ҮХЦ-д ямар зорилгоор “Leхus-570” авч өгсөн бэ?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд гишүүдийн 58.7 хувийн саналаар “Хүлээн авах боломжгүй” хэмээн үзлээ.
Үндэслэлээ УИХ “Парламентаас Засгийн газрын сайдыг томилдог, гэтэл хариуцлага алдсан тохиолдолд эргүүлээд огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн санаачлан, парламентаар хэлэлцүүлэх боломжгүй болгосон дүгнэлтийг Цэцээс гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулиас гадна, бусад олон хуулийг зөрчиж байна. Тиймээс Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” хэмээн үзсэн юм.
Дээрх шийдвэрийг гаргахын өмнө УИХ-ын гишүүдийн дунд “Үндсэн хуулийн цэцэд Засгийн газар нөлөөлсөн үү” гэх асуудлыг тойрч шүүмжлэлтэй хандлаа.
Учир нь Засгийн газар есдүгээр сарын 7-ний өдрийн хуралдаанаараа Цэцэд 330 сая төгрөгийг улсын нөөцөөс гаргаж өгөх тогтоол баталсны зэрэгцээ Үндсэн хуулийн цэцийн даргад “Leхus-570” машин худалдан авч өгөх хөрөнгийг шийдэж өгсөн байна. Нийт өртөг нь 190 сая төгрөгийн үнэтэй машин, үүний 100 саяыг нь “Таван богд” компани руу шилжүүлжээ. Ийм баримтыг УИХ-аас байгуулагдсан Ц.Нямдорж гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг танилцуулсан юм. Үүнтэй холбоотойгоор холбогдох хүмүүстэй ёс зүйн асуудлыг ярих ёстой хэмээн үзсэнээр энэ асуудлыг тусад нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх болж байна.
Хэлэлцүүлгийн үеэр гарсан зарим байр суурийг тодруулбал, УИХ-ын дэд дарга М.Энхболд: Ерөнхий сайд нэг гараараа яам, тамгын газрынхнаа том машин унаж болохгүй гэдэг байтлаа нөгөө гараараа Төрийн өмчийн хорооны шийдвэр ч үгүй, сонгон шалгаруулалт ч үгүй, Үндсэн хуулийн цэцэд тансагийн тансаг машин авч өгч. Ёс зүйн хороо энэ асуудлыг хэлэлцэх ёстой.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Цэцийн дүгнэлт туйлын хариуцлагагүй, маш олон хууль зөрчсөн. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авах юм бол УИХ-аас томилогддог албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжгүй болно. Авлигатай тэмцэх газрын дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Үндэсний статистикийн газрын дарга гэх мэт.
Дээр нь Засгийн газар Цэцдээ машин авч өгсөн болж таарч байна. Эцсийн эцэст хууль зөрчиж, дураараа загнаж байгаа Ерөнхий сайдын асуудал яригдах ёстой болж байна. Засгийн газрын тэргүүн өөрөө хамгийн тэргүүнд хариуцлага тооцогдох хүний тоонд орно.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Түмпэн түмпэнгээр бөөлжих юм энэ байна. Эдийн засаг хүнд байна, цалингаа хасна гэдэг, автобус компанийнхан ажил хаяад байдаг. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд машин авч өгөөд, 300 гаруй сая төгрөг шилжүүлэх болоод, захиалгаар нь шийдвэрийг нь гаргаж өгөөд явж байна. Цэц их сонин болчихоод байгаа юм. Сүүлийн үед гаргасан шийдвэр нь захиалгатай. Өрийн босгыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроор шийддэг байсан юмыг хүчингүй болгосон. Энэ мэтээр төрийг бужигнуулах юм хийж байна. Цэцийн гишүүдийг томилохдоо алдсан байна. Ийм өргөдөл өмнө нь Цэцэд ирэхэд Үндсэн хуулийн зөрчил биш ээ гээд дүгнэлт гаргасан хүнээ дунд суудлын хуралдаандаа оруулаагүй байна.
Цэцэд алба, амины сонирхол байхгүй, өөрийн бодолтой шударга хүмүүсийг л томилох ёстой. Хөвсгөл нуурын захиргаанд “Найзгүй Жамбал” гэдэг хүн байлаа. Яаж ч тойглоод болдоггүй, хэнд ч автдаггүй. Цэцэд өнөөдөр ийм л хүмүүс хэрэгтэй боллоо.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Цаг хугацааны тохиолдол нь тэгж таарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ би Цэцийн дарга, гишүүдийг ийм юманд гүйгээд явчихна гэдэгт эргэлзэж байна. Авлига байсан, том нөлөөлөл байсан гэж тайлбарлах нь хэтийдсэн хардалт. Цэц их суудлын хуралдаанаасаа зөв шийдвэр гаргана гэж найдаж байна, Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг дэмжихгүй.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Цэц УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргасан. Үндсэн хуулиа зөрчдөг байгууллага байж боломгүй байна. Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Үндсэн хуулийн манаач нь ийм байдлаар Үндсэн хуульдаа халдаж болдог юм уу. УИХ томилсон байгууллагадаа хяналт тавих, хариуцлага тооцох эрхэд халдаж байна.
2017 онд тэмдэглэх Үндсэн хууль батлагдсаны ойг УИХ зохион байгуулдаггүй юм уу. Яагаад жил гаруйн хугацааны дараа ойд Засгийн газар хөрөнгө төсөвлөсөн байдаг юм. Сүүлдээ машин тэрэг авч өгсөн гээд, төсөв хэцүү байхад. Замарсан юм болж байна. УИХ томилсон хүмүүстэйгээ хариуцлага тооцох цаг нь ирж, Төрийн байгуулалтын байнгын хороо ҮХЦ-ээс гаргаж байгаа дүгнэлтийг хэлэлцэх цаг болж...
Парламентыг бэхжүүлэх хүрээнд Ерөнхий сайд нь огцруулах, томилохоо мэддэг болъё гээд нийгэм хүлээн зөвшөөрөөд явж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй байтал Цэц УИХ-аас 25 жилийн хугацаанд гаргаж ирсэн шийдвэрийг үгүйсгээд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцож болохгүй гэдэг шийдвэр гаргаж байгаа нь хариуцлагагүй явдал.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” гэдэг шийдвэрийг гаргалаа.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаан завсарласан бөгөөд үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.