М.Билэгт: Эмнэлгийг төрд өгөхгүй бол ашигтай. Гэхдээ эмнэлгийнхэний хүсэлтэд татгалзсан хариу өгч чадаагүй
УИХ-ын гишүүн М.Билэгтийг Хавдар судлалын эмнэлгийн хашаанд барилга бариулж, түүнийгээ Засгийн газарт өндөр үнээр худалдах гэж байгаа талаарх мэдээлэл түгээд буй. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Таны үүсгэн байгуулсан компанийн бариулсан Хавдар судлалын үндэсний төвийн зэрэлдээ, тун удахгүй ашиглалтад орох эмнэлгийн барилгын талаар элдэв мэдээлэл цацагдах боллоо. Эмнэлгийн газраас “хумсалж” барьсан барилгаа улсад “шахах” гэлээ гэдэг мэдээлэл ч байна. Яг юу болсон юм бэ?
-Бүр эхнээс нь тайлбарлавал, би 2011 онд уналтад ороод байгаа эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтад оролцъё гэж шийдэж байлаа. 2003 онд Хавдар судлалын үндэсний төвийн хоёр Гавьяат эмч одоогийн барилга барьсан газрыг авсан байсан юм билээ. Эмнэлэг барих зориулалтаар шүү дээ. Тэдний нэг нь Гавьяат эмч Р.Сандуйжав байсан. Тэрбээр эмнэлэг барих гээд 2008 онд барилгын суурийг ухсан ч 2011 он хүртэл хөрөнгө оруулалтгүйн улмаас ажлаа үргэлжлүүлж чадаагүй байсан. Учир нь түүнтэй хамтарч байсан хүмүүс нь тухайн газар дээр орон сууц барина гээд хөрөнгөө татсан гэж дуулдсан. Ингээд эмнэлгийн барилгад хөрөнгө оруулах хүн хайж эхэлсэн байдаг. Яг тэр үед Р.Сандуйжав эмчийн эмнэлэг барих, миний эрүүл мэндийн салбарт зориулсан бүтээн байгуулалт хийх хүсэл нэг цэг дээр таарсан хэрэг. Тэгээд л би хөрөнгө оруулж, эмнэлэг бариулсан. Ийм л юм болсон. Түүнээс биш би эмнэлгийн газраас танаж барилга бариагүй. Тухайн газрыг зориулалтаар нь ашигласан.
-Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах болсон шалтгаан тань юу байв?
-Өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэр дундаа оношлогоо, эмчилгээний жишгийг Монголдоо нэвтрүүлэхийг л зорьсон. Үүнийг хийхийн тулд сав хэрэгтэй байсан юм. Дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийн барилга гэсэн үг л дээ. Харамсалтай нь, Монголд тийм барилга байхгүй. Хавдар судлалын үндэсний төвөөр жишээ авъя л даа. Монголд ийм эмнэлэг ганц л бий. Барилга нь ашиглалтад ороод 36 жил болж өнгөрсөн. Оросууд тусламжийнхаа хүрээнд барьж өгсөн барилга шүү дээ. Зах зээлд шилжээд 20 гаруй жил өнгөрчихөөд байхад эмнэлгийн шинэ барилга барих нь байтугай хуучныг нь дорвитой зассангүй. 36 жилийн өмнө Монгол Улс 1.5 сая хүнтэй байлаа. Гэтэл өнөөдөр хоёр дахин нэмэгдчихээд байна. Хавдраар нас барах хүний тоо ч замбараагаа алдлаа. Тэр хэрээр гадаад руу мөнгөө урсгаж байна. Зарим нь өвчнөө илааршуулж чадахгүй нас барж байгаа эмгэнэл бий. Би эмч биш, зүгээр л хэрэглэгчийн байр сууринаас харж байгаа шүү. Гэтэл манай улсын хавдрын эмч нар өндөр мэдлэг, чадвар хаана ч гологдохооргүй сайжирч, маш их ачаалалтай ажиллаж байна. Өдөрт хэдэн зуун хүнд хагалгаа хийж, цаг наргүй ажиллаж байгааг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр гадагшаа урсгаж буй хөрөнгөний урсгалыг зогсоож, иргэдээ Монголдоо эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх л гэж ийм шийдвэр гаргасан юм. Хэт ачаалалтай ажиллаж буй эмч нарын орчин нөхцөлийг сайжруулж өгье гэж бас зорьсон. Ингээд 20 гаруй жил зүтгэж цуглуулсан хөрөнгөөрөө дэнчин тавьж, энэ барилгыг бариулсан.
