Монгол Ардын намын дарга М.Энхболд
2016.02.18

Сөрөг хүчин болохоор л хортой ундаа өгөх нь гэж боддог юм уу

Монгол Ардын намын дарга М.Энхболдын "News" агентлагийн "Оны онцлох хүн"  нэвтрүүлэгт оролцохдоо нийгэм, улс төрийн өргөн хүрээтэй сэдвээр ярилцсан.  Үүгээр хөндсөн гол сэдвүүдээс нь тоймлон хүргэж байна. 

  • Оюутолгойн гэрээ 

Би энэ ажил хариуцаж байгаа хүмүүсийг бүх зүйлийг  мэддэггүй юмаа гэхэд хариуцаж байгаагаа эхнээс нь судалсан, ямар байдалтай байсан түүхийг нь мэддэг, хэн ямар байр суурьтай байсныг андахгүй байдаг болов уу гэж бодсон юм.  Тэр Б.Бямбасайхан гэж залуу нэлээн сүрхий залуу шиг харагддаг юм. Да.Ганболдыг би мэднэ. Монголын нэртэй сайн эдийн засагчийн нэг. Манай аавын шавь, бидэнтэй ойр дотно байдаг. Гэтэл өнөөдөр энэ Оюутолгойн гэрээ хэлцлийг хариуцаж байсан нөхдүүд урьд нь юу болж байсныг мэддэггүй юм байна лээ. Би 2007 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Рио-Тинто болон Айванхуа Майнзийн удирдлагуудтай гэрээ хэлцэл хийгээд  УИХ-д хөрөнгө оруулалтын гэрээ өргөн барьсан.

Тэндээс цөөхөн зүйлийг хэлээд ийм ийм зүйлийг наад хөрөнгө оруулагчид чинь зөвшөөрч байсан шүү дээ гэсэн чинь ажил хариуцаж байсан хүмүүс нь "ийм юм байдаг бол сайхан аа" гэж хэлж байгаа юм. Тэр нь юу байсан бэ гэвэл 34 хувийг хэзээ ч хүү төлөхгүйгээр авахаар  тохирсон байсан. Өнөөдөр 34 хувийн хүү өдөр бүр өсч байна шүү дээ. Нөгөө талаар 2007-2011 онд хөрөнгө оруулагч тал өөрөө 100 хувь хөрөнгөө гаргаад зэс хайлуулах үйлдвэр барьж дуусгана. 2011 онд үйлдвэрээ барьж дуусахгүй бол 2007 оноос хойш олборлосон бүх зэсийн баяжмал дээр 68 хувийн татвар төлнө гэдгээ хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрсөн байсан.  Эдгээрийг Дубайд аваачаад чанарыг нь муутгачихсан. Яагаад ингэв гэдгийг нь асуухаар "Ийм юм байдаг бол сайхан аа" гэж хариулж байна.  Ажлыг ингэж хариуцаж болохгүй ээ. Төсөл бол ер нь явах ёстой. Гэхдээ Дубайн гэрээнд асуудал бий. 

  • Засгийн газрыг огцруулах тухайд 

Хүмүүс Засгийн газрыг огцруулах асуудлыг манайх гаргаж тавьсан гэж яриад байгаа юм. Бид бол Засгийн газрыг огцруулья гэвэл өнөөдөр ч огцруулж чадна.   УИХ-ын 26 хүн гарын үсэг зураад асуудлыг хөндөж болно.Гэхдээ бид ингээгүй.  Саяны Засаг огцруулах асуудлыг бид гаргаж тавиагүй. Манай зарим гишүүд дэмжсэн. Гишүүд яагаад Засаг огцруулахыг дэмжив гэдгийг бодох хэрэгтэй. Манай нам зохион байгуулж оролцсон зүйл байхгүй.  Сөрөг хүчин ер нь бол хариуцлага нэхэж байх учиртай. Хариуцлагагүй байдал бий болгосныг даамжруулбал иргэд тэсэхгүй хэмжээнд хүрч байна шүү. 

  • Улс төрийн хямралын тухайд 

Эдийн засгийн бодлогогүй авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ямар хор нөлөөтэй юм бэ гэдгийг одоо харж байна.  Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоол гарч байхад манай намаас 50 гаруй саналыг бичиж өгч байсан.  Өрийн сан байгуулах, нийгмийн халамжаа цэгцлэх саналууд гаргасан. Ерөөсөө хүлээж аваагүй шүү дээ. Сөрөг хүчин болохоор л хортой ундаа өгөх гэж байна боддог юм уу. Хүн урьд нь ямар ч ажил хийдэг байсан байж болно. Ард түмэн санал өгч ялуулаад төрийн түшээ болгосон бол ард түмний итгэлээр сонгогдлоо эх орны эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой гэдгээ ойлгох ёстой. Ингэж чадахгүй бол хоёр, гуравдахь удаагаасаа сонгогдохгүй л байх ёстой. 

