Ж.Мөнхжаргал: Дарга төрхтэй биш дэмжигч төвтэй намын үнэлэмж ирээдүйд өснө
2013.10.25

Ж.Мөнхжаргал: Дарга төрхтэй биш дэмжигч төвтэй намын үнэлэмж ирээдүйд өснө

МАН-ын XXVII  их хурлын залуу төлөөлөгч,  улстөр судлаач, “Политика” холбооны тэргүүн Ж.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Их хурлын 1134 төлөөлөгчийн хэдэн хувь нь залуучууд байна вэ, Монгол Ардын намыг ажиглаж байхад залуучуудын хүсэл сонирхолыг татаж чадахгүй байх шиг харагддаг. Энэ талаар яриагаа эхэлье?

-Миний хувьд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, МАН-ын 99-р үүрээс төлөөлөгчөөр сонгогдсон.

Дүүргээ ажиглаж байхад залуус олонх нь байгаа. 1134 төлөөлөгчдийн хэдэн хувь нь залуу, дунд, ахмад гэсэн тоог хараахан аваагүй байна.

МАН бол ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн алтан хэлхээн дээр оршдог нам.

1990 оны ардчилсан өөрчлөлтийн үед төрсөн хүүхдүүд сонгуулийн насанд хүрч, тэр үеийн залуучууд идэр насынхан болсон. Ирээдүйд ахмадууд цөөрч, залуус нэмэгдэх нь хорвоогийн жам. Залуустай ажиллах арга барилдаа бодлогын өөрчлөлт авчрах шаардлагатай байгаа нь МАН-ын хувьд өмнөх сонгуулиудаар харагдаж байгаа. 

Цаг үеэ дагаад сонгогчдын үнэлэмж өөрчлөгдөж, шинэ зүйлийг хүсдэг юм байна.

Нийгмийн шаардлагад нийцүүлэн шинэчлэгдэж чадаж буй институц л хамгийн удаан оршин тогтнодог болохыг номноос ч уншлаа, улс орнуудын түүхээс ч харлаа.

Иймээс залуучуудын оролцооны “Залуусын мөрөөдлийг сонс” төслийг орон даяр эхлүүлэх шинэ санаачлага дэвшүүлж байна.

-Ер нь хүн заавал улстөрөөс хамааралтай амьдрах ёстой юм уу, өөр сонирхолтой өчнөөн зүйл хорвоо дээр байна шүү дээ.

-Заавал бол үгүй л дээ, хүн бол улстөрийн амьтан гэдэг үгийг сонссон байх. Ихэнх хүмүүс улстөрийн амьдралаас илүү гэр бүл, үр хүүхэд, ажил алба, найз нөхөд гээд өөр чухал зүйл хүсдэг, сонирхдог нь үнэн.

Иргэдийг улстөрийн амьдралд оролцуулах, нийгэмшүүлэх нь хоёр талын үр дүнтэй. Бодлого боловсруулахдаа гишүүд дэмжигчдээ оролцуулах замаар хэлэлцүүлэг хийх нь улстөрийн намд маш чухал. Иргэд оролцоогоороо дамжуулан улстөрийн боловсрол давхар олж авдаг.

Улстөрийн боловсролтой хүмүүс ходоодны сонголт хийдэггүй. Энэ нь эрүүл төр бүрэлдэн бий болох, улмаар нийгмийн хөгжилд сайн үр нөлөөтэй. Шинэчлэгдэх МАН үүнийг тойрч гарч болохгүй.

-Ардчилсан систем ийг дэмждэг хүн Монгол Ардын намын гишүүн байж болох уу?

-Зөв асуулт байна. Болно. Би ч Ардчилсан дэглэлийг дэмждэг, үүний төлөө байдаг хүн.

Энэ нь Ардчилсан намыг дэмжих ёстой гэсэн үг огт биш. Монгол Ардын нам ч нийгмийн ардчилалын төлөө явж байгаа. Залууст яг ийм буруу ойлголт байдаг юм.

