С.Эрдэнэ: Харин ч Н.Энхбаяр ухаантай юм, алдаагаа эрт ухаараад зөв зүйл хийгээд явж байна
2011.04.27

С.Эрдэнэ: Харин ч Н.Энхбаяр ухаантай юм, алдаагаа эрт ухаараад зөв зүйл хийгээд явж байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарсан нь дээр, одоо цаг нь болсон хэмээн МАН-ын гишүүд ярьж байна.Та хамтарсан засгийг эсэргүүцдэг хүн.Энэ тал дээр таны байр суурийгсонсмоор байна?

-Ер нь аливаа зүйл хууль дүрмийн хүрээнд явах хэрэгтэй. Улс орон бүхэн Үндсэн хуулиа дээдлэх зарчмаар улс төрийн үйл ажиллагаагаа явуулах ёстой байдаг. Анхнаасаа манайх стандарт бус Засгийн газар байгуулсан. Байгуулагдаж байх үеэс нь хяналтгүй  төрийн тогтолцоог бий болгох гээд байна. Ард түмний сонголтыг хүндэтгэж олонх нь засгаа байгуулж, цөөнх нь хяналтаа тавиач ээ гэдгийг хэлж байсан. Харин сонгогчдын саналыг ул ойшоож дур мэдэн хамтарсан Засгийн газар байгуулсан. Тиймээс өнөөдөр стандарт бус Засгийн газрын ажил урагшаа явахгүй, мөрийн хөтөлбөрөөс биелсэн зүйл алга байна. Энэ нь хяналтгүй, стандартгүй төр ажиллаж чадахгүй байгаагийн тод жишээ. МАН-ын гишүүд манай намыг хамтарсан засгаас гаргах тухай ярьж байгааг зүй ёсны хэрэг гэж бодож байна.

-Ардчилсан намд тантай адилхан бодолтой гишүүд олон байгаа болов уу?

-Ер нь Засгийн газрыг огцруулах тухай асуудалд гишүүд өмнөхөөсөө илүү идэвхтэй байгаа. Огцрох нь зүйтэй, энэ чигээрээ цаашаа явах юм бол улс орны амгалан тайван байдалд ч сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж ярьж байгаа гишүүд бий.Үүнийг нуух шаардлагагүй байх.Түүнчлэн манай намын бүлгийн даваа гаригийн хуралдаанаар хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хангалтгүй гэж үзсэн. Хангалтгүй гэсэн дүгнэлт, үндэслэлээ хамгаалахын тулд УИХ-ын гишүүн З.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа. Нэгэнт хангалтгүй гэсэн дүн тавигдаж байгаа болохоор энэ Засгийн газар цаашид үргэлжлэх эсэх тухай яригдана.

-Тэгэхээр Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах нь тодорхой болж байна гэсэн үг үү?

Тарахын талд бэлтгээд байгаа зүйл байхгүй. Бодит байдлыг байгаагаар нь хэлэх хэрэгтэй.Хамтарсан засгийн олон сайхан амлалтуудаас биелээгүй нь олон. УИХ-ын 39 дүгээр буюу Таван толгойг ашиглах талаарх УИХ-ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн. "Эрдэнэс Таван толгой" компанийг байгуулж ашиглалтын лицензийг хуваахгүй гэсэн байгаа. Гэтэл өнөөдөр хуваах тухай ярьж байна. Цанхын баруун, зүүн гэж бараг дампууруулж байх шиг байна. Бодит байдал бол энэ.Түүнээс биш ямар нэгэн зүйлээс хурдан түргэн салахын тулд хийх гэж байгаа хэрэг биш.

-Дараагийн сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдэх гэж байхад Засгийн газраас гарахгүй байсан нь дээр гэж танай намын зарим гишүүн ярьж байна. Үүнийг бас бодолцох хэрэгтэй биш үү?

-Нэг өдрийн өмнө ч гэсэн алдаагаа засах хэрэгтэй. Монголын төрд үе үеийн Засгийн газар огцорч л байсан. Алдаа оноо гаргаж байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг алдаа гаргаж байсан нь ардчиллын 20 жилийн түүхэнд байхгүй. 2004 он бол өөр. Тэр үед аль ч нам олонх болоогүй байсан. Тиймээс хуулийнхаа дагуу хамгийн олон санал авсан нам нь бусад намаасаа сонгож, эвслийн Засгийн газар байгуулж байсан. Гэтэл өнөөдөр МАН 46 суудалтай байж яагаад дангаараа Засгийн газраа байгуулж чаддаггүй юм.Яагаад 27 суудалтай намтай хамтарч байна гэдэг нь сонин.Тиймээс энэ алдааг нэг хоногийн өмнө ч гэсэн засах хэрэгтэй.Хариуцлага гэж байх хэрэгтэй. Түүнээс бид нэг удаа андуурсан байна. Уучлаарай гэдэг байдлаар хандаж болохгүй.

-Ямар хариуцлага хүлээхёстой вэ?

-Ямар хариуцлага байх ёстой түүнийг л хүлээлгэж таарна шүү дээ.