  • Сонгуулийн хууль 

Сонгуулийн  хуулийн тухайд Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Хоёр жил ажиллаад сүүлдээ өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн. Бид Сонгуулийн хуулийг яаж хэлэлцэх вэ гэдгийг бодсон. Би 2013 оноос хойш Монголын бүх улс төрийн намуудыг урьсан уулзалтыг 12 дахь удаагаа хийж байгаа. Үндэсний зөвшилцлийн 13 дахь удаагийн уулзалтыг Сонгуулийн хуулийг хэлэлцсэн. Тэндээс шинэ Сонгуулийн хууль боловсруулах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг гаргахад Л.Эрхэмбаяр дарга гараа өргөж, дэмжсэн. Хуулиа боловсруулаад өргөн барьсан. Ингэж шахалт үзүүлж байж гурван Сонгуулийн  хуулийг хэлэлцэх эх суурийг тавьсан. Түүнээс биш араар нь чимээгүй хийсэн зүйл байхгүй. Одоогийн сонгуулийн 100 хувь хар машинаар санал тоолох саналтай байсан ч арайхийн 50 хувийг нь хар машинаар тоолохоор зөвшөөрүүлсэн. 

  • Улс төрийн намын хуулийн тухайд 

Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж УИХ шийдвэр гаргасан. Яг энэ асуудлыг хэлэлцэхийн өмнө Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцээд энэ хоёр асуудал дээр манайх 26 саналтай байсан. Хоёуланг нь эсэргүүцсэн. Энэ хуулийг сөрөг хүчний хувьд Ардын нам унагаачихлаа гэж ярих нь утгагүй. Энэ хуульд хүний эвлэлдэн нэгдэх эрхтэй холбогдох, орон нутагт амьдарч байгаа иргэдийг хооронд нь ялгаатай үзсэн. 3000 хүнтэй суманд төрөөгүй залууст ямар буруу байх билээ.  СЕХ-г улс төрийн байгууллага болгосон. Олон зөрчилтэй асуудал байсан учраас дэмжигдээгүй байх.  

  • Намын санхүүжилт 

Намын санхүүжилт хүнд хэцүү. Манай нам санхүүгийн аудитын байгууллагад байнга үзүүлж, харуулж явдаг. Сүүлд нь янз бүрийн зүйл болохвий өгдөг мөнгийг нь төлөөд аудит хийлгээрэй гэж би хэлдэг.  Гишүүн олон учраас татвар орж байна. УИХ-ын суудлын тоогоор мөнгө авдаг. Ний нуугүй ярихад Тусгаар тогтнолын ордны зарим хэсгийг түрээслүүлдэг. Сонгууль дөхөхөөр зарим бизнесмэнүүд дэмжлэг үзүүлдэг. Энэ нь ил тод байдаг. 

  • Үндсэн хуулийн Цэц 

Эрх баригчдын буруугаас үүдэн Үндсэн хуулийн Цэцийн хямралт байдал бий боллоо. Асуудалд үнэн бодитой байдлаар л хандах хэрэгтэй. Засгийн газрын нөөц сангаас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд машин авч өгөөд Засгийн газрын гишүүнийг огцруулдаг УИХ-ын эрхийг байхгүй болгочихсон бол шүүмжилж ярихаас өөр яах юм. Бид Цэцийн даргыг огцруулж байгаа асуудалд бид яагаад эсрэг байр суурьтай байна вэ гэхээр ерөөсөө хууль. Дээд шүүхээс энэ хүнийг эргүүлж татах үндэслэл алга гээд хэлчихсэн.  Нөгөө талаасаа УИХ-ын Тамгын газрын дарга Болдбаатар гэж нөхөр хууль зөрчлөө гээд байгаа болохоос ямар ч шүүх  Ж.Амарсанаа хууль зөрчлөө гэдэг шийдвэр гаргаагүй. УИХ-ын Тамгын газрын дарга гэдэг хүн УИХ хуралдуулах бэлтгэл хангах үүрэгтэй. 

  • МАХН-тай нэгдэх тухай 

МАХН-тай нэгдэх тухай асуудлыг хүмүүс дандаа сонгууль харж яриад байгаа юм.  Миний хувьд 2016 оны Сонгуулийн өмнө ч бай дараа ч бай хамаагүй энэ хоёр нам нэгдэх ёстой гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ хоёр нам нэгдэж байж энэ улсын эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн амьдрал сайжрах юм байна. Ингэж байж хүчтэй зүйлүүдийг хийж, улс орныг авч явах юм байна.