Солонгосын улс төрийн тогтолцоо
Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа тунхаглаж, зах зээлийн эдийн засгийн системээр ардчилсан нийгмийг цогцлоон бүтээж буй Солонгосын ард түмний амжилтын гол түлхүүрийг энэ ард түмний хөдөлмөрч, хичээнгүй зан чанар, хүчирхэг төрийн тогтолцоотой холбож болно.
Энэ тухай түүхээс сөхөн харвал, Үндсэн хуулинд заасны дагуу 1948 оны 8-р сарын 15-ны өдөр Парламентын засаглалтай БНУ-ыг байгуулжээ. Тус Үндсэн хуулиар, Үндэсний чуулган нь 4 жилийн хугацаатай үйл ажиллагаагаа явуулахаар болж, Ерөнхийлөгчөөр тэргүүлүүлсэн хүчирхэг гүйцэтгэх засаглалыг бүрдүүлсэн байдаг. Харин 1952 оноос эхлэн бүх нийтийн сонгуулийг улс орон даяар явуулах болжээ.
1948-1960 оны хугацаанд улсын тэргүүний үүргийг Ли Сынман гүйцэтгэсэн байдаг. Тэгвэл 1960 онд Өмнөд Солонгос улс Парламентын засаглалыг бүрдүүлж, Үндэсний чуулганы өмнө хариуцлага хүлээх Гүйцэтгэх засаглалыг Ерөнхий сайд тэргүүлэх болжээ.
1961 онд Пак Чонхигоор удирдуулсан төрийн эргэлт гарч, төрийн эрхийг барих болсон. Улмаар тэрээр ард түмний дэмжлэгийг авч, 1963,1967,1971,1972,1978 оны сонгуульд ялалт байгуулан, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэрэгжүүлсэн билээ. Энэ үед буюу 1972 оны үндсэн хуулиар, Ерөнхийлөгчийн эрх мэдэл ихээхэн өргөжсөн байдаг. Түүнийг 1979 онд алагдсаны дараа тухайн үед Солонгос улс даяар онцгой байдал зарлаж байжээ.
Улмаар 1980 онд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулснаар, тусгай зөвлөлөөр Ерөнхийлөгчийн сонгуулийг хэлэлцдэг болсон. 1 тэнхимтэй Парламент буюу Үндэсний чуулган нь 4 жилийн хугацаатай хууль тогтоох дээд эрх мэдлийг хэрэгжүүлэх болжээ.
1987 онд Төрөөс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл дээр ажилласны дагуу 6 дахь өөрчлөлтийг хийжээ. Дээр дурьдсанчлан 1948 оноос эхлэн 1960, 1962, 1972, 1980, 1988 он гээд хамгийн сүүлд хийсэн Үндсэн хуулийн 6 дахь өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг 1 удаа 5 жилийн хугацаатай сонгогдох эрхтэй Улсын тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрчээ. Ерөнхийлөгчийн оролцоотойгоор Төрийн зөвлөл байгуулагддаг. Тус Төрийн зөвлөлд Ерөнхийлөгч болон Үндэсний чуулганы гишүүдээр дэмжигдсэн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийнхээ хамт, мөн 4 жилийн хугацаатай шууд сонгуулиар сонгогддог Үндэсний чуулганы гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ багтдаг. Сонгуулийн тогтолцоо нь мажиротор болон пропарцианаль системээр явагддаг байна.
Ийнхүү улс орныхоо эрхэм зорилго, бүрэн эрхт байдал, хүний эрх чөлөө, төрийн байгуулал, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхойлон улс даяар зарлан тунхагласан Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 7-р сарын 17-ны өдөр тэмдэглэдэг бол, Эрх чөлөөний өдрийг 8-р сарын 15-нд албан ёсоор тэмдэглэдэг байна.
2008 оны 2-р сарын 25-наас эхлэн Өмнөд Солонгос улсын төрийн өндөрлөг, 17 дахь Ерөнхийлөгчийн албан үүргийг Лий Мянг-бак хэрэгжүүлж байна. Тэрээр 1941 оны 12-р сарын 19-нд төрсөн. 2007 оны 12 сарын 19-ны өдөр буюу өөрийнхөө төрсөн өдрөөр явагдсан сонгуульд 11492389 иргэдийн саналыг авч, нийт сонгогчдын 48,7%-ийн дэмжлэгээр одоогийн Ерөнхийлөгч болжээ. Улмаар БНСУ-ын Ерөнхий Сайдын үүргийг Хан Сэүнг-Cу–д 2008 оны 2-р сарын 29-ны өдөр шилжүүлээд байна.
Мөн 2008 оны 4 сарын 9-нд явагдсан Парламентын сонгуульд Ерөнхийлөгчийн нэр дэвшсэн Аугаа Үндэсний нам ялалт байгуулж, нийт 299 суудлын 153-ыг эзэлжээ. Тус Өмнөд Солонгос улсын Үндэсний чуулганы 18 дахь сонгуульд нийт 6 нам тус парламентад суудал авснаас Нэгдсэн Ардчилсан нам 81 суудлыг эзэлж удаалжээ.