2009.02.08

Д.Тэрбишдагва: Хүн нэг бодол, нэг зарчимтай л байх ёстой

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-Чуулганы завсарлага эхэлж гишүүд ч хөдөө гадаа яваад эзгүй болчихлоо. Харин та завсарлагааны энэ өдрүүдэд урьдын адил өглөө эрт ирж, өдөржин сууж байгаа харагдах юм?

-Чуулганы завсарлага гэдэг нь гишүүдийн хувьд амралт биш юм. Тэгээд ч байнгын ачаалалтай ажилладаг хүмүүс тэр хэмнэлээ алдахгүй байх нь чухал. УИХ-ын гишүүд завсарлагаанаараа дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлуудаа судалж, байнгын хорооноос зохион байгуулж байгаа ажлуудад идэвхтэй оролцох ёстой байдаг. Би Эдийн засаг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр ажилладгаас гадна саяхан Хууль зүйн байнгын хорооны гишүүн болсон. Тиймээс байнгын хорооноосоо зохион байгуулж байгаа ажлуудад оролцоод явж байна даа. Ер нь газар дээр нь очиж үзэх хамгийн чухал байдаг. Алсаас удирдах нь их хөндий хоосон байдаг төдийгүй түүнийг дагаад бас буруу шийдвэрүүд гарах гээд байх шиг санагддаг юм. Би бас завсарлагаагаараа тойргийнхоо сонгогчидтойгоо уулзаж байгаа болохоор тун завгүй л байна.

-Хөдөөнөөс сонгогдсон гишүүд өвс тэжээлийн асуудал ярих нь ярьж, шийдэх нь шийдэж аваад нутгийн зүг гараад өгөх шиг боллоо. Харин хотоос сонгогдсон гишүүдийн хувьд нэг талаар ажлын ачаалал бага ч юмуу?

-Хөдөөнөөс сонгогдсон гишүүд тойрогтоо тэр бүр очоод байж чаддаггүй газрын хол гээд онцлог байдаг л даа. Гэхдээ хотоос сонгогдсон гишүүдийн хувьд хүмүүстэй их ойр ажилладаг, байнга зочинтой, тогтмол шахуу уулзалттай байдаг юм шүү дээ. Төрийн ордны баруун талд гишүүдтэй уулзахаар ирсэн хүмүүсийн ихэнх нь надтай уулзах гэсэн хүмүүс байдаг гэхэд хилсдэхгүй байх. Нэгдсэн чуулган, байнгын хорооны хурлууд, бүлгийн хурал гээд зарим үед цаг зав бага гарах ч аль болох намайг зориод ирсэн хүмүүстэй уулзаж, санал бодлыг нь сонсохыг би хичээдэг. Би завгүй байлаа гэхэд манай туслахууд энэ ажлыг хариуцаж, тэдний санал хүсэлтийг хянамгай авдаг юм.

Хотынх гээд сонгогчидтойгоо уулзахгүй байна гэж үгүй. Харин ч илүү их уулзана шүү дээ. Энэ чуулганы завсарлагаанаар тойргийнхоо иргэдтэй уулзахаар орой бүр цаг товлож, уулзалт хийж байгаа. Хуучнаа бодвол тойрог томсоод хамрах нутаг дэвсгэр, уулзах сонгогчдын тоо дөрөв дахин их болсон байна. Ажлын өдрүүдэд өдрийн цагаар байгууллагуудаар явж байна, иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа ажил тарах оройн цагаар хийхээс өөр аргагүй. Харин амралтын өдрүүдэд хэд хэдэн уулзалт хийнэ шүү дээ. Ер нь би иргэдтэй аль болох их уулздаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 220 орчим уулзалт хийсэн байдаг юм. Яг хүмүүстэй нүүр тулж уулзаж, тэдний санал бодлыг нь сонсоно гэдэг хамгийн чухал. Ард түмний үгийг сонсож байж л амьдралд нийцсэн, хүмүүст хүрсэн хууль тогтоомжийг гаргаж чадна шүү дээ. Тэдний итгэж сонгосон Тэрбишдагва гэдэг хүн юу хийж байгаа юм гэдгийг хүмүүс мэдэх ёстой, бас өнгөрсөн хугацаанд ямар хууль тогтоомж батлав тэр нь амьдралд нь яаж нөлөөлөх юм гэдгийг ч мэдэх хэрэгтэй шүү дээ.

