М.Болормаа:

2000 оноос өмнө улс төр харьцангуй цэвэр байжээ


7 минут уншина
М.Болормаа: 2000 оноос өмнө улс төр харьцангуй цэвэр байжээ
“Эмэгтэй удирдагч сан”-гийн тэргүүн М.Болормаа

Vip76.mn сайтын редакцаас иргэд, олон нийтэд улс төрийн мэдлэг, мэдээлэл өгөх үүднээс салбарын экспертүүдтэй чөлөөт ярилцлага өрнүүлдэг. Энэ удаад улс төрийн салбарт 20 гаруй жил хүчин зүтгэсэн, Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн М.Болормаатай ярилцлаа. 

Эмэгтэй удирдагч сангийн үйл ажиллагаа юунд чиглэж байна?

Эмэгтэй удирдагч сан 2000 онд байгуулагдсан. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрд орох хүсэлтэй, орж байгаа эмэгтэйчүүдийг сургаж, бэлдэхэд манай үндсэн үйл ажиллагаа чиглэж байна. Гэхдээ зөвхөн эмэгтэйчүүдийн манлайлал, улс төрийн оролцоог дэмжээд зогсохгүй охид, эмэгтэйчүүдийн эрх, хөдөлмөр эрхлэлт хийгээд ажлын байран дахь бэлгийн дарамтын эсрэг бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж ирлээ.

Мөн охид, эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчдөг хүн худалдаалах, хүний наймааны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан туршлагатай. Нөгөө талаас жендэрийн тэгш байдлыг хангах гэдэг нь өөрөө шинжлэх ухааны судлагдахуун болж хувирчээ. Салбар харгалзахгүйгээр жендэрийн тэгш байдлын талаар ярьдаг болж. Тиймээс энэ асуудлыг ч орхигдуулдаггүй.

Ер нь эмэгтэйчүүдийн идэвх, бүтээлч оролцоог дэмжиж байна гэмээнэ нийгмийг өөрчилж чадна.

Танай сан байгуулагдах 10 гаруй жилийн өмнө Монголын улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, идэвх ямар байв? Энэ хугацаанд нөхцөл байдал хэр дээрдсэн гэж үзэх вэ?

Дээрдсэн гэхээсээ илүү шүүмжлэлтэй ханддаг. 1996-2000, 2000-2004 оны үеийг одоогийнхтой харьцуулахад улс төр харьцангуй цэвэр байжээ гэж боддог. Улс төрчид өөрсдийн итгэл үнэмшил, идэвх зүтгэл, намын үзэл баримтлалд тулгуурлан улс төр хийдэг байж. Гэтэл 2004, 2008 оны сонгуулиас эхлээд мөнгөний сонгууль болж хувирсан.

Сүүлийн хоёр парламент дараалж, парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо 1990 оноос хойшхи хамгийн өндөр хувьд хүрлээ гэж онцолдог. Энэ хангалттай тоо мөн үү? Нөгөө талаар тооноос гадна чанар чухал шүү дээ. Бодит байдалд эмэгтэй гишүүд төр засгийн бодлого, шийдвэрт нөлөөлж чадаж байна уу таны бодлоор?

Эмэгтэйчүүдийн оролцоо тооны хувьд ахиж байна уу гэвэл ахиж байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 11 эмэгтэй гишүүн сонгогдож, нийт гишүүдийн 14,4 хувь нь эмэгтэйчүүд байсан. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулиар 13 эмэгтэй гишүүнтэй болж, парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх жин 17,1 хувь болж өслөө. Энэ нь нэг талаараа ололт амжилт. Гэхдээ тооны хувьд хангалттай гэвэл өрөөсгөл хандлага.

Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтуудад, жендэрийн харьцааг 50/50 гэж тогтоосон. 2011 онд батлагдсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд "Нам, эвслээс нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна" гэж заасан байдаг. Энэ заалтыг үндэслэн харвал, 2016 оны УИХ-ын сонгуульд нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 129 нь эмэгтэй байсан бөгөөд тэднээс 13 нь сонгогдож байна гэхээр чамлалттай үзүүлэлт юм. Гэхдээ тооноос гадна чанарыг давхар барих хэрэгтэй.

Парламент дахь эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэнэ гэдэг нь төрийн бодлогод нийгмийн асуудлуудыг тусгах дуу хоолой нэмэгдэж байна гэж ойлгох хэрэгтэй.

Өнөөдөр Монгол Улс ядуу, баян, хоосны ялгаа их, авлига газар аваад байгаагийн нэг шалтгаан нь нийгмийн энэ бүлгийн дуу хоолой төр засгийн бодлого, шийдвэрт тусгалаа олохгүй байна. 

2000 он хүртэл улс төр харьцангуй цэвэр байсан гэж ярилаа. Тэгвэл 20 жилийн дараах өнөөдөр бохир болсон гэж үзвэл үүний шалтгаан нь юу юм бол?

Шалтгааныг нь шууд хэлэхэд хэцүү. Улс төрийн нарийвчилсан судалгаа, шинжилгээ хийх хэрэгтэй. Гэхдээ энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байгаа гэж найдаж байна. Өмнө нь илүү итгэл үнэмшил, хичээл зүтгэлээрээ улс төр хийдэг байсан бол өнөөдөр улс төрөөр дамжуулан төрийн өндөр албан тушаал хашиж болдог юм байна, төрийн өндөр албан тушаал хашсанаараа өөрийн амьдрал ахуйгаа сайжруулж болдог юм байна гэсэн өрөөсгөл хандлага ажиглагдах боллоо.

Мөнгөтэй бол улс төрд ороход хялбар бөгөөд өөрийн хүссэн албан тушаалд хүрэхэд амархан гэж улс төрийн тоглоомын дүрмийг өнгөцхөн ойлгосон хэсэг нөхөд төрд гарчээ.

Нөгөө талаас сонгуулийн үеэр мөнгө хаяж, улстөрчдийг санхүүжүүлсэнээр өөрийн бизнесийг бэхжүүлэх боломжтой гэж үзэх хэсэг нөхөд хариуцлагагүй улс төр хийснээр өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн гэж бодож байна. Би хувь хүнийхээ хувьд сонгуулийг мөнгө болгож, түүгээрээ албан тушаал худалдаж авдаг буруу тогтолцоо руу шилжсэнд маш их харамсдаг.

Ардчилал гэдэг нь хүн бүрт эрх чөлөө олгодог. Ингэж эрх чөлөө олгосноороо өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдэж байдаг. Энэ нь эргээд хариуцлага нэхдэг. Гэтэл бид хариуцлага гэдэг зүйлийг умартсан байна. Миний хувьд 95, 96 оноос улс төр гэж юу байдаг талаар судалж, улс төрд ойр байдаг хүмүүстэй хамтран ажиллаж ирсний хувьд мөнгөний сонгууль болдог болсон, сонгуулийн санхүүжилтийг хөөсрүүлсэн гэж үздэг.  

Яг үнэндээ улс төрийн нам нь мөрийн хөтөлбөрөө танилцуулж, нэр дэвшигч өөрийгөө олон нийтэд таниулах зорилготой компанит ажил өрнүүлэх ёстой. Ийм компанит ажил зохион байгууллаа гэхэд зардал гарахын хувьд гарна. Гэхдээ лав тэрбум төгрөг зарлагадахгүй.

Өнөөдөр улстөрчид эмзэг, ядуу ард иргэдийн “ходоод”-ыг худалдан авч байна.

Тиймээс энэ бурангуй гэмээр улс төрийн нөхцөл байдлыг өөрчилье гэвэл системээр нь өөрчлөх ёстой. Системээр нь өөрчилье гэхээр насаараа парламентын гишүүнээр ажилласан хүмүүс өөрчлөх үү гэвэл үгүй л дээ. Өөрөөр сэтгэдэг залуу үеийнхэн өөрчлөх ёстой. Харин бид тэр залуу үеийг бэлдэх учиртай.