Ардчилсан системийг дэмжих нь АН намыг дэмжинэ гэж ойлгодог. Залуус итгэл үнэмшил, үнэт зүйлсээ ялгаж салгаж ойлгох, бас тэдэнд ойлгуулах нь чухал байна.

Хойд Солонгос өөрсдийгөө мянга Ардчилсан гэж нэрлээд ардчилсан дэглэмтэй улс болчихгүй, Хүн төрлөхтний олж бүтээсэн Ардчилсан системийг өөр дээрээ наах, нам дээрээ өмчлөх нь утгагүй зүйл. Нобелийн энх тайвны төлөөх шагналт, Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи “Дүр эсгэсэн ардчилал бол дарангуйлалаас хортой” гэж хэлээд явсан нь зүгээр нэг хэрэг биш.

Ганц намтай ардчилал, ардчилсан улс гэж байхгүй учраас МАН-ын шинэчлэл бол ардчилсан дэглэм дэхь улстөрийн намын ардчилсан шинэчлэл. 

-Ардчилал бол сайн засаг биш гэхдээ хүн төрлөхтөн үүнээс сайныг олоогүй байна гэж үг бий.

-Тийм. Английн ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан төрийн гарамгай зүтгэлтэн Уинстон Черчиллийн хэлсэн ийм үг байдаг.

Жишээ нь Грекчүүдийн хувьд Ардчилал нь 3 гол дутагдалтай байсан байдаг. Энэ дүр зураг манай нийгэмд харагдаж буй мэт санагддаг.

Нэгдүгээрт Олонх эрх мэдлээ цөөөнхийг дарангуйлахад ашигладаг, хоёрдугаарт Хүмүүс сэтгэл хөдлөл болон тэвчээргүй байдалд амархан автагдаж, учир шалтгааныг умартдаг, Гуравдугаарт тэд нийгмийн ашиг сонирхолыг мартан, өөрсдийн хувийн ашиг сонирхолд хөтлөгддөг.

Эрх чөлөөний баатрууд өөрсдөө эрх чөлөөндөө аюул учруулдаг гэж үг бий. Францын судлаач А.Токвиль ардчилалын хамгийн аюултай зүйл бол “Олонхийн дарангуйлал мөн” гэж тодорхойлсон байдаг.

Би энэ системийг үгүйсгэж байгаа юм биш. Харин ч дэмждэг болохоо хэлсэн. Гэхдээ хамгийн төгс гэж бодсон зүйл дээр хүртэл алдаа байгаа биз. Алдааг засаж залруулахгүй бол засаглалын хямрал бий болдог.

-Ер нь засаг хэр ажиллаж байна вэ?

-2008 онд эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал үүнээс улбаалсан бэрхшээлийг МАН-ын тэргүүлсэн, хамтарсан засгийн газар авч гарах үүргийг хүлээсэн. Гаднаас хамааралтай глобаль хямалыг харин ч хүндрэл багатай давж чадсан гэж боддог.

Гэтэл өнөөдөр гадна талдаа зүгээр байхад дотроо төрөө удирдаж чадахгүй бужигнуулаад байна. Н.Алтанхуягийн толгойлсон засгийн газар огцрох ёстой гэдэг дээр бие даагч УИХ-ын гишүүд санал нэгдэж байна, үүнийг дэмжинэ.

Төсөв 1 их наяд, 500 тэрбум төгрөгөөр тасарлаа. Гадны хөрөнгө оруулалт эрс буурлаа, улсын нэр хүнд унаж байна, төгрөгийн гадаад валюттай харьцах харьцаа 23 хувиар уналаа.

Юмны үнэ өсч, цалин тэтгэвэр нэмэгдэхгүй байгаа учраас иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Өдөр бүр талх авдаг байсан айл, нэг өнжөөд авдаг болж байна.

Ингэхээр ядуу өрхийн тоо улам нэмэгдэнэ. Бодлого алдаатай нь харагдаж байна. 90 хувь нь УИХ-ын гишүүдээс бүрдсэн засгийн газар “МУУ” ажилласан ч огцорч өгдөггүй юм байна.