-Анзаараад байхад нэг сонгогдоод авсан гишүүд иргэдтэйгээ тийм ч ойр уулзаад байдаггүй шиг. Хүмүүсийн шүүмжилж ярихаас нь зугтдаг ч юм уу. Ер нь уулзалт хийхэд халуухан биз?

-Уулзалтууд халуухан болдог оо. Миний хийлгэж байгаа хурал дээр хүмүүс их цуглардаг. Тэгээд амьдрал ямар байна, юу нь болохгүй байгаа, ямар асуудал сэтгэлийг нь зовоож байгаа талаар ярьж гарна шүү дээ. Бухимдаж адгасан хүмүүс янз бүрийн л юм ярьдаг. Халуухан үедээ ч халуун л байдаг. Гэхдээ тэрнээс нь зугтаж, бэргэж болохгүй. Ялангуяа сүүлийн үед хүмүүс их бухимдалтай байна. Бухимдал их байна, хатуу үг хэлнэ дээ гэж зугтааж огт болохгүй. Харин ч энэ үед нь санал бодол, шүүмжлэл зөвлөмжийг сонсох нь маш чухал. Тэдний хэлж буй санал дараа дараагийн батлах хуульд хэрэгтэй. Ний нуугүй ярьж байж хамтдаа гарах гарцаа боловсруулна. Би аль болох хүмүүсийн дунд орж, сонсож, асуудлыг шийдэх гарцаа олохыг боддог.

Уг нь ийм уулзалт дээр хэвлэл мэдээллийнхэн их очвол зүгээр. Яахав нэг талаасаа сурталчилгаа болох гэдэг байх, нөгөө талаасаа төрийн түшээд маань хатуу ширүүн үг ихтэй тийм уулзалтууд дээр хэвлэлийнхнийг байлгахыг ч нэг их хүсдэггүй байх. Чин үнэндээ тэнд л амьдралын жинхэнэ үнэнийг хүмүүс ярьдаг юм шүү дээ.

-Манайд УИХ-ын гишүүд АНУ-ын сенат шиг ротацийн аргаар сонгогддоггүй ч улирч сонгогдсон гишүүд болоод шинэ тутам гишүүдийн хооронд оны ялгаа гэдэг шиг зааг байдаг уу. Та өмнө нь шинэ гишүүн байсан бол одоо дахин сонгогдсон хуучин гишүүн боллоо шүү дээ?

-Сонгогч олноосоо олонхын санал авч, төрийн түшээгээр сонгогдсон л бол шинэ, хуучин гээд байх юмгүй адил байна шүү дээ. Гэхдээ өөрийн чинь хэлж байгаа шиг хандлага байхыг үгүйсгэхгүй. Би анх УИХ-ын гишүүн болохдоо шинэ гишүүн шүү гэдэг ч юм уу тэр талаасаа айж цэрвэж байсангүй. Урьд нь улсын үйлдвэрийн газарт ажиллаж байсан, бизнесийн салбарт ажиллаж үзсэн, Германд дипломат албанд ч ажиллаж, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан учраас үүнийг чадахгүй, мэдэхгүй гэж эмээж байсангүй. Тэглээ гээд олон жилийн турш парламентад сонгогдоод ажиллаж ирсэн хүмүүсээ хүндэтгэлгүй яахав. Зарим манай залуучууд адилхан юм чинь гээд зэрэгцээд яриад байгаа хандлага харагддаг л юм. Ажил хэргийн хүрээнд шинэ залуу гэх явдал байхгүй ч туршлагатай парламентчдаа хүндэтгэх ёстой шүү дээ.