-Хариуцлага бус алдаа байсан гээд хаацайлаад өнгөрөх хүн байх шиг. Өнөөдөр ч гэсэн тэгж ярьж яваа хүн байгаа шүү дээ...?

-Тэгж өнгөрөөж болохгүй. Хариуцлагыг заавал тооцох хэрэгтэй. Өнөөдрийн төрийн эрх мэдлийг хууль бусаар завхралд хүргэсэн, яаж ч бодсон аль төрийн үед өндөр дээд албан тушаал хашиж байгаа эрх мэдэлтнүүд хариуцлага хүлээдэг тогтолцоотой байх ёстой. Тэгэхгүй бол монгол төр рүү хэн дуртай нь дайрна шүү дээ. Нэгэнт эрх мэдлийг гартаа барьж чадсан л юм бол ард нь хариуцлагаа хүлээх чадвартай байх ёстой.

-АН засагт хамтарснаар яг ямар ажил амжуулав аа. Ямар ч байсан ажил хийсэн биз дээ.Та юу гэж бодож байна вэ?

-"Эрдэнэс Таван толгой" компанийн хувьцааг иргэдэд хуваарилах асуудлын эхлэлийг тавь-сан. 100 хувь амжуулаагүй. Ер нь бол Монголын газар нутгийн хэвлийд байгаа бүх ордоос ард түмэн хүртэх ёстой. Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бэлэн мөнгө олгоно гэсэн зүйл байхгүй. Эрдэнийн хувь буюу ашигт малтмал, уул уурхайн баялгийг бид хувьцаа хэлбэрээр иргэдэд олгоно. Нэг сая төгрөгөөс доошгүй үнэлгээ бүхий хувьцаа олгоно гэж байгаа. Гэтэл МАН буюу тухайн үеийн МАХН-ынхан сонгууль дуусах гэж байхад бид ялбал 1,5 сая төгрөг өгнө гэж амласан. Энэ бэлэн мөнгөний амлалт бол МАН-ынх гэдгийг хатуу хэлмээр байна.

-Н.Энхбаяр нарын зохион байгуулж буй ард түмний их хуралдайг хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож байх шиг байна. Харин таны хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Манайханд нэг олиггүй зан байна. Н.Энхбаярын гар хөл бологсод, хүүхэлдэйнүүд гэх юм. Тэд 15 олигархийг нэрлэлээ. Харин ч бага байна. Өөр цаана нь зөндөө хүн байгаа шүү дээ. Ордонд сууж байгаа хүмүүс ялангуяа манай намынхан 1990 онд бүгдээрээ л гудамжинд байсан шүү дээ. Өнөөдөр гадаа жагсаал хийж байгаа хүмүүстэй адил гудамжинд эсэргүүцэж суусан. Энэ чинь ардчилсан нийгэмд байдаг нэг хэлбэр.Үүнд эмзэглэх зүйл огт байхгүй. Н.Энхбаярын жагсаалаас цус үнэртэж байна гэх зэрэг сонин асуудал яригдаж байна. Яахаараа гудамжнаас шаардлага тавьж  байгаа хүмүүс муу болж хувираад, төрд луйвар хийж байгаа нь энхийн цагаан тагтаа шиг байдаг юм. Ардчилсан улс орон мөн л юм бол ард иргэдийнхээ шаардлагыг хүлээж авах ёстой. Ард иргэд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийх нь төлөө яагаад янз бүрээр хочилж байгаа юм. Хамгийн гол нь хэн зохион байгуулж байгаа нь сонин биш. Иргэдийн жагсах эрхийг хүндэтгэх хэрэгтэй. Би ч гэсэн 20 жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр жагсаж шаардлага хүргүүлж байсан. Олон ч жагсаал цуглааныг би өөрөө зохион байгуулж байсан.

-Төрийн эрхийг Үндсэн хууль зөрчиж булаах гэсэн оролдлого хэмээн тайлбарлаж байгаа хүн байна шүү дээ?

- Тэгж ярьж байгаа хүмүүс боль л доо. Жагссан болгоныг янз бүрээр хардаад байж болохгүй. 1990 онд бид төрийн эрхийг авахыг хүсээгүй юм уу. Миний хувьд 1990 онд жагсаал хийх болгондоо засгийн эрхийн төлөө тэмцэж байсан. Засгийн эрхийн төлөө л тэмцэж байсан гэж дахин хэлмээр байна.Тухайн үед болж бүтэхгүй зүйл хийж байсан нөхдийг огцрохыг шаардаж байсан. Ардчиллын суурь үнэлэмж байдаг.Тийм зүйлийг нь устгачхаад өнөөдөр Ардчилсан Монгол Улс  гэж хэлээд үз дээ. Өөрсдөө гудамжинд жагсаж   байгаагүй   юм шиг зүйл ярьж байна. Харин жинхэнэ дарангуйлагчдын үнэр энэ төрөөс үнэртэж байна. Иргэд рүүгээ бууддаг, алдаг. Дарангуйлсан төрийн мөн чанар харагдаж байна. Нэг зүйлийг хэлэхэд  би өнөөдөр УИХ-ын  гишүүний хувьд жагсагчдын эрхийг боомилох үйлдэл гаргаж байгаа хэн бүхний эсрэг боломжоороо тэмцэнэ.

