Асрамжийн төвийн хүүхдүүд спортоор өрсөлдөв
Монгол Улсын хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвөөс Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд манай улсад үйл ажиллагаа явуулдаг нийт асрамжийн газрын хүүхдүүдийн дунд спортын наадам зохион байгууллаа. Үйл ажиллагаа өнөөдөр Өнөр бүл төвийн шинэхэн спорт зааланд болсон юм.
Тодруулбал, өнгөрсөн жил ХАХНХ-ын яамнаас спорт заалтай болгох асуудалд анхаарал хандуулсны хүчинд шинэ заалтай болж спорт, урлагийн олон тэмцээн зохион байгуулж байх боломж нь бүрджээ.
Нийт есөн асрамжийн газрын 290 гаруй хүүхдүүд шатар даам, гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис гэсэн спортын таван төрлөөр бүтэн өдрийн турш өрсөлдсөн юм. Тэмцээний дүн өнөөдөр орой гарах аж.
Уг үйл ажиллагаанд төрийн болон Төрийн бус байгууллагын, олон улсын тусламжийн асрамжийн газрын удирдлагуудаас гадна ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцож хүүхдүүдэд спортын өндөр амжилт хүслээ. Энэхүү тэмцээн нь дээр хэлсэнчлэн Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.
Цаашдаа яамны зүгээс ойг угтсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ талаар С.Эрдэнэ сайд “Спортын олон төрлийн тэмцээн эдгээр хүүхдүүдийн дунд зохион байгуулж байгаа нь их чухал юм. Энэ тэмцээн бол ойн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнүүдийн нэг юм.
Хүүхдийн хөгжил, эрхийг хамгаалах чиглэлээр онол практикийн бага хурлууд болно. 90 жилийн ойн баярын хурал, концерт явагдана. Зургадугаар сард хүүхдийн үндэсний хэмжээний чуулган зохион байгуулна. Энэ чуулганы хүрээнд маш олон салбар хуралдаан болно. Хамгийн гол нь хүүхдийн эрхийн тухай хуулиудаа өргөн барьчихаад байна” хэмээлээ.Мөн энэ өдөр “Өнөр” бүл төвийн хүүхдүүд өөрсдийн хийсэн үндэсний гутал, малгай, шүр сувдан урлал, мөн уран зургийн үзэсгэлэнгээ дэлгэн тавьсан байсан юм. Хүүхдүүдийн хийсэн бүтээлийг та доорхи зургаас харна уу.