-Одоогоос жил гаруйн өмнө С.Баяр Ерөнхий сайд болохдоо дэд сайдуудын албан тушаал бол илүүц, гэхдээ зургаан сарын хугацаанд өөрчлөх боломжгүй юм гэж байсан л даа. Гэхдээ сүүлд Засгийн газраа байгуулахдаа бас л дэд сайдуудтай бүтцийг баталсан. Та дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ алба үнэхээр шаардлагатай эсэх тухайд саналаа хэлнэ үү?

-Би өөрөө дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд үүний хэрэгтэй үгүй тухайд ярих нь тийм ч зохимжтой зүйл биш юм болов уу. Би өөрийгөө Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байхдаа дэд сайд ямар байх ёстой тэр жишигт ажиллаж чадсан гэж боддог. Ажил үүргийг нь ялгаж салгаад хуваарийг нь тодорхой болгочих юм бол энэ албан тушаал хэрэгтэй гэж хэлмээр байна. Сайд өөрөө асар их ажлын ачаалалтай байдаг. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн бол бүр ч завгүй болдог. Хэрэв үнэхээр ажиллаж чадах юм бол дэд сайд шиг хэрэгтэй хүн байхгүй. Ажиллаж чадахгүй асуудлаа мэдэхгүй, ажилдаа хүрч ажиллаж чадахгүй яваад байвал бас түүн шиг хэрэггүй хүн байхгүй. Миний бодол ийм. Гэхдээ бүтцийг томруулаад, нэг яаманд хоёр дэд сайд ч гэх шиг, газар агентлагийг томруулаад байгаа тухайд би шүүмжлэлтэй ханддаг.

-Тэрбишдагва гишүүний шүүмжилж, хэлж байсан зүйл амьдрал дээр үнэн болоод байх юм аа гэж нэг сэтгүүлчийн хэлж байсныг санаж байна. Та үүн дээр юу хэлэх вэ. Үнэндээ танай намынхан намын байр суурь гэсэн жаазанд их баригддаг хүмүүс шүү дээ?

-Би аливаа асуудалд үг хэлэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөөр хандахгүй байх бас хэн нэгэн хүнд хандаж хэлэхээсээ илүүтэй зарчмаа л барих ёстой гэж боддог. Германд сурч, ажиллаж байхдаа сурч авсан зүйл бол энэ. Хүн шударга байх ёстой, зарчимтай байх ёстой гэсэн бодол миний амьдралын гол шугам.

Ер нь ямар ч нам зарим үед эрчтэй шинэчлэгдэж, зарим үед зогсонги болдог. Гэхдээ УИХ-ын гишүүн бодож санаснаа чөлөөтэй хэлэх эрхтэй. Хяхаж хавчаад байх юм байхгүй. Яахав манай намд хуучийн уламжлал ч гэх юм уу тодорхой хүрээнд баригдах тийм тал ажиглагддаг байх л даа. Миний хувьд Засгийг газрын гишүүн байхдаа ч гамаа шинэчлэх гэдэг үүднээс асуудалд шүүмжлэлтэй хандаж л байсан. Сэтгүүлч та нар "Элсний 13" гээд нэрлэчихсэн байсан даа. Уг нь тохиолдлоор 13 хүний л тоо бүрдчихсэн байсан юм шүү дээ. Тэр үед бид эдийн засгийн хувьд ч зоригтой алхмуудыг хиймээр байна гэж байсан. Манай намын XXV их хурал бол маш шинэлэг уур амьсгалтай, асар онцлогтой хурал болсон юм ш дээ. Харамсалтай нь энэ хурлын уур амьсгал, ярьж шийдсэн зүйл "царцанги" байдалд орчихлоо.

