Д.Очирбат: Мэргэжлийн бус хүн эрүүл мэндийн салбарыг удирдаж буйд сэтгүүл дундуур байдаг
2009.11.05

Д.Очирбат: Мэргэжлийн бус хүн эрүүл мэндийн салбарыг удирдаж буйд сэтгүүл дундуур байдаг

-Та АУИС-ийг эмч мэргэжлээр дүүргэсэн юм билээ. Энэ мэргэжлээрээ ажилласан уу?
-АУИС-ийг төгсөөд тэндээ хэсэг хугацаанд багшилсан. Дараа нь эрүүл мэндийн хувийн байгууллагуудтай төрөөс хамтарч ажиллах үеэр Чингэлтэй дүүрэгт эрүүл мэнд хариуцсан зохион байгуулагч гэдэг шинэ албан тушаалд мэргэжилтнээр, очиж байлаа. Ингэж төрийн албан хаагч болсноос хойших 10 жилийн минь амьдрал Чингэлтэй дүүрэгтэй холбогддог. Мэргэжилтнээр гурван жил ажиллаад дүүргийн Засаг даргын орлогч, Засаг даргын албыг тус бүр дөрвөн жил хашсан. Ер нь улстөрч гэхээр заавал хуульч, эдийн засагч байх албагүй. Эрүүл мэндийн салбарыг төлөөлөх эмч хүн УИХ-д байх хэрэгтэй. Одоогийн парламентад эмч мэргэжилтэй гурван гишүүн бий. Л.Гүндалай, Г.Баярсайхан бид гурав. 76 хүний дотор энэ бол бас л бага хувь шүү дээ.
-Хамтарсан Засгийн газрын Эрүүл мэндийн сайдаар багш мэргэжилтэй С.Ламбаа гишүүнийг томилсон нь багагүй шүүмжлэл дагуулсан. Та эмч хүний хувьд уг томилгоог хэр оновчтой болсон гэж боддог вэ?
-Уг салбарыг төлөөлж УИХ-д сууж буй, бас эмч бэлтгэдэг сургуулийн "бүтээгдэхүүн" учир Эрүүл мэндийн сайдаар багш хүн томилсонд сэтгэл дундуур байгаа. С.Ламбаа гишүүнийг сайдаар томилогдох үед нь "Бодлого боловсруулахдаа багш хүний нүдээр биш, эмч хүний байр сууринаас хандаж, мэргэжлийн эмч, эрдэмтдийн саналыг сайн сонсоорой" гэж захисан.
-Танд тэр үед салбар тэргүүлэх санал тавьсан уу?
-Надад сайд болох бодол байгаагүй. Ямар нэг санал ч тавиагүй. Хамтарсан Засгийн газар байгуулахдаа хоёр нам 60:40 хувийн харьцаатайгаар сайд нараа хувааж авах үед Эрүүл мэндийн яам АН-д оногдсон л доо.
-Та өмнө нь УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан уу?
-Дүүргийн намын дарга байхдаа олон ч хүний сонгуулийн менежер хийж, хамтран ажилласан. Өөрөө бол иргэдийн хүсэлт, намын үүрэг даалгаврын дагуу 2008 оны УИХ-ын сонгуульд анх удаа нэр дэвшсэн.
-Өөрт чинь УИХ-ын гишүүн болох сонирхол бас байсан байлгүй.
-Манай дүүрэг нийслэлдээ хийсэн ажлаараа тэргүүлдэг. Тус дүүрэгт ажиллах хугацаандаа хийсэн ажлыг маань иргэд үнэлсэн байх. Тиймээс ч нэр дэвшихийг санал болгосон болов уу. Мэдээж надад ч бас тэднийхээ дуу хоолой болж ажиллах хүсэл байсан.
-Чингэлтэй дүүрэг өрсөлдөөн ихтэй, бас анхаарлын төвд байсан тойргуудын нэг. АН-ын дарга уг тойрогт нэр дэвшсэн нь ч нөлөөлсөн байх. Өрсөлдөгчид хэр хүчтэй байсан бол?
-Л.Одончимэд, Ч.Сүхбаатар нартайгаа нэг баг болж ажилласан. Өрсөлдөгчид нь бусад намынхан байлаа. Манай тойрогт 28 хүн нэр дэвшсэн шүү дээ. Эцсийн сонголтыг иргэд хийсэн.