Засгийн газар огцрох нь сайн зүйл биш гэхдээ муу засаг удаан байх нь улсын хөгжилд хортой талаар нэртэй улстөрчид хэлдэг. Энэ үнэн үг. 

-Ямар ч тойроггүй хэрнээ, намын нэрээр жагсаалтаар УИХ-ын гишүүн болдог шинэ тогтолцоо манайд бий боллоо. Эн хэр оновчтой вэ?

-Сонгуулийн пропорционал систем л дээ. 2012 оноос манайд орж ирсэн.

Намын нэр хүнд өндөр байж парламентад олон суудал авдаг. Гадны намуудыг ажиглаж байхад хамгийн шилдэгүүдээ жагсаалтанд багтаадаг.

Нийгмээс дэмжлэг авч чадах залуучууд, эмэгтэйчүүд, эрдэмтэн судлаачид гээд бүх төлөөллийг багтаах хандлагатай байна. 2012 онд бол МАН жагсаалтыг урамшуулал, шагнал болгож хувиргасан.

Энэ бол буруу. Хойшид энэ байдал хэвээр үргэлжлэх аястай байвал намын нэрээр буюу жагсаалтаар 1 хүн нэг л удаа УИХ-ын гишүүнээр сонгогдох боломжтой байх шаардлагыг тавина.

Энэ бол улстөрийн соёл, намуудад байх ёстой дотоод ардчилал, эрүүл хэв маяг болох ёстой. Насаараа УИХ-ын гишүүн байх ёстой юм шиг аашилдаг хүмүүст хязгаарлалт хийх нь зөв.

Өөрөөр хэлбэл 2012 оны УИХ-ын сонгуулиар намын нэрээр УИХ-ын гишүүн болсон хүн 2016 онд жагсаалтанд орох боломжгүй гэсэн санаа. Тойрогт өрсөлдөх эрх нь бол нээлттэй байна. 

-Улстөр судлаач хүний хувьд улстөрийн намуудын нэр хүндийг ямар хүчин зүйлээс болж унаж байна гэж үздэг вэ?

-Намын бодлогоор хэрэгжиж буй төрийн бодлогын нийгмийн амьдралд үр дүнгээ өгөхгүй, сонгуулиас сонгуулийн хооронд хий хоосон амлалт, цаг хугацаа аргацаасан бодлого, хөтөлбөрүүдээр өрсөлдөж буй нь намуудыг нэр хүндгүй болгож байгаа.

Үүнээс үүдэн иргэдийн төрд итгэх итгэл суларч, сонгуулийн оролцоо буурах хандлага тогтмол ажиглагдаж байна. Дээр нь авилга, хөшүүн хойрго байдал, жирийн гишүүд дэмжигчдээ сонгуулиар л ашиглаад бусад цагт мартдаг, намын дотоод ардчилал муу, ил тод бус хаалттай зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалж унаж байгаа.

Энэ зөвхөн МАН-ын асуудал биш бусад намуудад ч хамаатай зүйл. Байнгийн үйл ажиллагаатай улстөрийн намууд зөвхөн сонгуулийн үед бус шаардлагатай үед PR-ийн зөвлөх, Спин докторуудтай хамтран ажилладаг. 

-Намын даргад өрсөлдөгчид эхнээсээ тодроод эхэллээ. МАН-ыг боловсон хүчний хомсдолд орсон, лидергүй болсон гэх яриа байх юм.

-МАН-ыг лидергүй болжээ, хүний нөөц мууджээ л гэх. Монгол улсын хүний нөөцийн асуудлыг бүхэлд нь шийддэг байсан цаг үе саяхан. Төрийн албан хаагчдыг намаас түтгэлзүүлснээс үүдэн хүний нөөцөд өөрчлөлт гарсан байхыг үгүйсгэхгүй. Боловсон хүчнийг зөв сонгох тал дээр анхаарах л хэрэгтэй.

Хүний нөөцийн данхар бүтэц байх нь сайн биш. Мөн намын удирдах бүрэлдэхүүндээ хоёрдугаар зэргийн албан хаагчдыг дахин оруулбал нэгдүгээр эгнээнд бараг л очихгүй.