Бодит байдлыг шударгаар хэлж байгааг шүүмжлэл гэж ойлгох нь тийм ч зөв биш. Манайхан шүүмжлэл гэдэг үгнээс их айдаг л даа. Гэхдээ үүнийг хүлээж авахдаа "хорхой биедээ хүрэхэд атирдаг" шиг хүлээж авах хэрэггүй харин санал, зөвлөмж гэдэг талаас нь ойлгож хүлээн авах хэрэгтэй. Шүүмжлэлтэй хандан хэлж байсан зүйлүүд эхнээсээ зөв байжээ гэдэг нь батлагдаж байна гэдэгт би итгэлтэй байгаа. Намын Бага хурал, бүлэг, байнгын хороод, УИХ дээр хэлсэн миний үг он, сартайгаа протоколд үлдсэн. Түүнийг харахад бас ч оргүй үг хэлж байгаагүй байжээ гэдэг нь хоног хоногоор тодорхой болно. Миний хэлж ярьсныг буруу гэж бодох хүмүүс ч бий л байх, гэхдээ цаг хугацааны шалгуурт зөвийг хэлээд байжээ гэдэг нь харагдаж л байна даа.

Бие хүний хувьд хүн нэг бодлоороо, нэг зангаараа байх ёстой гэж боддог. Өчигдөр нэг юм хэлээд маргааш өөр нэг юм яриад явдаг хүнийг би ойлгодоггүй. Ер нь ямар ч хүний хувьд хамгийн том эрх ашиг нь Монгол орныхоо төлөө байх ёстой.

-Хамтарсан Засгийн газар байгуулагдах үед эсрэг байр сууриа зоригтой илэрхийлж байсан хүн бол та. Сүүлийн үед улс төрийн ажиглагчид С.Эрдэнийн хэргээс улбаалаад хамтарсан Засгийн газрын хувь заяа тодорхой болчихлоо гэлцэх боллоо...

-Тийм ээ. Би эсрэг байсан. Гэхдээ олонхын саналыг хүлээн авдаг, дэмждэг хүний хувьд дагаад л явсан. Хэвлэлийнхэн энэ талаар байнга асууж, "сорвижсан" хэсэг дээр дахиад зүсээд байгаа юм шиг болох юм л даа. Таны асуултад юу бодож явдгаа хэлье ээ. Би хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй байгаагаа тухайн үед намынхаа Бага хурал дээр тодорхой ярьсан. Чухам юу хэлсэн нь бичлэгт хадгалагдаж байгаа. Одоо хараад байхад миний хэлж байсан зүйлс батлагдаад л байх шиг санагддаг. Хамтарсан Засгийн газрыг байгуулах саналыг дэмжсэн хүмүүс одоо ч хамтарсан Засгийн газрыг сайн байна гэх байх л даа. Гэхдээ бүгдийг цаг хугацаа харуулна. Үнэндээ жинхэнэ эх орныхоо төлөө гэсэн гайхамшигтай сэтгэлгээгээр нэгдэж, хийсэн бүтээсэн нь хүний нүдэнд харагдтал, ард түмний амьдралыг дээшилтэл энэ хамтарсан Засгийн газар ажиллаж чадах юм бол үүний эсрэг байсныхаа төлөө ард түмнийхээ өмнө уучлалт гуйхад бэлэн. Би үүнийгээ ч хэвлэлээр хэлж байсан.

С.Эрдэнийн хэргээс улбаалаад дараагийн үйл явдлууд өрнөнө гэх тухайд сайн мэдэхгүй юм байна. Энэ бол АН-ын асуудал. Нэг намын дотоод хэрэгт оролцож элдэв юм ярих нь зохимжгүй гэж бодож байна. Гэхдээ тэд үүгээр далимдуулаад манай намын нэр хүндэд халдаад байж болохгүй. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио муулахыг монголчууд жигшдэг. Үнэндээ, одоо энэ асуудал яахыг хамтарсан улсууд нь л хоорондоо ярьдаг байх даа, бодвол. Би энэ тухай ерөөсөө мэдээлэлгүй хүн. Хэвлэлээс л хардаг юм ш дээ. Харин 25 дугаар тойргийн хувьд гурван гишүүний асуудлыг байлгаж, байлгаж байгаад оруулж ирэх байсан юм бол өмнө нь тэгээд шийдчихгүй яасан юм гэсэн асуулт гардаг. Би үүн дээр СЕХ-нд шүүмжлэлтэй ханддаг. Тэгж яривал өнгөрсөн долоон сарын хугацаанд Улаанбаатар хотын УИХ дахь төлөөлөл 75 хувьтай байсан шүү дээ.