-Гэхдээ гол өрсөлдөөн АН, МАХН-аас нэр дэвшигчдийн дунд өрнөсөн байх. Хар РR ч их. Тухайлбал, АН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Г.Баярсайхан гишүүнийг АУИС-ийг төгсөөгүй гэх мэтээр ярьсан. Энэ бүх хар сурталчилгааг МАХН-ын зүгээс "шидсэн" гэдэг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Хар PR-гүй сонгууль гэж байхгүй л дээ. Гэхдээ биенээ дайрсан гүтгэлэг явуулахад тухайн хүний хүн чанарын зааг ялгаа байдаг байх. Тийм дайралт намайг ч тойроогүй. Сонгогчид үүнийг ялгадаг юм билээ.
Г.Баярсайханы тухайд тэр маргааныг хуулийн байгууллагаар шалгуулаад шийдүүлсэн байна лээ. АУИС-ийг төгссөн мэргэжил нэгтэй учир уг салбарынхаа төлөө түүнтэй хамтарч ажиллана л гэж бодож байна.
-Хар PR-гүй сонгууль байхгүй гэлээ. Та тэгвэл өрсөлдөгчийнхөө эсрэг ямар нэг байдлаар хар PR явуулсан юм биш биз?
- Би нөгөө намынхаа зүг хар PR хийсэн гэж хэлэхгүй. Хийгээгүй ч гэж бас хэлмээргүй байна.
-Хэдийгээр та анхан шатны байгууллагад олон жил ажилласан ч УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон. Бэрхшээл их байна уу?
-Дүүргийн Засаг дарга хийх, УИХ-ын гишүүн байх хоёр мэдээж их ялгаатай. Дүүрэгт ажиллаж байхдаа захиргааны голдуу ажил хийж байлаа. Харин одоо бол хууль боловсруулах, батлах, уг хуульдаа иргэдийн болоод салбарын мэргэжилтнүүдийн саналыг тусгах учиртай болж байна. Туршлагатай улстөрчидгүйгээ зэрэгцэж ажиллахын тулд номын санд их сууж, хууль судалж байгаа.
-Ямар номын санд суудаг вэ?
-Төрийн ордны номын санд л их сууж байна даа.
-МАХН-ын гишүүд дотроо лидер дагасан бүлэглэлд хуваагддаг Н.Энхбаярын, С.Баярын, М.Энхболдын гэх мэтээр. Та М.Энхболдын буюу "хотын бүлэгт" хамаардаг байх аа?
-Хүмүүс үзэл бодол, эсвэл хийж байсан ажлаар нь фракц болгох гэдэг юм. "Хотын бүлэг" гэхээр хотод ажиллаж байсан хүмүүсийг оруулдаг байх.Бүлэглэл, эсвэл хувь хүн дагасан фракц гэж байхгүй. Хотод ажиллаж байсан хүн уг салбарынхаа төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэлгүй яах вэ.
-Гэхдээ "Хотын бүлэг"-ээс Ерөнхийлөгч Н.Энхбаярын фракц руу "урвачихсан" хүмүүсийн дунд таны нэр байна лээ.
-Би тэгж нэгээс нөгөө бүлэг руу урваж шарвадаг хүн биш. Өөрийнхөө л үзэл бодлоор явж байна.
-Өөрийн үзэл бодлоо хамгаалахад УИХ нэлээд "халгаатай" газар юм шиг санагдаж байна уу. Бүлгийн шийдвэр л гарсан бол тэр хүний хувийн байр суурь хамаагүй болдог шүү дээ. Өөрөөр хэлбэл, бүлгийн шийдвэрийг дагаж гар өргөх л үүрэгтэй мэт харагддаг.
-Хэдийгээр тухайн асуудалд би эсрэг байр суурьтай байсан ч олонхын шийдвэрийг л дагана. Намын харьяалалд байгаа хүн олонхын шийдвэрийг л хүндэтгэх хэрэгтэй болдог.
-Дэд сайдуудын томилгоог ярьж байна. УИХ-ын сонгуульд "унасан", эсвэл ямар нэг байдлаар хоосон хоцорсон хүмүүст уг албан тушаалыг "бэлэглэдэг". Та үүнтэй санал нийлэх үү?
-Бэлэгнийх үү, томилгооны албан тушаал уу гэдгийг мэдэхгүй юм. Төрийн албан хаагчийн албан тушаалыг бэлэгнийх гэж болохгүй байх.