Банкийг дахин хөрөнгөжүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ
2018.06.15

Банкийг дахин хөрөнгөжүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас хаалттай горимоор хэлэлцүүлэхээр Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийн талаар хэлэлцлээ.

Харин энэ хуулийг хаалттай эсвэл нээлттэй хэлэлцэх нь зүйтэй эсэх дээр маргаан өрнөлөө. Монголбанкны зүгээс нийгэмд буруу ойлголт өгөх зүйлс ярих магадлалтай учир хаалттай хэлэлцэх хүсэлт тавьсан хэмээн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тайлбарлаж байсан бол энэ асуудлыг хаалттай хэлэлцэх нь нийгэмд хардлага төрж, улс төрчдийн нэр хүндийг унагаж байна гэж үзэх гишүүд байсан юм.

С.Эрдэнэ: Эрх мэдэл, албан тушаалтай холбоотой асуудлыг нууцын зэрэглэлд оруулах нь ямар учиртай юм? 

Арилжааны банкийг хөрөнгөжүүлэх асуудлыг заавал олон түмнээс нууж, хийх шаардлага юу байгаа юм? Саяхан зээлийн хүүг бууруулах хууль оруулж ирсэн. Мөн өнөөдөр М.Оюунчимэг гишүүний зээлийн хүүгийн асуудлаарх асуулгын хариуг өгсөн. Монголбанкны зээлийн хүүг бууруулах чиглэлээр оруулж ирж байгаа зээлийн хүүг бууруулах стратегийг харлаа. 2023 он гэхэд 6-7-хон хувь буулгахаар биелэх, биелэхгүй нь тодорхойгүй зүйл байна лээ. Арилжааны банкуудтай ашиг сонирхлын зөрчилтэй маш олон гишүүд байгаа. Эрх мэдэл, албан тушаалтай холбоотой асуудлыг заавал нууцын зэрэглэлд оруулах нь ямар учиртай юм? Ямар ашиг сонирхол яваад байгаа юм? Улс оронд зээлгүй, өргүй аж ахуйн нэгж байхгүй боллоо. Зээлийн хүүндээ баригдаад дууслаа. Хэдэн арилжааны банк нь зах зээл дээр эргэлдэж байгаа мөнгөний урсгалын 90-95 хувийг банкин дээрээ актив хэлбэрээр төвлөрүүлж, татаж авчихаад зах зээл явахаа байлаа. Хөрөнгийн зах зээл явахгүй байна. Хамар хөрөнгийг арилжааны зах зээл хумьж авсан мөртлөө дахиад мөнгөжүүлэх асуудлыг нууцаар хэлэлцээд, дахиад л нийгэмд хардлага үүсгэнэ. Хаалттай хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Ил тод хэлэлцэх ёстой асуудал.

Г.Занданшатар: Тань шиг хүмүүс ингэж улстөржүүлж яваад байдаг учраас, банкны системийг доргиогоод байдаг учраас хаалттай хэлэлцэх шаардлагатай байна

Энэ бол банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль биш. Энэ бол банкинд бүтцийн өөрчлөлт хийж, тавих шаардлага нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдийг нь өөрийн хөрөнгийн дутагдалтай болбол түүнийг улс бүтцийн өөрчлөлт хийж мэдэлдээ авах агуулгатай, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж байгаа хууль гэж үзэж Засгийн газар оруулж ирж байна. С.Эрдэнэ гишүүн өөрийн эвдэрсэн сэтгэлгээний хэрээр сэтгэж байна. Энэ дотор байгаа УИХ-ын гишүүд ашиг сонирхлоороо хуваарилж хувьдаа авах гээд байгаа зүйл өчүүхэн ч байхгүй. Тань шиг хүмүүс ингэж улстөржүүлж яваад байдаг учраас, банкны системийг доргиогоод байдаг учраас хаалттай хэлэлцэх шаардлагатай байна. Нийгэмд буруу цочроо өгснөөр банкны системийг алдагдуулдаг учраас хаалттай хэлэлцье гэж Монголбанк санал гаргасан. Агуулгаа унш. Хэлэлцүүлгийн явцад нэрийг нь өөрчлөөд бүтцийн өөрчлөлтийн хууль болгож болно. Банкны систем бол эдийн засгийн зүрх судасны систем.

Д.Тэрбишдагва: Нуух тусам хардлага төрнө

Үүнд нуугаад байх зүйл байхгүй. Банкуудыг сахилгажуулах, дутуугаа ол гэж оруулж ирж байгаа хууль. Үүнийг яагаад нуугаад байгааг ойлгохгүй байна. ЭЗБХ дээр нууцлалын зэргээс гаргая гэж ярьсан шүү дээ. УИХ дээр орж ирээд шийдэж болно гэтэл эхнээсээ хаалттайгаар оруулж ирсэн асуудал гэж тайлбарлаад байсан. Ямар ч нийгэмд эмзэглэх зүйл  байхгүй хууль. Энэ хуулийг ярьж байж банкууд хариуцлагажиж, хөрөнгөжинө. Энэ хугацаанд мөнгө төгрөгөө олж чадахгүй бол улс авж даатгалаа хадгалуулж байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаална гэсэн агуулгатай хууль. Заавал нууцад оруулна гэж зүтгээд байгааг нь ойлгохгүй байна. Нуух тусам хардлага төрнө. Монголбанкны ерөнхийлөгч өөрөө ЭЗБХ-ны хурал дээр заавал хаалттай явуулах шаардлагагүй гэж өөрөө хэлсэн. 

Б.Бат-Эрдэнэ: хуулийн төсөл өөрөө Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай гэсэн нэртэй.  Бүр 500 тэрбум төгрөгний мөнгөн дүнг нь заасан байна

Далд хэлбэрээр юм хэлэлцэх хардлага сэрдлэг дагуулдаг. Арилжааны банкууд банк нэртэй аж ахуй нэгжүүдээс ялгаагүй байна. Хариуцлагатай байж чаддаггүй. Ил, далд хэлбэрээр тогтоол гаргаад арилжаан банкуудад олон удаагийн санхүү, мөнгө хөрөнгө шийдэж өгсөн зүйлс байна. Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөл Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай гэсэн нэртэй.  Бүр 500 тэрбум төгрөгний мөнгөн дүнг нь заасан байна. Харин өөрсдөө тайлбарлахдаа арилжааны банкуудад шаардлага тавьж байна гэж ярьж байна. Гэтэл өнөөдөр 20, 30 хувийн хувьцаа аваад, хяналт тогтоох нь битгий хэл төрийн болон орон нутгийн өмчтэй компаниудын 51 хувийг эзэмшдэг байж нөгөө талын хүмүүс эрх мэдлээ тогтоогоод байна. Иймээс энэ зүйлийг ил хэлэлцэх хэрэгтэй. Хэрвээ дахин хөрөнгөжүүлэх гэсэн асуудал огт байхгүй бүтэцтэй холбоотой хууль гэж үзэж байгаа бол хуулийн нэрийг өөрчлөөд ил хэлэлцэх хэлбэрээр шинээр оруулж ирж болно.

Харин энэ хуулийг Засгийн газраас анхнаас хаалттай горимоор хэлэлцэх горимоор оруулж ирсэн бөгөөд УИХ-ын чуулган дээр санал хурааж, нээлттэй болгох эрх зүйн боломж байхгүй юм. Тиймээс хуулийн төслийг буцааж, нээлттэй горимоор шинээр оруулж ирэх нь зөв гэж үзлээ.