-Засгийн газрыг унагах үйл явц эхэлчихлээ гээд байгаагийн тухайд...

-Хүн ардынхаа аж амьдралыг сайжруулна гээд л чухам энэ Засгийн газрыг байгуулсан биз дээ. "Бид гараад ирвэл бүх асуудлыг шийднэ гэж байсан. Нэгийгээ шүүмжлээд явдаггүй байсан асуудал шуударна", бүх юм сайн сайхан болно, чухам л үсэрч цовхчоод хөгжинө гээд байцгаасан биз дээ. Тиймээс Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах ёстой гэж бодож байна. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын нөлөөлөл манайд тодорхой хэмжээгээр нөлөөлчхөөд байхад одоо огцруулна гэж юу байхав дээ. Ер нь тэгээд "Гарам дээр морио сольдоггүй" гэсэн мэргэн үг бий. Хямрал нүүрлэчхээд байгаа ийм үед Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь маш чухал. Засгийн газраараа ийм үед оролдоод байвал ард түмэнд хожоо гарахгүй. Улам дордоно. Харин шүүмжилж, шахаж шаардан ажиллуулах хэрэгтэй.

Энэ хямралын байдал аль өнгөрсөн оноос л мэдэгдээд байхад Засгийн газар хямралыг яаж бага нөлөөлөлтэй туулах арга замаа боловсруулчихсан байх ёстой байлаа. Бүр цаасан дээр ч бус ажил болоод эхэлчихсэн байх хэрэгтэй байв. Гэтэл дорвитой юм нэг их хийж чадсангүй. Дэндүү удаан байна. Харин болно бүтнэ гэчхээд байдал ийм болсон хойно хариуцлагаас мултарна гэдэг утгагүй. Харин хамтарсан Засгийн газар хамтарсныхаа хүчийг одоо л гаргах цаг нь боллоо.

-УИХ-д олонхи болсон мөртлөө МАХН өрсөлдөгч намаа хамтарч засаг байгуулъя гэж урьсан нь долдугаар сарын 1-ний хэрэг явдлын талаар сөрөг хүчний дуу хоолойг боох гэсэн арга гэж зарим хүн хэлдэг л дээ. Үнэний хэр хувьтай бол, таны хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэж байсан шалтгаан чухам юу байсан юм бэ?

-Би яагаад эсэргүүцэж байсан гэдгээ хэлье л дээ. Энэ талаар Ерөнхий сайдад нэлээд ширүүн үг хэлээд авсан юм. "Улс эх орны төлөө хамтарсан засаг байгуулна гээд байна аа. Улс орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө бодоогүй хүн Монголд байдаг юм уу. Заавал хамтрахаараа улс орны төлөө боддог, хамтрахгүй байхаараа боддоггүй юм уу. Манай намд Засгийн газрыг дангаар бүрдүүлэх тийм боловсон хүчин байхгүй юм уу. Магадгүй нам дамжсан олигархиудын үйл ажиллагаа явагдаж байгаа юм уу гэж бодож байна" гэж хэлж л байсан.

-Танай намын "Элсний 13" гэгдэж байсан хүмүүсийг Ерөнхийлөгчийн хүмүүс гэж байсан. Таныг ч Ерөнхийлөгчийн хүн гэсэн гуншин байнга дагалдаж явдаг. Танд энэ нь залхмаар байдаг уу?

-Уйтгартай асуудал. Хүмүүс байнга энэ тухай ярьдаг. Нам дотор талцах байдал байгаа гэж яригддаг. Ардчилсан нам дотор ч энэ нь маш ил байдаг. Аливаа хагарал бутрал, талцал сайн юманд хүрдэггүйг түүх гэрчилнэ. Хагар ч бутарснаас л Монгол улс уруудан доройтож харийн гүрний идэш болж байсан.

