Малчдын амьдрал ахуйг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллана
УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.
-Таныг “Ачлал”-ын М.Билэгт гэдгээр хүмүүс сайн мэддэг. Харин өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ялалт байгуулж УИХ-ын гишүүн боллоо. Улстөрд орох бэлтгэлээ хэзээнээс эхэлсэн бэ?
Манай орон зах зээлд шилжсэн эхний жилүүдэд ганзага хийж, гахай үүрч хувийн бизнесээ босгох гээд суурин суудаггүй байлаа. Ингэж байгаад намын гишүүний хувьд МАН-ыг сонгуульд ялуулахын тулд 1996 оноос хойш идэвхтэй оролцож ирсэн дээ. 1996 оноос хойш 20 жил өнгөрчээ. Нам, олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүргэж явсаар аяндаа тохироо бүрдэж “За би ер нь шийдвэр гаргах түвшинд УИХ-д нэр дэвшье” гэж шийдэж яг хийж зориглосон үе бол 2007, 2008 он байсан.
-2012 оны сонгуульд таныг нэр дэвшиж байсныг санаж байна?
Тэр үед манай ард түмний олонх нь Ардчилсан намд саналаа өгсөн. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвших боломж гарсан л даа. Энэ удаа Монголын ард түмний дийлэнх нь МАН-д итгэл хүлээлгэлээ. Манай иргэд сонгуульд оролцож сурч байгаа юм байна.
Төрийн эрх барих үүргээ тодорхой хэмжээгээр ойлгодог, тэр үүргээ биелүүлэх боловсролтой болсон нь өнгөрсөн сонгуулиар харагдаж байгаа. гэж бодож байгаа. Учир нь МАН үеийн үед Монгол Улсыг удирдаж байхад ард түмэн хоёр идээгүй ч хоосон хонохгүй ажилтай орлоготой байжээ гэдгийг сүүлийн гурван жил ард түмэн ойлгох шиг боллоо гэж бодсон. Би ард түмнийхээ сонголтод сэтгэл хангалуун байгаа. УИХ-д 65 суудалтай болсон нь ард түмнийхээ сэтгэлд хүрсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж юм.
Сүүлийн 20 гаруй жилийн улс төрийн байдлын нэг том алдаа нь заавал улс төр хийж нэгнийгээ шүүмжилж, гацааж түүгээрээ олонд танигдах улстөрчид олширсон. Эдийн засгийн хямрал болчихоод байхад улс орныг хөгжүүлье, ард түмэнд хэрэгтэй шийдвэр гаргая гэсэн сэтгэлээр биш зөвхөн өөрийгөө таниулах популизм хийх гэсэн хандлагатай УИХ-ын гишүүн олон сонгогдож байлаа. Сая гэхэд 76 гишүүний 38 нь анх удаа сонгогдсон хүмүүс байна шүү дээ. Олон түмэн бас зөв юмаа харж сонгосон байх гэж харж байгаа.
-Таны хувьд ямар асуудалд анхаарал хандуулж ажиллах вэ. Өмнөх Их хурлын эмэгтэй гишүүд хүүхэд, гэр бүлийн чиглэлийн хуулиуд дээр нэгдэж анхаарлаа хандуулж ажиллаж байсан?
Би малчны хотонд төрж, өсөж, тэр амьдралыг бие махбодиороо мэдэж, мэдэрсэн хүн. Тиймээс малчин түмэн, хөдөө суманд амьдарч байгаа ард иргэдийн төлөөлөл болох, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж, аж амьдралыг дээшлүүлэх, ажил үйлчилгээ хийж байгаа зүйлийг нь тогтвортой явуулах тийм бодлого шийдвэрийг гаргахад дуу хоолойгоо хүргэх юмсан гэж дандаа бодож зорьж явсан хүн. Сүүлийн хоёр жилд бол малчны хотонд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ үнэхээр унасан шүү дээ. Тэгсэн мөртлөө ард иргэдийн хэрэглэж байгаа бүтээ г д эхүүний үнэ өсөөд байдаг.
