Өндөр түвшинд бэлтгэгдсэн эмэгтэй улс төрчид Монголд бий
"Жендерийн үндэсний хороо"-ны ажлын албаны дарга М.Болормаа
2015.11.17

Өндөр түвшинд бэлтгэгдсэн эмэгтэй улс төрчид Монголд бий

"Жендерийн үндэсний хороо"-ны ажлын албаны дарга асан М.Болормаа

Улс төрийн одоогийн тогтолцоог өөрчлөхийн тулд хаанаас эхлэх нь зүйтэй вэ?

Манай улс парламентийн засаглалтай учраас эхлээд парламентад сууж буй хүмүүсээ зөв сонгох ёстой. Харин тэднийг  зөв сонгохын тулд  хууль, эрх орчин их чухал. Бусад салбарын эрх зүйн зохицуулалт харьцангуй сайн хэрнээ улс төрчдийн эрх ашигтай холбоотой хууль, эрх зүйн орчин нь учир дутагдалтай байна. Хариуцлагагүй УИХ-ын гишүүдийг эргэн татъя гэсэн санал гарч байсан ч гишүүдийн зориг хүрээгүй. Энэ нь хувийн ашиг сонирхол давамгайлж байгааг илтгэнэ.  

“Төрийн бодлого тодорхойлогчид хариуцлагатай, ухамсартай, ёс зүйтэй, ёс суртахуунтай байх ёстой”.

Монголд гурван сая хүнд 22 нам ногдож байна. Цөөхөн хүн амтай хэрнээ хэтэрхий олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Энэ нь эмх замбараагүй, хариуцлагагүй байдлыг бий болгож байна. Анх ардчиллыг хөгжүүлж байсан хүмүүсийн яриа, үйлдэл өнөөдөр зөрж байна. Үүнийг ард түмэн ч мэдэж, харж байгаа.

Улс төрд эмэгтэй хүн байх нь ямар давуу талтай вэ?

Өмнөх сонгуулийн үед эмэгтэй улс төрч цөөхөн байсан учраас төрийн бодлогод төдийлөн нөлөөлж чаддаггүй байсан. Одоо эрх зүйн орчин бүрдсэн учраас эмэгтэйчүүд УИХ-д орох эрхтэй болсон. Тиймээс нийгмийн гол, гол асуудалд дуу хоолойгоо хүргэж чадаж байна. УИХ-д эмэгтэй гишүүн байснаар улс төрийн намын харъяалал харгалзахгүйгээр тодорхой асуудлаар хоорондоо нэгдэж, шийдэл гаргах, хууль боловсруулах боломж бүрддэг.  

“Шударга, туйлбартай байж чаддаг нь дэлхийн топ эмэгтэй улс төрчдөд нийтлэг харагддаг”

Эмэгтэйчүүд илүү хариуцлагатай байж чаддаг. Энэ нь улс төрч хүнд байх гол шинж чанар.  Манайд өндөр түвшинд бэлтгэгдсэн, итгэл үнэмшилтэй, хариуцлагатай эмэгтэйчүүд бий. 

Эмэгтэйчүүд илүү хариуцлагатай байж чаддаг. Энэ нь улс төрч хүнд байх гол шинж чанар

Зөв улс төрчийг сонгон гаргаж ирэхийн тулд юу хийх ёстой вэ?

Иргэд тэр дундаа хөдөө, орон нутгийн иргэд мэдээлэл хомс байна. Иргэд зөв сонголт хийж чадахгүй байна. Эрх зүйн орчин зөв голдрилоор бэхжиж байгаа ч хэрэгжилт муу байна. Тиймээс иргэдийг мэдээллээр хангаж, нэгэнт баталсан хуулиа хэрэгжүүлж чадвал аяндаа зөв улс төрчид төрд гараад ирнэ.

Одоо эрх барьж буй УИХ-ын гишүүдийн нийтлэг гол алдаа гэвэл?

Гишүүд бодит амьдралд нийцсэн хууль гаргахад гол анхаарлаа хандуулж, хэрэв өмнөх хуулинд алдаа, гажуудал гарсан бол түүнийг засаж, өөрчлөх шаардлагатай бол шинэчлэн найруулдаг. Гэтэл энэ гол ажлаа хийлгүй хороо, дүүрэгт зам тавьж, цэцэрлэг сургууль барих, иргэд ахуйн хэрэгцээт зүйл тараадаг. Энэ нь нийгэмд УИХ-ын гишүүд бол бүтээн байгуулалт, аж ахуйн ажилд оролцож, тэдгээрийг шийдвэрлэх ёстой юм шиг ойлгогдож байна.  

Бизнес, улс төр хоёрыг зааглах ёстой. Хэрэв бизнесмен хүн төрд орохоор бол түүнд зориулсан хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй. Улс төрийн нам хийгээд сонгуулийн санхүүжилтыг нийтэд ил тод, нээлттэй болгож, хянах боломжоор хангах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч тэнцвэртэй мэдээлэл өгөх нь чухал.