Аливаа юмыг газар дээр үзэж харах нь чухал гэж боддогоо хэлсэн дээ. Тиймээс ч саяхан дүүргийнхээ намын хорооны хурал дээр очиж хэсэг ажиглалаа. Гурван өдрийн турш харлаа. Хэд хэд хагарсан, талцсан маягтайгаар хурал үргэлжлээд л байсан. Санал шүүмжлэл гаргах нэрс авсан чинь 24 хүн нэрээ өглөө. Сүүлд нь би "Энэ маягаар хурал үргэлжлээд байвал дахиад хэд хоногийн юм болно. Нэгийгээ хангалттай гашуун ширүүн үгээр утлаа. Одоо боливол яасан юм" гэж хэлсэн. Харин манайхан энэ саналыг маань их аятайхан хүлээн авч, уур амьсгал ч зүгээр болсон доо. Энэ мэтчилэн талцах асуудал аль аль шатандаа ч, намдаа ч байна. Энэ бол ямар ч намд байгаад байгаа асуудал. Миний хувьд аль нэг бүлэг, фракцын хүн биш. Монгол Улсын л иргэн хүн. Дэндэв гэдэг хүний хүүхэд. Ер нь аль нэг талын хүн байна гэдэг утгагүй. Гэхдээ энэ нь хэн нэг улстөрчийг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэдэг гэдгээс өөр. МАХН-ыг шинэчилж, өөрчлөлт хийж чадсан Н.Энхбаяр гэдэг хүнийг хүндэтгэж явдаг.

АН-аас П.Очирбат, Д.Бямбасүрэн, Р.Гончигдорж зэрэг олон хүнийг хүндэтгэдэг. Зарим нэг асуудал дээр санал зөрдөг ч гэсэн нэг үеийн Элчин сайд, найз С.Баярыг хүндэтгэдэг. Хүндэтгэж явдаг олон хүн бий. Намайг Н.Энхбаярын хүн болгож харагдуулах гэж их оролддог л доо. Би өөрийн үзэл бодолтой, байр суурьтай, зарчимтай хүн. Аливаад тогтвортой байхыг боддог. Гэхдээ намайг ингэж харагдуулах гэж байна гээд Н.Энхбаяртай муудалцах ёсгүй биз дээ. Яахав 2000 онд бизнесийн салбарт ажиллаж байсан хэн ч мэдэхгүй хүнийг дэд сайд болголоо энэ тэр гээд ярьдаг л байсан юм билээ. Гэхдээ тэр үед эрчтэй, хүчтэй залуус болох Сү.Батболд,   У.Улам-баяр, Ц.Мөнх-Оргил, Н.Удвал, С.Тогоо, С.Чинзориг, Энхтай-ван. Эрдэнэ, Б.Эрдэнэсүрэн гээд залуучуудыг намдаа татаж авчирсан бодлого зөв байсан гэдгийг өнөөдөр хүмүүс хүлээн зөвшөөрөх байх.

"Элсний 13"-ыг Ерөнхийлөгчийн хүмүүс гэдэг нь юу л бол. Бие даасан хүмүүсийг заавал хэн нэг хүний шүхэр дор хамааруулах гээд байх хэрэггүй. Өөрийн бодолтой, маш тулхтай улс төрчид намаа шинэчлэхийн төлөө санал нэгдэж эцэстээ "Элсний 13" гэсэн нэр авсан болохоос биш хэн нэгний заавар зөвлөгөөгөөр нэгдсэн юм биш. Ц.Шаравдорж ямар туршлагатай улстөрч билээ, Т.Ганди, Ч.Улаан эд бүгд л өөрийн бодолтой, хэн нэгэн хүний үгээр явдаг хүмүүс биш. А.Цанжид, Ч.Авдай Л.Одон-чимэд нар ч хэн нэгнийг дагаад гүйж байна гэдэг юу л бол.