-Барилгын ажил долоон жил үргэлжилж буйн шалтгаан юу байсан юм бэ?
-Эхний ээлжийг нь 2014 онд ашиглалтад оруулах боломж байсан. Барилгын ТЭЗҮ-ийг япончуудаар хийлгэсэн. Гэтэл тэд нутагт нь хамгийн багадаа 20 гаруй мянган ам метр талбайтай эмнэлгийн барилгын цогцолбор байдаг тухай хэлсэн. Хэрэв түүнд нь дүйх хэмжээний бүтээн байгуулалт хийвэл менежментийн баг нь орчин үеийн дэвшилтэт төхөөрөмжөө оруулж ирээд, хямд өртгөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэх юм байна гэсэн. Тэдний хэрэгжүүлэх төсөл манай улсад чухал ач холбогдолтой байв. Улмаар түүндээ итгэж, газрын хэмжээг томосгохоор шийдсэн. Тухайн үед тэнд хувийн гараашууд байсан. Эзэдтэй нь тохиролцож, цөмийг нь худалдаж авсан. Гэтэл 2014 онд тэнд буюу эмнэлгийн барилгын ойролцоо орон сууцны олон барилга ашиглалтад орж, оршин суугчид нь нүүж орсон. Ингээд л барилгын ажлыг зогсоосон юм. Хууль бусаар барилга барьж байна гээд шүүхэд нэхэмжлэл гаргачихаар шийдвэр гарахаас нааш ажлаа үргэлжлүүлж болохгүй. Ийм л юм болсон юм.
-Энэ талаараа тодруулахгүй юу?
-Орон сууцны оршин суугчид мөнгө нэхсэн. Жишээлбэл, 24А байрны найман оршин суугч 2014 оны наймдугаар сард “Ам метрийг нь 1.5 сая төгрөгөөр тооцож эрсдэлийн төлбөр төл” гэж шаардсан. “Бид авто замын цаадахыг хардаг байсан. Гэтэл одоо танай барилгыг л хардаг боллоо. Бидний үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа учраас та нар эрсдэлийн төлбөр төлөх ёстой” гэсэн. Тэд байраа зарах гээгүй, зүгээр л эрсдэлийн төлбөр авах гэж байгаа хүмүүс шүү дээ. Тэдний нэхсэн мөнгийг өгнө гэвэл надад нэг тэрбум гаруй төгрөг хэрэгтэй болсон. Хэрэв тэдэнд нэхэмжилсэн төлбөрийг нь өгвөл тухайн байрны үлдсэн 48 өрхөд мөн л өгч байж шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь буцаалгана биз дээ. Тооцоод үзэхэд надад найман тэрбум төгрөг хэрэгтэй байлаа. Надад тийм хөрөнгө байхгүй. Арилжааны банкууд ч ийм зориулалтаар зээл өгөхгүй. Ийм л шалтгаанаар гурван жил гаруйн хугацаанд барилгын ажлыг зогсоохоос аргагүйд хүрсэн юм. Шүүх маргаантай байсан учраас тэр шүү дээ. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Барилгын ажлыг хуулийн дагуу явуулсан байна” гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл нөгөө хүмүүс маань давж заалдана. Ийм зүйл ганц надад ч тохиолдсон юм биш. Монголын бүх л хөрөнгө оруулагч нарын ажлыг гацаадаг зүйл бол энэ.
-Эмнэлгээ өөрөө ажиллуулж болоогүй юм уу. Улсад өгөх болсон шалтгаанаа тодруулаач?