Нэг хэсэг нь хүний цүнх барьж яваад албан тушаалд хүрнэ гэж боддог бол нөгөө хэсэг нь энэ нийгмийг өөрчлөх хүсэлтэй байна. Тиймээс системийг өөрчлөхийн сацуу иргэд, сонгогчидтой маш сайн тулж ажиллах хэрэгтэй байна. Тархийг нь цэнэглэж, хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй. Ходоодоороо сонголт хийж болохгүй, хичнээн өлсөж байсан ч зөв хүнийг сонгох нь зөв. Намууд ч зөв хүмүүсийг олж, нэр дэвшүүлэх хэрэгтэй.

Мөнгө амлаж байгаа хүмүүст эргэлзэх хэрэгтэй. Мөнгө тарааж байгаа хүмүүст хэний мөнгийг тарааж байна вэ гэдэг асуулт тавьж болно. Өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгийг хүн хайрладаг. Өөрөө өөрийнхөө мөнгийг үрэхээс ч хайран байдаг шүү дээ. Тиймээс мөнгө тарааж байгаа хүмүүс энэ мөнгийг хөдөлмөрийнхөө үр шимээр олсон уу, үгүй юу гэдгийг тунгаан бодох хэрэгтэй. Иргэдийн дийлэнх нь үүнийг ойлгодог. Ингэж ойлгож байж гэмээнэ хий хоосон амласан улстөрчид дахиж төрд гарч ирэхгүй.

Бид олон жил ярилаа. Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, төр, улс төрийн тогтолцоог өөрчлөх ёстой гэж. Тэгэхгүйгээр авлига гэдэг зүйл газар авсаар байх болно. Өнөөгийн нөхцөлд "grand corruption" буюу бодлогын-өндөр түвшний авлига гаарсан гэдгийг ойлгох ёстой. Авлигыг таслан зогсоохын тулд төрийн менежментийг сайжруулахаас гадна иргэдийг мэдээлэлжүүлж, чадавхжуулах хэрэгтэй. Иргэдийн нийгмийн идэвх, оролцоо нэмэгдсэнээр хяналт сайжирна. Гэхдээ энэ бол зөвхөн нэг тал нь.

Нөгөө талаас төр засгийн удирдлагууд ёс зүйтэй, хариуцлагатай байх гэсэн зарчим, ухамсрыг өөртөө суулгаж чадах юм бол авлигыг бага боловч бууруулж чадна. Бодлогын түвшний авлига гэдэг нь тоолж баршгүй, баригдахгүй, харагдахгүй, нууцлаг байдалд хийгддэг. Энэ бүхнийг ил гаргана гэдэг нь нэлээдгүй процесс, эр зориг шаарддаг.

Тогтолцооны өөрчлөлт гээд ярихаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж байна. Хоёр танхимтай парламент байх ёстой гэж байхад Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй ч гэдэг. Таны байр суурь?

Улс төрийн судалгаа хийж, түүндээ үндэслэн тодорхой дүн шинжилгээ хийдэг хүний хувьд хоёр танхимтай парламентын тогтолцоог илүүд үздэг. Ингэснээр илүү хяналттай, үр дүнтэй болно гэсэн үг. Манайх шиг цөөн хүн амтай, хариуцлагагүй улс төр ноёлсон өнөөгийн нөхцөл байдалд Ерөнхийлөгчийн засаглалтай болох вий гэхээс айдаг.

Хариуцлагагүй байдал хэрээс хэтэрсэн учраас идээ бээрийг нь шахах, эдгээхэд багагүй хугацаа шаардлагатай. Энэ нь Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гээд шийдэгдчих асуудал биш.