-Танай намд Н.Энхбаяр, С.Баяр, М.Энхболдын гэсэн бүлэглэл байгааг хүмүүс ярьдаг шүү дээ. Нэгээс ногоо рүү гүйж явдаг хүмүүс байдагтай та санал нийлэх үү?

-Нам дотроо тэгж хоёр, гурав хуваагдаад талцаад байгаа юм надад л мэдрэгддэггүй. Гэхдээ тодорхой асуудлаар хүмүүс өөр, өөр байр суурьтай байхыг үгүйсгэхгүй. Тийм ч байх ёстой биз. Нэг үе Н.Энхбаяр гэдэг хүнийг муутгаж, түүнээс муу хүн байхгүй болгох гэж нэг хэсэг нь их хичээсэн дээ". Тэр үед бөөрөнд нь хачиг шиг наалдаад явж байсан хүмүүс янз, янзын ааш авир гаргаж байгааг харж л байсан. Би дээр хэлсэнчлэн хүн нэг л бодол, нэг л зарчимтай байх ёстой гэж боддог хүний хувьд гайхаж л байлаа. Нөгөө Дамбийжаагийн тоодгор гэдэг шиг хүмүүс байдаг шүү дээ. Гэхдээ тоодгорууд МАХН, АН-д ч ер нь дэлхий нийтэд ч байдаг даа.

-Та 2000 оноос намын төлөөлөл болж ажиллаж иржээ. Түүнээс өмнө хэдийд энэ намд элссэн хүн бэ?

-Би сургуулиа төгсөж ирээд Мах консервын комбинатад ажилд орохдоо орон тооны бус эвлэлийн үүрийн дарга болж, 1985 онд намын орлогч гишүүн болсон. Тэр үеэс л намын гишүүн болсон гэж бодож явдаг даа. Германд байхдаа намын батлахаа сэргээе гэсэн хүсэлт тавьсан. Тэгэхэд манай намын ахмадууд “Олон хүн намаасаа гарч байгаа энэ үед чи заавал батлах энэ тэр гэх хэрэггүй ээ. Харин намынхаа идэвхтэй дэмжигч нь байж бай" гэж байсан. Дэмжигч нь ч гэх үү, гишүүн ч гэх үү тэр үеэс л намтайгаа холбогдсон.

-Та Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, сайдаар ажиллаж байсан. Танд энэ салбарт хувийн аж ахуй байдаг уу?

Би өөрөө хүнсний мэргэжлийн хүн. Намайг хүмүүс тэрбумтан энэ тэр л гэдэг юм. Үнэндээ байгаагаас                     "ТБД Андууд"-ын дөрвөн давхар хар байшин л байна. Энэ салбарын дэд сайдаар ажиллаж эхлэхээс бүр өмнө манай гэр бүл Атар-Чандганы сангийн аж ахуйд хувьцаа эзэмшдэг байсан. Түүнийг ажиллуулах гэж үзээд дийлэхгүй юм байна гээд орхисон. Надад энэ салбарт хувийн аж ахуй ганц ч байхгүй. Цаашид "ТБД Андууд" энэ салбарт орох эсэх нь тэдний л асуудал байх. Бизнесийн ажилд нь оролцохоо байгаад удсан шүү дээ.

