Д.Ганхуяг: Төрийн байгууллагууд татвар төлөгчдийн мөнгөөр чадавх сайжруулдаг жишиг тогтчихлоо
2009.06.16

Д.Ганхуяг: Төрийн байгууллагууд татвар төлөгчдийн мөнгөөр чадавх сайжруулдаг жишиг тогтчихлоо

Өнөөдөр Төсвийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, Эх орны хишиг сангийн тухай хуулийг хэлэлцэх байсан ч хуралдаан хойшлогдож, үдээс өмнө Төсвийн байнгын хороо дангаараа хуралдалаа. Хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Монгол Улсын үндэсний статистикийн системийг сайжруулах төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааг сайжруулахад анхаарч, хөрөнгө оруулалт хийх тухай дээрх төсөлд тусгасан байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн олонхи нь төсөл зөвшилцөх эсэх асуудал дээр шүүмжилсэн хандлагатай байлаа.

Тухайлбал, Д.Ганхуяг “Бизнесийнхэн өөрсдийнхөө хөрөнгөөр үйл ажиллагаагаа сайжруулаад явж болж байхад төрийн байгууллагууд татвар төлөгчдийн мөнгөөр чадавх сайжруулдаг жишиг тогтчихлоо. Зээл тусламжийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж байгаад тавьдаг хяналт гэж байна уу. Менежментээ сайжруулмаар байна" гэв.

Харин Н.Ганбямба гишүүн үндэсний статистикийн газрын гаргасан дүн бодит бус байдаг. Тухайлбал статистикийн газраас гарсан дүнгээр манайд ядуурал 35.6 хувь гэж гарсан. Гэтэл өөр бусад судлаачдын судалгааны тэс ондоо, ядуурал их байгааг харуулдаг. Бодит байдал дээр ч гэсэн ядуурал асар их байгаа” гэхэд Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан “манай хорооны дүн бол хамгийн бодит учир нь манайх шиг 11 мянга 300 өрхөд бүтэн жилийн турш судалгаа хийдэг байгууллага байхгүй, нөгөө талаар энэ судалгааг тусгай сургалтад хамрагдсан, олон жил ажилласан хүмүүс судалгааг хийж байгаа, аргачиллийн хувьд олон улсад хэрэглэдэг аргачиллаа хийж байгаа” хэмээн хариуллаа.

Мөн Ц.Сэдванчиг гишүүн “Зээлийг эргэж төлнө гэдгийг сайн бодох ёстой. Гадаад зах зээлээс орж ирсэн, зээлийг үр дүнгүй ашигласан олон жишээ бий. Зээлийн үр дүнг тооцдог тогтолцоог бүрдүүлмээр байна”

Эцэст нь гишүүд Үндэсний статистикийн хороонд өнгөрсөн жилүүдэд хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг нягталж байж, шийдвэрээ гаргах нь илүү оновчтой гэж үзэж, Төсвийн байнгын хорооны хуралдаан энэ асуудлаар маргааш 14.30 цагт дахин хуралдахаар боллоо.

Одоогоор Үндэсний статистикийн хороонд 14 төсөл хэрэгжиж байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.