-УИХ-ын нэр бүхий гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн сураг сонсогдож байсан.Та нэг нь үү?

-Ард нь хэн байгаа нь сонин биш. Н.Энхбаяр ч Монголын иргэн. Яагаад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болдоггүй юм. Яагаад М.Энхсайхан үгээ хэлж болдоггүй юм. Тэр хоёрт хуулиар эрх нь олгогдоогүй юм уу. Хуулиар гэм буруутай гэж шийтгээд ямар нэгэн хориг тавиагүй биз дээ. Цагтаа монгол төрийг тэргүүлж байсан лидерүүд байсан.Тэр утгаараа өнөөдөр тэр хоёртой нийлсэн хүмүүсийг хүн биш, төрийн эсэргүү болгож хувиргаж болохгүй. Харин ч тийм муухай төр байж болохгүй.

-Таны зүгээс Н.Алтанхуяг даргынхаа тухай асуудлаар Тусгай хяналтын дэд хороонд хандсан. Саяхан тус дэд хороо хуралдсан.Танд ямар нэгэн хариу өгсөн үү?

-Өнгөрсөн долоо хоногт Тусгай хяналтын дэд хороо хуралдахад Н.Алтанхуяг ирээгүй юм билээ. Энэ долоо хоногт дахиад хуралдана гэсэн. Тусгай хяналтын дэд хороо ажлаа хийдэг үгүйг хараад л сууж байна.

-ОлигархитөрийгН.Энхбаяр байгуулсан, гэтэл өөрөө түүнийг цэвэрлэхийн төлөө явж байна.Энэ юу гэсэн үг вэ хэмээн хүмүүс гайхаж байна.Үнэхээр жүжигбиш үү?

-Гайгүй байлгүй.Харин өнөөдөр төр барьж байгаа хүмүүс бүгдээрээ л Н.Энхбаярын гар хөл болж байсан шүү дээ. Шударга хэлэхэд тэгж ярьж байгаа хүмүүс ичиж үхээсэй. Бүгдээрээ л Н.Энхбаярын үүдэнд оочерлож түүний хүчээр төрийн өндөр сэнтийд гарсан. Хүний өөрийнгүй Н.Энхбаярын татааснууд одоо хэнтэйгээ тэмцэх гээд байгаа юм. Өөрөө  өөртэйгөө тэмцэх гээд байгаа юм уу. Харин ч Н.Энхбаяр тэдгээр хүмүүсийг бодтол арай ухаантай юм. Алдаагаа эрт ухаараад зөв зүйл хийгээд явж байна.Хэрэв Н.Энхбаяр олигархийн загалмайлсан эцэг, хамгийн муу хүн юм бол түүний жинхэнэ гар хөл бологсод өөрсдөө ийм байдалд хүргэсэн.

-Долдугаар сарын 1-нд онц байдал зарлахдаа С.Баярын дарамтаар хийсэн гэж тэрбээр олон удаа ярьж байсан. Үүнийг хэрхэн ойлгож байна вэ?

-Тухайн үед С.Баяр намын дарга байсан. Н.Энхбаяр чинь хэдийгээр намаасаа түдгэлзсэн ч гэсэн МАХН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон.Тиймээс би Н.Энхбаярыг худлаа яриагүй байх л гэж бодож байна.

-Сонгуулийн тухай хуулийн зэрэгцээ хоёр танхимтай парламентын асуудал яригдах болсон. Манайх шиг цөөн хүн амтай улс оронд хоёр танхимтай парламент хэр нийцтэй байдаг юм бол?

-Хоёр танхимтай парламент гэдэг бол үлгэр. МАН-ынхан нийгмийн анхаарлыг татах арга. Сонгуулийн хуулиа өөрчилж чадахгүй. Хариуцлагаа хүлээж чадахгүй байгаа учраас нийгмийн анхаарлыг түр сарниулах гэсэн оролдлого. Үндсэн хуульд 76 гишүүнтэй нэг танхимтай байна гэж заасан байгаа. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудлыг ярих гэж байна. Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдсэн байхад хэзээ нь Үндсэн хуулиа шинэчилж, сонгуулийн тогтолцоогоо аль үед нь өөрчлөх юм. Арванхоёрдугаар сарын 31-нээс хойш сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон. Тэр болтол зургаахан сар үлдсэн. Цаг хугацааны үед маш давчуу байна. Үүнээс гадна хоёр танхимтай парламент угаасаа манайд тохирохгүй. Холбооны улсуудад байдаг тогтолцоо шүү дээ. Гэтэл манайх нэгдмэл улс шүү дээ. Нэг танхимтай парламент нь асуудлаа шийдэж чадахгүй байхад хоёр болчихвол ганц хууль гаргах гэж гурав дөрвөн жил болно. Хоёр танхимын хооронд сөргөлдөх зүйл гарна. Бүтэхгүй асуудал. Түүнчлэн Япон зэрэг хөгжилтэй улсууд хоёр танхимаас татгалзах тухай ярьж байхад манайх болно гэж яриад байгаа нь утгагүй л байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.