-Би улсад өгөх гэж улайрч зүтгээгүй. Анхнаасаа ч тийм зорилгоор эмнэлэг бариулаагүй. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг л нутагтаа нэвтрүүлэх байсан гэж хэллээ шүү дээ. Ганц жишээ хэлье л дээ. Эмнэлгийн 120 ортой эхний барилгыг ашиглалтад оруулахад 200 орчим ажлын байр бий болно. Тэдний 90 гаруй хувь нь монголчууд байна. Ингээд таван, цаашлаад арван жилийн дараа японы менежмент, арга, туршлага манайд нутагших юм. Энэ том боломж. Наанадаж эмч нар туршлага судлах гэж гадаад улс руу явах шаардлагагүй болно. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд татвар төлөгчдийн мөнгөөр хэчнээн эмч, мэргэжилтэн гадаад очиж, туршлага судалсан билээ. Гэсэн атлаа гурав гаруйхан сая иргэндээ эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээг өндөр хөгжилтэй орнуудын жишгээр хүргэж чадахгүй байгаа. Сурсан мэдсэнээ нутагшуулах боломж ч эмч нарт алга, иргэд гадаадад өвчнөө оношлуулж, эмчлүүлэхээр явсаар л байна. Хэрэв тэдний туршлагыг нутагшуулчихвал хүмүүс онгоцны тасалбарын үнээр, эсвэл гадаадад очоод байрлах буудлын өрөөний төлбөрөөр л нутагтаа эмчлүүлэх боломж бүрдэнэ. Би ийм болгохыг л зорьсон. Одоо ч зорьсоор л явна.
-Тэгвэл яагаад Засгийн газраар дамжуулан Хавдар судлалын үндэсний төвд барилгаа “шахах” гэж байна гэсэн мэдээлэл түгсэн гэж бодож байна вэ?
-2017 оны сүүлчээр шүүх маргааныг эцэслэн шийдээд, барилгын ажлаа эхлүүлсэн юм. Гэтэл Хавдар судлалын үндэсний төвийн зарим эмч, ажилтан бидэнд зовлонгоо хэлж, “Эмнэлгийнхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд танай барилга хэрэгтэй байна” гэсэн. Тодруулж хэлбэл, намайг барилгаа төрд худалдаач гэдэг санал тавьсан. Би тэдэнд тулгамдаж буй зовлон, бэрхшээлийг сонсоод татгалзсан хариу өгч чадаагүй. Уг нь барилгыг бариулсан компанийнхан улсад өгөхийг хүсэхгүй байгаа. Тэд тухайн газрыг авч, барилга бариулах гэж олон даваа давсан. Тийм байж барилгаа ашиглалтад оруулаад төрд өгөхийг хүсэхгүй нь мэдээж шүү дээ. Эмнэлгийн барилгыг төрд өгөхгүй бол илүү ашиг олно. Энэ үнэн шүү. “Төрд барилгаа өндөр үнээр худалдах гэлээ” гэсэн сөрөг мэдээлэл түгээж байгаа хүмүүсийг хавдрын эмнэлгийнхэнтэй уулз гэж зөвлөмөөр байна. Юу болсныг тэд хэлээд өгөх байх.
-Тэгвэл зориудаар сөрөг мэдээлэл түгээж байна гэсэн үг үү?
-Улстөрчдыг сонгогдсон тойрогтоо очиход эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, сум, аймагтаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж өгөөч гэсэн хүсэлтийг хамгийн их тавьдаг юм. Дээрээс нь сайн эмч, багш ирүүлж өгөөч гэдэг. Сөрөг мэдээлэл явуулж байгаа хүмүүс эцэст нь тэр барилгыг барьсан хүмүүст тус хүргэж байж мэднэ. Учир нь дээр хэлсэн шүү дээ, зовж босгосон бүтээн байгуулалтаа зүгээр л зарчихыг хэн ч хүсэхгүй гэж. Ямар учраас ийм сөрөг мэдээлэл түгээж байгааг би огт мэдэхгүй байна. Нөхцөл байдал ийм байхад бид барилгаа өгөх шаардлага алга. Хавдар судлалын үндэсний төвийнхөн л үүнд хариулт хэлэх байх. Тэгээд ч улс барилгыг авах, эсэх нь одоо тодорхойгүй байна шүү дээ. Би аваач гэж тулган шаардаагүй. Энэ мэтээр сөрөг мэдээлэл түгээсний уршгаар зовлон, бэрхшээлээ ярьсан эмч, сувилагч нар эцэст нь хохирно. Цаашлаад өвчин тусаж, шаналж байгаа иргэдийг хохироож байна. Одоо бид “Ийм сөрөг мэдээлэл гараад байна. Бид эмнэлгийн барилгаа өгч чадахгүй нь ээ” гэдэг хариу л өгөх болоод байна, тэдэнд.
Ж.ЭНХСАЙХАН