2010.10.13

Д.Тэрбишдагва: Ярьж байгаагаас ч их хөрөнгө нийслэлд төвлөрүүлэх хэрэгтэй

Нийслэлд тулгамдсан асуудал олон бий. Зам талбайн тохижилт шинэчлэл, өвлийн бэлтгэл, нийтийн тээвэр гээд тоочвол салбар бүрт нь шийдлээ хүлээж буй ажил цөөнгүй байна. Жил бүрийн улсын төсвийн үлэмж хэсгийг бүрдүүлдэг хэрнээ нийслэлд нэгдсэн төсвөөс маш бага хөрөнгө эргүүлж олгодог. Иймээс хөрөнгө оруулалтын томоохон ажлууд удааширч, иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлж байна. Тун саяхан УИХ-д нийслэлээс сонгогдсон гишүүдийг хотын удирдлага урьж уулзан, нэгдсэн төсөвт төвлөрүүлэх 35 тэрбум төгрөгийг нийслэлд үлдээх боломжийн бий эсэх талаар санал солилцсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас тодрууллаа.

-Энэ жилийн улсын төсөвт нийслэлээс 35 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээгээд байгаа. Гэвч энэ мөнгийг улсын төсөвт татаж авах бус нийслэлийн мэдэлд үлдээх шаардлагатай гэж хотын удирдлага үзсэн. Энэ тухайд таны бодол?

-Тэр мөнгийг нийслэлд үлдээх нь маш зөв. Бүхэл бүтэн улсын нийслэл байж алийн болгон бусдын гар, царай харж суух вэ дээ.

-Яагаад зөв гэж үзэж байгаа талаараа тодруулахгүй юу?

-Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь амьдарч байгаа нийслэлийн төсвөөс бусад чиглэлээр хийх хөрөнгө оруулалт хүрэлцээ үнэндээ муу байдаг.Тэгээд ч хүн амын төвлөрөл хэт ихэссэнээс сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ эрс муудаад байгаа. Ажилгүйдэл, эрчим хүч, зам тээвэр, орон сууцны дээврээс өгсүүлээд шийдэх асуудал асар их болчихсон байна. 35 тэрбум төгрөг байтугай илүү их хөрөнгө мөнгийг нийслэлд төвлөрүүлэх ёстой. Хүн амынх нь тоогоор тооцвол хөдөөгийн сумын хүн амаас 80-100 дахин илүү иргэнтэй дүүрэг байна. Тэгсэн хэрнээ сумын статустай адилхан байх жишээтэй. 18 мянган хүн амтай хороог хөдөөгийн багтай жишихээр юу болох вэ. Энэ бүгдийг авч үзэх юм бол хууль эрх зүйн хувьд ч өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ байгаа юм. Мөн эмнэлэгийн тусламж үйлчилгээний хүрэлцээ муу, хорооны ажиллагсдын цалин хангамж маш доогуур байгаа гэж тоочвол нийслэлийг бүр тусад нь онцгой бүс болгож, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар олон ажил өрнүүлмээр байгаа юм. Яригдаж байгаагаас илүү их хөрөнгийг нийслэлд төвлөрүүлж,түүнийг хуваарилах асуудал үнэхээр чухал байгаа юм.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэдийд хэлэлцэх вэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэлэлцэх материал нь бэлэн болчихсон, удахгүй УИХ-д танилцуулах гэж байна. Тиймээс хуулийн төсөлтэй холбогдуулж намын бүлгээс гарах ажлын хэсэгт орж ажиллах хүсэлтээ тавьсан. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд олон зүйлийг ярих ёстой. Аймаг нийслэл, сум дүүрэг гээд байгаа ч өнөөдөр хэдэн аймагтай тэнцэх нийслэл, хэдэн сумтай тэнцэх дүүрэг байгаа гэдгээ бодвол асуудал үнэхээр тулгамдаад байна. Энэ бол зөвхөн нэг л асуудал. Нөгөө талаас төвлөрлийг сааруулах, нийслэлийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэхээс эхлээд шийдвэрлэх олон асуудал байгаа гэдэг утгаар нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсэгт би орж ажиллахаас өөр аргагүй байгаа юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.