Энэ салбарын тухай ярьсных зарим нэг зүйлийг онцолъё. Өнөө жилийн төсөвт үйлдвэржилтэд зориулж 150 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хөдөө аж ахуйн салбарт зориулж нэлээд их мөнгө суулгасан байгаа. Юм хийхэд боломжийн мөнгө. Үүнийг жинхэнэ ажил хэрэгч, юм бүтээх хүмүүст нь хүргээсэй гэж бодож байна. Газар тариалангийн салбарыг хөгжүүлчихье гээд явж байгаа хүмүүст зээл багагүй хэрэгтэй байгаа. Үүн дээр банкны системд дорвитой алхам хийж, уг асуудлыг нааштайгаар шийдээсэй гэж боддог юм. Манайд энэ салбарт нэг хэсэг ямар ч бодлого байхгүй явж ирсэн. 2000 оноос энэ салбарыг тогтсон нэг чиг бодлоготой болгох гэж багагүй оролдож ирснийх бас ч тодорхой үр дүнд хүрсэн гэж боддог. Хэдийгээр "Атрын III аян" гэсэн нэр нь огт таалагддаггүй ч бидний урьд жилүүдэд хийсэн уринш, үр дэд хөтөлбөр, техникийн шинэчлэлт, усжуулалт гэхчлэн суурийг нь тавьсан олон ажил үр дүнгээ өгч энэ ажил бас ч хүмүүст хүрээд эхэллээ. Байгаа мөнгө төгрөгөө зохистой хуваарилж, хямралын энэ үед үр ашигтай зарцуулаасай гэж бодож байна.

-Засгийн газрын хөрөнгөөр улсын нөөц бүрдүүлдэг үр тарианы тухайд стандарт заагаад өгсөн нь энгийн тариаланчдаас авах боломжгүй болгож, цөөн хэдэн газрыг дэмжих зорилготой байна гэсэн яриа гардаг...

-Ер нь энэ нөөцийн үр тариаг Онцгой байдлын газарт хадгалуулдаг нь буруу. Үүнийг мэргэжлийн ажилтнуудаас бүрдсэн салбарын яамны мэдэлд шилжүүлэх нь зүйтэй гэж боддог. Хадгалж буй нөөцдөө онцгой хяналт тавих хэрэгтэй. Авч байгаа тарианыхаа чанарт ч анхаарах нь зөв.

-Та хоёр хүүхэдтэй байх аа. Хүүхдүүд чинь гадаадад суралцдаг уу. Ямар мэргэжлээр суралцаж байгаа вэ?

-Тийм ээ, хоёр хүүхэдтэй. Надад өөрийн нэрээр овоглоогүй ч сургууль соёл, ахуй амьдралд нь тусалж дэмждэг ах дүү, хамаатан садан, найз нөхөд, иргэдийн олон арван хүүхдүүд бий. Охин Японд олон нийтийн харилцаа, хүү Хонконгт эдийн засгийн чиглэлээр суралцаж байна. Одоо эхнэртэйгээ хоёул байна даа. Хүүхдүүд маань сургуулиа төгсөж ирэх арай болоогүй байна. Манай гэр бүлийн хүн ажил ихтэй. Зав чөлөөгөөрөө цэцэг, ногоо л их оролддог юм даа. Энэ нь нэг бодлын ажил нөгөө талын амралт болдог юм шиг байгаа юм.

-Зарим хүн гадаадад боловсрол эзэмшсэн хүүхдүүдээ нутагтаа ирж ажилла гэж дууддаг юм билээ. Та тэгэх үү?

-Манайх их ардчилсан гэр бүл. Эцэг нь хэт давамгайлсан юм уу, аавын үзэл бодлоор бүгд шийдэгддэг айл биш. Би хүүхдүүдийнхээ бодол, саналыг л эн тэргүүнд сонсдог. Манай хүүхдүүд нутагтаа ирж ажиллана гэдэг юм. Гэхдээ залуу насандаа их юм үзэж сурч бас тэндээ хагас жил ч болов ажиллаж хариуцлага, зарчим, шинэлэг зүйлсийг сурч мэдрээсэй гэж би боддог.

-Та Архангайнх байх аа. Хэдийд танайх хотын айл болсон юм бэ?

-Бид ах дүү долуулаа. Долоон хүүхдийн яг голынх нь ганц охин бусад нь хөвгүүд. Аав, ээж маань ганц охиндоо их амь. Тэгээд эгчийг маань аравдугаар ангиа төгсөөд оюутан болж хотод ирэхэд аав маань дагаж явах шийд гаргаад бид хотод ирж байлаа. Тэгэхэд би дөрөвдүгээр ангийн жаал байв.

Ярилцсанд баярлалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.