Болоо ш дээ
Сүүлийн үед УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Сэдваанчиг нарыг сэтгүүлчид болоо ш дээ гэх болжээ. Учир нь хэвлэлийн эрх чөлөөг илт боомилсон, Үндсэн хууль зөрчсөн дэгийн тухай хуульд орсон хоёр заалтыг цуцлуулахаар өнөөдөр УИХ-ын нэр бүхий гурван гишүүн хуулийн төсөл өргөн барина.
Хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлж, санал авсны дараа УИХ-ын даргад өргөн мэдүүлэх аж. Гурван гишүүнийг хамтран хуулийн төсөл өргөн барьж байгааг сэтгүүлчид ихэд дэмжин дээрх тодорхойлолтыг хэлэх болжээ. Үнэхээр ч Монгол Улсын Их хурлаас 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар байнгын хороо хаалттай хуралдаж эхэлсэн.
Мөн парламентыг сурвалжлах сэтгүүлчдийг ажилласан жил, боловсролын түвшнээр нь ялгаварлах заалтуудыг оруулсантай холбогдуулан парламентын сэтгүүлчид өнгөрсөн долоо хоногийн турш ажил хаялт зарласан. Тэр ч үүднээсээ УИХ-ын тухай нээлттэй мэдээллийг ч тавихаас татгалзсан. Энэ дагуу хэвлэлүүд улс төрийн нүүр, талбайгаа хоосон гаргаж эсэргүүцсэн билээ.