Кейнсийн жор хямрал, уналтыг зөллөх бодлогын гарц
Одоо ид гаарч байгаа дэлхийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал уналтыг өнгөрсөн зууны 30-аад оны Их уналтын хэмжээний гэж үзэж Их уналт-2 гэж зарим эрдэмтэд цоллож эхлээд байна.
Америкаас үүдэлтэй энэ хямрал, уналт АНУ-д бүтэн жил гаруйн өмнө эхэлсэн гэдгийг эрдэмтэд одоо тогтоогоод байна. Өнгөрсөн зөвхөн нэг жилийн хугацаанд санхүүгийн хямралаас болж АНУ-ын аж үйлдвэрийн хувьцааны үнэ цэнийг илэрхийлдэг Доу Жонс 33.8 хувь унасан нь 1931 оноос хойшхи хамгийн том бууралт юм. Америкийн банк, Ситигруп зэрэг аварга банкуудын үнэ цэн 65 хувиар унасан байна. Америкийн санхүү, эдийн засгийн нүүр царай, бэлэг тэмдэг болсон зарим гол компани, корпорац дампуурах, эсвэл бусадтай нийлж залгиулах, аврал тусламжийн хүчинд амь торгооход хүрсэн явдал олноор гарав. Өмнөх зургаан жилийн хугацаанд олж авсан хувьцаа эзэмшигчдийн долоон триллион долларын үнэ бүхий хөрөнгө баялаг салхинд хийссэн мэт ганц жилийн дотор арчигдан алга болов. Гэхдээ Америкийн уналт хамгийн муу нь ч бас биш юм.
Сүүлийн үед хөгжил цэцэглэлийн үлгэр дуурайл болж байсан БРИК дөрвөл буюу Хятад, