Өрнө европын орнуудад нийгмийн салбарт гаргасан амжилтыг төрөөс шагнахыг зохисгүйд тооцдог
Гадаад улсад гавьяа шагналын журам анх гарахдаа шашин төрийг хослож байх үед үүссэн бөгөөд гавьяа байгуулсан цэргийг шашний ордон (рыцарьский орден, khight's order) хэмээх бүлгэмд элсүүлж, тухайн ордынхоо тэмдгийг чимэн зүүх эрх өгдөг байжээ. Иймээс одон тэмдгийг өрнийн бүх хэлэнд шашин, цэргийн ордны адил орден, order хэмээн нэрлэдэг байна.
Их Британ эртнийхээ энэ уламжлалыг сахин Шотландын ордон, Английн ордон, Хадагтайн ордон хэмээх шагналын сүлжээ байна. Мөн Германы Төмөр загалмай одон ч ийм түүхтэй билээ.
Орчин үед төрийн төлөө гавьяа байгуулсан энгийн хүнд уламжлалт шашний ордонд элсүүлсний тэмдэг болгон одон гардуулдаг болжээ.
Одонгийн зорилго
Одонгийн гол зорилго бол олгож буй шашин, цэргийн бүлэглэлийг үнэн зүтгэлт гишүүдээр бэхжүүлэх явдал байснаа хожим төрийн алба, түүний дотор цэргийн албыг бэхжүүлэх нэгэн онцгой хэлбэр болон хөгжсөн байна (Knighthood and Nobility, 1996). Эзэн хаан амиа золиослосон цэргийн гавьяаг мөнгөөр үнэлэх боломжгүй тул нэгэн насаар нь ивээлдээ авсны тэмдэг болгож эзнийхээ овгийн сүлдийг хуяг, бамбай дээр нь тавихыг зөвшөөрдөг байсан юм. Өнөөг хүртэл Британийн эзэн хааны ордонд Англикан сүмийн болон Шотландын одон эртний заншлаа хадгалан тусгай нөмрөг, ямбаны хувцас өмсөн, шашний зан зүйл үйлдэх нь хэвээр байдаг. Гавьяа байгуулсан нэгнийг эдгээр одонгийн гишүүн болгон адислаж, түүний тэмдэг болгон одон шагнадаг билээ. Одонг ихэвчлэн эзэн хаан тэргүүлэх бөгөөд тодорхой тооны гишүүнчлэлтэй, гишүүд нь дотроо зэрэг дэвтэй, хэнийг гишүүн болгохыг гагцхүү одны эзэн мэдэж шийднэ. Тухайлбал Британийн хатан хааны толгойлдог одонгуудын нэгэн болох Гартерийн одон дотроо гурван гүн, гурван барон, гурван хөлөг баатартай: түүнээс гадна засагч, тамгач гэх мэт албаттай байдаг агаад бүгд одонгийн гишүүн байна. Хиа баатар (Knight companion), Хиа хатагтай (Lady companion) хэмээн харилцан биенээ хүндэтгэн дуудна (Order of the Garter) (Saint George's Chapel). Шотландын одон мөнхүү ийм зэрэг дэвтэй, хатуу гишүүнчлэлтэй байх агаад мөнхүү Британийн хатан хаан толгойлно.
Энэ уламжлал үндэстэн улсын үед ч хадгалагдсан бөгөөд зөвхөн төрийн албыг бэхжүүлэхийн тулд цэргийн болон дипломат алба хашиж буй этгээдийг урамшуулах үндсэн хэлбэр болсон байна. Канад, Британи, Франц зэрэг зарим газар эмнэлгийн түргэн тусламжийг цагдаагийн эргүүлтэй адил төрөөс иргэддээ үзүүлэх үйлчилгээ хэмээн үздэг, дүрэмт хувцастай иргэний алба байдаг тул түргэн тусламжийн эмнэлгийн ажилтныг шагнах тусдаа одон медальтай байдаг.
Төрийн уламжлалаа хадгалсан өрнө европын улс орнууд одонгийн нэр хүндийг хадгалахын тулд гагцхүү төрд гавьяа байгуулсан этгээдэд өгдөг нь нийтлэг бөгөөд бизнес, урлаг, боловсрол зэрэг нийгмийн салбарт гаргасан амжилтыг төрөөс шагнахыг зохисгүйд тооцдог. Тиймээс ардын жүжигчин, гавьяат жүжигчин гэх мэт цол байдаггүй ажээ. Тэр бүү хэл, шүүх, прокурор зэрэг байгууллагын ажилтныг төрийн буюу гүйцэтгэх эрх мэдлийн шагналаар шагнахыг төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөрчсөн явдал гэж үздэг тул тэдгээр байгууллагын ажилтныг төрийн гавьяа шагналаар шагнадаггүй билээ.
Бусад салбар дахь гавьяа шагнал
Бизнес, урлаг, эрдэм шинжилгээний зэрэг төрийн албад хамаарахгүй бусад салбарт амжилт гаргагсадаа урамшуулах төрийн шагналын системд хамаарахгүй тусдаа системийг боловсруулсан байдаг. Иргэний нийгэм, тэр дундаа төрийн бус салбар мэргэжлийн байгууллага хүчтэй хөгжсөн улсад ийм төрлийн шагнал төрийн шагналаас ч илүү нэр хүндтэй байдаг
Мэргэжлийн сайн дурын байгууллага санаачилгаараа жил бүр олгодог салбарын шагнал бий болгож, цэвэр нарийн мэргэжлийн үүднээс аливаа уран бүтээлийг үнэлэх төрийн бус академи байгуулж, тэр академийн гишүүд нууц санал хураалтаар тухайн жилийн шагналыг ямар бүтээлд олгохыг шийддэг ажээ. Тэдгээр академи анхандаа хөлөг баатадын одонг жишиг болгосон бүтэцтэй байсныг эртний түүхтэй их сургууль, академуудаас олж харж болно. Харин хожуу байгуулагдсан орчин үеийн академи илүү төрийн бус байгууллагатай төстэй бүтэцтэй байдаг.
Мэргэлжийн төрийн бус академийн шагнал төрийн шагналаас илүү нэр хүндтэй байх жишиг өрнө дорнын өндөр хөгжилтэй оронд түгээмэл байна. Кино урлагийн салбарт Сүүдэр зургийн урлаг, ухааны академи (Academy of Motion Picture Art and Science AMPAS)-аас жил бүр олгодог Оскарын шагнал (Academy Award), Колумбын их сургуулиас сэтгүүлч, зохиолчдод олгодог Пулцерийн шагнал (Pulitzer Prize) гэх мэт олон шагнал байдаг билээ. Оскарын шагналт жүжигчин гэдэг бол манайхаар дүйцүүлбэл "Гавьяат жүжигчин"-ий дайтай, магадгүй түүнээс ч хүндтэй байдаг. Гэхдээ тэдгээрийг төрөөс олгодог шагналтай эндүүрч огт болохгүй: дан нарийн мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн олон нийтийн академи энэ шагналыг олгодог юм.
Ийм шагнал нэр хүндтэй байх наад захын хоёр шалтгаантай: нэгд, энэ шагналыг хэн нэг хүнд сурталтай төрийн түшмэл бус, харин мэргэжлийнх нь нэр хүндтэй хүмүүс оролцсон академи нууц санал хураалтаар шийддэг тул шударга байдаг: хоёрт, шагнуулж буй бүтээлийг нь тухайн мэргэжлийнх нь хүмүүс шалгаруулдаг тул үнэхээр сайн бүтээл гэдэгт эргэлзэх хэрэггүй байдаг. Тийм учраас манайх шиг муу бүтээлд нүдээ олоогүй шагналыг арын хаалга, авилга хахуулиар авлаа гэсэн яриа гардаггүй байна.
Төрийн бус салбарын шагналын гол онцлог бол гарамгай бүтээлд өгдөг явдалд оршино. Төрийн шагнал, байгуулсан гавьяанаас гадна он удаан жилийн зүтгэлийг үнэлэн хувь хүнийг урамшуулдаг билээ.
Одон зүүх журам
Эзэн хаанаас хүртээсэн ивээл, шашины мяндаг олсны илэрхийлэл болох тул одон, медалийг зүүх нарийн дэг горимтой байдаг. Байгуулсан гавьяагаараа шашины мяндаг дэвшдэг тул дээд зэргийн одонг хүртвэл доод зэргийн одонгоо зүүдэггүй байна. Гавьяа цолоо дагасан одон медаль бол эзний хишиг тул ямагт зүрхэн тушаа зүүдэг юм.
Одон медалийн эрэмбэ
Одон дотроо олон зэрэг байвал гагцхүү хамгийн сүүлд шагнуулсан хамгийн дээд зэрэглэлийн одонг зүүдэг. Зүйрлэвэл, Алдарт эхийн хоёрдугаар зэргийн одон авсан эмэгтэй, дараа нь нэгдүгээр зэргийн одонгоор шагнуулбал гагцхүү нэгдүгээр зэргийн одонг л зүүх ёстой бөгөөд хоёрдугаар зэргийн одонг зүүхгүй: Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одон авахын тулд өмнө нь заавал хоёрдугаар зэргийг авчихсан байх нь мэдээж хэрэг билээ.
Шашины болон төрийн хэргэм зэрэг шатлалынхаа дагуу доороос дээш өгсөх дараалалтай явдаг тул одон медалийн систем ч тухайн хэргэмийн зэргээс хамаарч тогтоогдсон байдаг. Анхан шатны хэргэм шагнуулсны дараа дээд шатны хэргэм ахиж, түүний хамт доод зэрэглэлийн одонг халж, дээд зэрэглэлийн одонг зүүдэг уламжлал өнөө үед жишиг болон өрнө дорнын олон оронд тэр чигээрээ хадгалагдаж байна.
Одон медалийг зүүх
Олон одонг ярайлган зүүх заншил гагцхүү ЗХУ-ын үеэс эхтэй юм. Харин одон бий болсон сонгодог уламжлалд ийм зүйл байхгүй, аль болох цөөн одон зүүхийг эрхэмд үздэг байна. Гэхдээ ямар зориулалтын, ямар загвартай хувцас дээр зүүхээс шалтгаалан одон, медалийн тоо, байрлал харьцангуй өөр юм.
Олон орны жишээг харьцуулан үзвэл одонг хоолойнд буюу зүрхэн тушаа цээжинд, харин медалийг энгэртээ зүүдэг явдал түгээмэл байна. Зарим оронд одон медалийг зүүх нийтлэг жишгийг ерөнхийд нь заасан байхад, зарим орон уламжлалаасаа шалтгаалж, одон тус бүрт зүүх журмыг нь тусгайлан заасан байх нь ч бий. Жишээ нь, зарим нэгийг баруун цээжинд, зүрхэн тушаа зүүдэг бол заримыг нь нь зүүн цээжинд зүүхийг шаарддаг ажээ. Канадын цэрэг, цэргийн сургуулийнхны одон, медаль зүүх журмыг ард хавсаргав.