Д.Очирбат: Үндэсний үйлдвэрлэл болох барилгын салбараа дэмжих ёстой
2009.12.16

Д.Очирбат: Үндэсний үйлдвэрлэл болох барилгын салбараа дэмжих ёстой

УИХ-ын гишүүн Д.Очирбаттай уулзаж, санхүүгийн хямрал болон энэ оны төсвийн тодотголын талаар ярилцлаа.
-Та нийслэлээс сонгогдсон гишүүдийн нэг. Нийслэлийнхэнд түлхүү хамаатай нэг асуудал бол яах аргагүй орон сууц, барилгажилт. Гэтэл санхүүгийн хямрал хамгийн ихээр нөлөөлж байгаа салбарын нэг нь барилга. Энэ салбарт одоогоор банкны зээлийн 210 тэрбум, иргэдийн 170 орчим тэрбум төгрөг эргэлтгүй түгжигдсэн гэж Ерөнхий сайд мэдээллээ. Хямралын эсрэг төлөвлөгөөний нэг хэсэг ч барилгын салбарт түгжигдсэн хөрөнгийг эргэлтэд оруулахад чиглэж байна. Танд ямар байр суурь байгааг сонирхьё.
-Манай эдийн засагт хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай түүхий эд, мах, ноос ноолуур, арьс шир бэлтгэл гээд хэдхэн салбар л үйлдвэрлэл явуулж байна. Нэг үгээр бол эдийн засгийн бүтэц маань тун ядмаг байгаа юм. Тэр тусмаа үндэсний үйлдвэрлэл гэх салбар тун ядмаг. Энэ дунд босч ирж байгаа үндэсний үйлдвэрлэлийн нэг бол яах аргагүй барилгын салбар шүү дээ. Сайн, муу хэлэгдэж байгаа барилгын салбарын компаниудын 90 гаруй хувь нь монгол эзэнтэй байна. Ердөө гурав орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай барилгын компани байх жишээтэй. Тэгэхээр барилгын салбар үндэсний үйлдвэрлэл болон хөгжиж байгаа гэсэн дүгнэлт хийж болно. Улаанбаатарт сүүлийн сүүлийн 10 жилд орчин үеийн загвар, хийцийн олон барилга, орон сууц боссон. Бидний хөрш Улаан-Үд, Эрхүү, Хөх хотынхон ирээд Улаанбаатар хөгжиж, соёлжиж байгааг, хөгжингүй орнуудын загвартай болж байгааг гайхаж байна. Хотын хөгжлийн нүүр царай, хөгжиж буй залуу хот мөн эсэхийг баригдаж байгаа барилга, барилгын өргөгч цамхгаар хэмждэг жишиг бий. Өнөөдөр Япон, Солонгосын аль ч хотод Улаанбаатарынх шиг олон өргөгч цамхаг, бүтээн байгуулалтыг олж харахгүй. Бүтээн байгуулах, хүн амыг орон сууцжуулах ажлыг үүрч яваа барилгын салбарынхан санхүү, эдийн засгийн хямралд хамгийн их зовж байгаа нь ч үнэн юм. 