Үүнийг харж л байя. Намын ажил бол чадвар, сэтгэл хоёр дээр явдаг даа. Лидер бол нийгмийн шаардлага, олон түмний хүлээлт, өөрийн зүтгэлээр тодорхой цаг хугацаанд үүсэн бий болдог зүйл гэж ойлгодог. Харизматик лидер гарч ирэх хэрэгтэй.

Улс төрийн намын ажил олон эрх ашгийн нэгдэл, томилгооноос болж гомдол  бий болдог зэргийг тооцвол нэг талаас намын дарга багаар сайн тоглогч, лидер байх ёстой.

Нөгөө талдаа манайд сонгуулийн үед олон түмний итгэл намын даргыг дагах хандлагатай учраас нийгмээс дэмжлэг авч чаддаг манлайлагч хэрэгтэй. Энэ хоёрын хослол байвал бүр сайн.

-Монгол Ардын Нам XXVII их хурлаараа шинэчлэгдэж чадах уу, ирээдүйг хэрхэн төсөөлж байна.

Шинэчлэл бол тасралтгүй үргэлжлэх процесс. Хурлын өмнө намын бодлогын баримт бичгүүд, үйл ажиллагааны шинэчлэлийн асуудлаар тал талаасаа цугларч анхан шатгаасаа эхлээд нээлттэй ярьж, хэлэлцэж байгаа нь сайн хэрэг.

Хурлын дараа зохион байгуулалтанд ороод боловсруулсан, баталсан зүйлээ хэрэгжүүлэх ажилдаа орох болов уу. Ирээдүйд цэвэр тунгалаг нь олон ч МАН-ыг яаж гүйцэх вэ, гэж яригдах хүртлээ шинэчлэгдэх шаардлага байгаа.

Ингэхийн тулд хамгийн эхлээд нээлттэй нам болохоос ажлаа эхлэх, намаа хөгжүүлж, гишүүдээ сургах, гишүүд дэмжигчдээ оролцуулдаг, оролцооны ардчилалыг хөгжүүлэх, намын удирдлага захиран тушаах бус зөвлөн манлайлах хэв маягийг эрхэмлэх, дарга төрхтэй биш дэмжигч төвтэй нам болох нь чухал.

Үнэндээ бодож боловсруулах, хийж хэрэгжүүлэх ажил их байна. 

-Өмнөх сонгуулиудад амжилтгүй оролцсон алдаагаа хаанаас хайж байна. Хариуцлага хүлээлгэх хүмүүс байгаа л байх даа.

-Өмнө нь энэ асуудлаар хангалттай ярьсан учраас энэ удаа орхих нь зөв байх. Онооноосоо илүү алдаагаа засах хурал болох ёстой. Гэхдээ алдаагаа холоос эрээд хонзогноод явах нь сайн зүйл биш, олгой хагаравч тогоон дотроо гэж үг байдаг.

Яахаа алдчихсан юм огт харагдахгүй байгаа. Суурь нь зөв барилгыг засах боломж бий. Цаг хугацааны боломж ч манай талд байна.

Ард иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, хүн төвтэй бодлоготой, дотоод ардчилалтай, ёс зүйтэй, үндэсний эрх ашиг, эв нэгдлийг эрхмэлсэн улс төрийн манлайлагч хүчин болж чадна гэдэг итгэл Улаанбаатар хот, 21 аймаг, бүх сумдын төлөөлөл болсон 1134 төлөөлөгч бүрт байгаа гэж бодож байна.

Зөвхөн намаа бус төрөө эрүүлжүүлэх, улс эх орноо зөв бодлогоор хөгжүүлэх, зүүний чиг баримжаа бүхий чинээлэг дундаж давхарыг нэмэгдүүлсэн чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийн тогтолцоотой, залуус нь авилга бус ажил хийж мөнгө олох сэтгэхүйтэй, айж мэгдсэн бус аз жаргалтай монгол хүн олон болох нь бидний зорилт байх учиртай.