхөд ивээх болтугай