Иргэдээс захиалга авч, гэрээ хийгээд барилгын ажлаа эхлүүлээд явж байтал нь барилгын материалын үнэ, нийт гүйцэтгэлийн зардал нь тооцоолоогүй хэмжээгээр өсөөд явчих жишээтэй. Хөл дээрээ босох гэж уруудаж, өгсч яваа барилгын компаниудаа дэмжих нь зөв. Өнөөдөр хөрөнгө оруулалтын гэрээний төслөөр бол 125 сая ам.долларын урьдчилгаа орж ирж байна. Ер нь ямарваа нэг эх үүсвэр олж, барилгын салбараа дэмжих нь эргээд банк, эдийн засгийн эргэлтэд сайнаар нөлөөлнө.
-Барилгын компаниуд хөрөнгө оруулалтаа ихэвчлэн банкны зээлээр шийдсэн юм билээ. Тэгэхээр банкны эзээлийн эргэлтийн хөрөнгө дутуу баригдсан барилгууд дээр түгжигдчихээд байгаа учраас барилга, банк хоёр салшгүй холбоотой гэж та хэлж байна уу?
-Өнөөдөр барилгын ажил нь 70-80 хувийн гүйцэтгэлтэй яваа олон барилга байна. Эдгээрийг хурдан ашиглалтад оруулж, мөнгийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаа юм. Хямралыг дандаа муу талаас нь бодож болохгүй. Энэ хүндрэл барилгын компаниудад бас шигшилт хийлээ шүү дээ. Газрын зөвшөөрлийг нь аваад ашиг олох зорилгоор барилга бариад зардаг мэргэжлийн бус юм уу, гадаадын иргэд шигшигдэн гарч явсан. Одоо үндэсний компаниуд нь шигшигдэж үлдчихээд байгаа. Энэ үед нь дэмжих зөв л дөө.
-Хямралын эсрэг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 1.5 их наяд төгрөг шаардлагатай болж байгаа. Энэ мөнгө эдийн засгийн эргэлтэд ороод эхэлбэл зөвхөн барилгын салбарын ч гэхгүй байдал дээрдэнэ гэж та үзэж байгаа юу?
-Энэ хямралыг сөрж зогсч давна. Тэгэхээр Засгийн газрын  “бүсээ чангал, хэрэглээгээ хязгаарла, төсөв, мөнгөө хэмнэ” гэдэг зарчим бас эргэлзээтэй. Ингээд бүх мөнгөө иргэд, байгууллага эргэлтэд оруулахгүй, хэтэвчиндээ хадгалаад байх нь эдийн засгийг царцаах, зогсонги байдалд оруулах үр дагавартай. Энэ үед байр худалдаад авбал шатчих юм болов уу,  мөнгөө банкинд хийчихвэл буцаагаад авч чадахгүй ч юм болов уу гэдэг эргэлзээг иргэдэд төрүүлэх нь бас сөрөг үр дүнтэй. Эдийн засагт эргэлт явж л байвал хурдан сэхнэ. Хямралыг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр давж гарна шүү дээ.
-Төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж эхэллээ. Төсвийг хэмнэх горимыг дэвшүүлж байгаа шүү дээ?
-Төсвөөс захиргааны чиглэлийн зардал танах, нийгмийн халамжийг эргэн харах талаар ярьж байгаа. Хүүхдэд улирал бүр олгодог 25 мянган төгрөгийг 10 мянга,   залуу гэр бүлийн 500 мянган төгрөгийг 300 мянган болгох, төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувь, төсвийн байгууллагын цалинг 20 хувь бууруулах, хөрөнгө оруулалтыг хойшлуулах зэргээр 300-аад тэрбум төгрөгийг төсвөөс танахаар төсөлд суусан байна. Хямралыг Засгийн газрын зөв менежмэнт, ард түмэн хамтдаа авч гарна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр иргэд рүү мөнгө чиглэх ёстой. Бэлэн мөнгөний гүйлгээ, эргэлт бий болж байж эдийн засаг өснө. Гэхдээ нийгмийн халамжийн хавтгайрсан тогтолцоог цаашид цэгцлэх ёстой юу гэвэл ёстой. Одоо бол цаг нь биш. Цалин, орлого, халамжийн төрлийг цөөлөхөөс өмнө хэмжээг нь багасгах талаар төсвийн тодотголд суулгасан байна. Нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас давхар, давхар тэтгэмж авдаг байдал хавтгайрсан гээд олон зүйлийг цаашид цэглэх ёстой байх. Одоо бол мөнгөний эргэлтийг зогсоож болохгүй. Чин үнэндээ иргэдийн гар дээр эргэлдэж байгаа бэлэн мөнгөний эх үүсвэр нь нөгөө ямааны мөнгө, хүүхдийн мөнгө л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ эргэлтийг гууд зогсоовол бас сөрөг үр дагавартай.
-Төсвийн зарлагыг танах горим тодорхой байна. Харин төсвийн орлогыг яаж нэмэгдүүлэх талаар төсвийн тодотголд тодорхой зүйл байна уу?
-Санхүү, эдийн засгийн хүндрэлийг туулахад шаардлагатай байгаа 1.5 их наяд төгрөгийн задаргааг Засгийн газар оруулж ирсэн байна. Төсвийн байгууллагын ажилчдын цалин буурч байгаа ч ажлын байр нь хадгалагдаж үлдэнэ гэдэг их чухал зүйл шүү дээ. Төр хувийн хэвшлийнхэнд ажлын байрааа хадгалах, орлогыг нь бууруулах замаар эрсдэлээ шийдвэрлэх жишгийг мөн уриалж байгаа гэж ойлгож болно