Олон хүн амтай, иргэд нь мэдээлэл, оролцоо, хяналт сайтай бол Ерөнхийлөгчийн засаглал тохирно. Манай улсын хувьд парламентын тогтолцоотой байх нь хяналттай байна гэсэн үг. Харин хоёр танхимтай байх нь илүү ач холбогдолтой.

Хоёр танхимтай боллоо гэхэд эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзан, зохион байгуулалтаа шийдэх хэрэгтэй. Доод танхим нь байнгын ажиллагаатай байх уу эсвэл тодорхой хууль тогтоомж хэлэлцэх үед цуглардаг байх уу гэдэг тал дээр зөвшилцөх хэрэгтэй. Хамгийн гол нь энэхүү системийн өөрчлөлт нь Монгол Улсыг цааш хөгжүүлэхэд чухал нөлөөтэй байх ёстой. Өнөөдрийн энэ тогтолцоогоор хөгжихгүй гэдэг нь нэгэнт ойлгомжтой болсон. 

Мөн Сонгуулийн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгараад байна. 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулсан нь дэвшил байсан. Онолын хувьд аваад үзэхэд пропорциональ систем нь өөрөө эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд ээлтэй гэж үздэг. Гэтэл 2016 оны сонгуулийг мажоритар системээр явуулна гэхээр үнэндээ жаахан айж байлаа. Хэдэн мөнгөтэй хүмүүс л гарч ирнэ дээ гэж бодож байсан ч 13 эмэгтэй гишүүнтэй болсонд баяртай байгаа. Гэхдээ тооноос гадна чанарт анхаарах нь зайлшгүй юм. 

Парламент хоёр танхимтай боллоо гэж бодъё. Доод, дээд танхимын гишүүд ямар хүн байх ёстой гэж үзэж байна?

Ийм асуулт ирнэ гэж бодоогүй учраас хариулахад бэлэн биш байна л даа. Гэхдээ өөрийн уншиж судалсан хүрээнд хариулъя л даа. Мэдээжийн хэрэг дээд танхимд хууль эрх зүйн талаасаа мэргэшсэн, чадварлаг хүмүүс байх нь чухал. Төрийн бодлого боловсруулахдаа мэргэжлийн үүднээс хандаж, дүн шинжилгээ хийнэ гэсэн үг л дээ. Тухайлбал, дэд бүтцийг хөгжүүлэхээр олон санал, санаачилга гарлаа гэхэд тэр бүхэнд дүн шинжилгээ хийж, оновчтой бодлого тодорхойлдог чадвартай хүмүүс байх хэрэгтэй болов уу. Доод танхимыг судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтэн, судлаачдаас бүрдүүлэх нь зүйтэй байх.

Бодлого яагаад хэрэгтэй гэж? Бодлого гэж чухам юу юм бэ гэсэн асуулт урган гарах байх. Бодлого бол хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөө, тэдний хэрэгцээ шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл өнөөдөр бодлого боловсруулахдаа тухайн нийгмийн бүлгийн эрэлт хэрэгцээг тэр чигээр нь тусгаж чадаж байна уу, бодлогын алдаа, оноо нь юундаа байна гэдэгт дүн шинжилгээ хийж, засаж сайжруулахад анхаарахгүй байна.

Хууль баталлаа. Яаж хэрэгжиж байгаа нь тодорхойгүй байна. УИХ-аас Тамхины хяналтын тухай хуулийг баталсан. Эхэндээ хуулийн хэрэгжилт ямар байгааг мэргэжлийн хяналтынхан шалгаж байсан. Гэтэл одоо хуулийн хэрэгжилтэд хэн хяналт тавьж байна? Хэн ч хянахгүй. Хаана ч чөлөөтэй тамхи татдаг болсон байна. 

Хууль бол амьдрал юм, хууль амьдралаас урган гардаг гэж ойлгодог. Нөгөө талаар угтаа бол улс төрийг хүний төлөө, хүний сайн сайхан амьдралын төлөө хийх ёстой юм. 

Ярилцсанд баярлалаа. 

Г.Мөнхтуяа