Долларын ханш өсч байгаа учраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс аргагүй. Манайх үйлдвэрлэгч орон биш. Эргээд харахад манай орон малчныхаа хотонд мах, сүү л үйлдвэрлэдэг байсан юм байна. Монгол орныг малчингүйгээр төсөөлөх аргагүй. Бид гадаадаас мах импортолдог болчих юм бол тэрний үнэ дааж давшгүй хэмжээнд очно биз дээ. Монголчууд махгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй.
Өөрөөр хэлбэл мал аж ахуй дээр манай орны гол үйлдвэрлэл явж ирсэн юм байна. Тэгэхээр малчин түмнийхээ хотонд үйлдвэрлэгдэж байгаа тэр бараа бүтээгдэхүүний үнийг дээшлүүлж, байнга тогтвортой байх нөхцёлийг бүрдүүлэхийн тулд, тэнд жмжмг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар гарц байдаг юм, ямар хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх ёстой байдаг юм үүн дээр л одоо шийдвэр гаргах түвшний хүмүүстэй санаа бодлоо уралдуулж, ойлголцож, зөв шийдвэрүүд гаргахын төлөө ажиллана. Миний гол зорилго бол энэ. Өөр бас нэг зүйл бий.
-Тэр нь?
Зах зээлд шилжсэнээс хойш 20 гаруй жилийн хугацаанд манай иргэдийн эрүүл мэндийн асуудал анхаарахаас аргагүй байдалд хүрсэн. Би эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн биш. Үйлчлүүлэгчийн байр сууринаас харж тав, зургаан жилийн өмнөөс үнэхээр эрүүл мэндийн салбарыг өөд нь татах, ард иргэдээ эрт оношлоход ямар туслалцаа, хувь нэмрээ оруулж болох юм бэ гэдгийг бодож эхэлсэн. Ингээд өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний менежментийг оруулж ирэхэд юу хэрэгтэй юм бэ гэдгийг судалж үзсэн л дээ. Монголчууд “Саалиа бэлдэхээр саваа бэлд" гэж хэлдэг шүү дээ.
Түүн шиг өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн менежментийг Монголдоо нэвтрүүлэхэд хамгийн түрүүнд шаардлага хангасан эмнэлгийн барилга хэрэгтэй юм гэдгийг мэдэж авсан. Ингээд Японы эмнэлгийн барилгын стандартыг хангасан эмнэлэг барьчих юм бол япончууд тоног төхөөрөмжтэйгөө, менежментийн багтайгаа орж ирнэ. Тэгвэл манай иргэд тэр өндөр хөгжилтэй орны эмнэлгийн оношлогоонд Монголдоо хамрагдах нөхцөл бүрдэж болох юм байна гэдгийг энэ судалгааныхаа явцад мэдэж авсан.
Тэр эмнэлэгт ажиллах боловсон хүчний 80-90 хувь нь монголчууд байна. Улмаар таваас арван жилийн дараа Японы эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа менежмент Монголд нутагшаад үлдэх боломжтой болох юм. Ингээд 300 ортой хавдрын эмнэлгийн барилгыг барьж эхэлсэн. Эхний 120 ортойг нь өнгөрсөн дөрвөн жилд барьчихлаа. Өргөтгөл 180 ортой эмнэлгийн барилгын суурийг хийчихсэн.
Монголд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулахад хамтарч ажиллах японы багтай санаа нэгдээд байгаа. Энэ одоо миний монголчуудынхаа төлөө хийх хамгийн чухал ажил болоод байгаа. Үр дүн нь ч гарна. Ирэх жилийн өдийд гэхэд би эхний 120 ортой эмнэлгийг ашиглалтад оруулчих төлөвлөгөөтэй байна. Монголчуудаа эрүүл урт наслахад хэрэгтэй хамгийн эрт оношлогоог хийх өндөр хөгжилтэй орны менежментийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлээд явж байгаагаараа өөрөөрөө бахархдаг.
-УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Өргөдлийн байнгын хороонд хуваарилагдсан байсан. Яагаад эдгээр байнгын хороог сонгох болов?
Би эмэгтэй хүний хувьд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд орох хүсэлтээ өгсөн. Энэ байнгын хороогоор дамжуулан өрх гэр бүлийн амьдралыг дээшлүүлэх, тэнд хэрэгжүүлэх ажилд нь өөрийнхөө дуу хоолойг хүргэж бодлого боловсруулахад оролцъё гэж бодсон.
Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд орох хүсэлтээ тавьсан. Олон гишүүд тэр байнгын хороонд орох гэсэн юм шиг байна лээ. Ингээд Өргөдлийн байнгын хороонд хуваарилсан. Гэхдээ Өргөдлийн байнгын хороогоор дамжаад ард иргэдийнхээ өргөдөл санал бодлыг шийдвэрлэх боломжтой шүү дээ.
-Таны хувьд олимпийн аварга Н.Түвшинбаяртай нэгтойрогт өрсөлдөж 98 хүний илүүгээр ялалт байгуулсан. Хамгийн өрсөлдөөнтэй тойрог байсан байх. Энэ зун тойрогтоо очиж ажиллах уу?
Бүх сумдаараа явж уулзалт хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ бас очихдоо хэлэх юмтай очьё гэж бодож байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсрогдож гарахыг хүлээе. Үүнтэй холбогдуулаад бас ээлжит бус чуулган хуралдана гэж манай намын УИХ дахь бүлгээс зарласан. Тэгэхээр ээлжит бус чуулганаар МАН-ын мөрийн хөтөлбөртэй холбоотой тодорхой шийдвэрүүдийг гаргана байх гэж итгэж хүлээж байгаа. Ингээд есдүгээр сарын эхээр хөдөө сумдаараа явж уулзалт хийнэ гэж төлөвлөж байна даа.
-Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж байсан ч мөн л“давхар дээл”-ийг давтлаа. Мөн дэд сайдуудын орон тоог арайхийж алга болгож байхад буцаагаад оруулаад ирлээ гэсэн шүүмжлэл сөрөг хүчний зүгээс хэлж байгаа. Үүн дээр УИХ-ын гишүүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?
Урд нь 16 “давхар дээл”-тэй сайд байсан бол сая тав болголоо. Ард иргэдийн олонхийн саналыг аваад УИХ-ын гишүүн болсон, олон түмний итгэлийг хүлээсэн хүмүүсээс Засгийн газарт оруулснаар илүү хүчтэй тогтвортой болох боломж бүрдсэн байх гэжхаржбайгаа. Мэргэжлийн бус гэдэг бол зүгээр шүүмжпэл болов уу. Салбараа удирдаж чадах сайн менежерүүд сонгогдчихлоо гэж харж байгаа. Хамгийн гол нь тухайн салбарыг сайн удирдаад, сайн менежер хийж чадах сайд байх юм бол тэр мэргэжлийн өндөр чадвартай боловсон хүчнүүдийг ашиглаад салбарыг босгоод ирж чадна шүү дээ.
Дэд сайд ямар хэрэгтэйг өнгөрсөн хавар бид харсан. Эрүүл мэндийн сайд нь ажлаа хийх боломжгүй болсон үед тэр яам ажил үнэхээр цалгардаж байсан шүү дээ. Сайд нь ажлаа явуулах боломжгүй нөхцөл бүрдсэн тохиолдолд тэнд дэд сайд байснаар ажил цалгардахгүй. Дэд сайд орлоод хийгээд явчихна. Тэгэхээр дэд сайдыг хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Цаашдаа ч тэр яамандаа сайд хийх сайн боловсон хүчнийг бэлдэхэд дэд сайдын албан тушаал хэрэгтэй юм байна гэж харж байгаа.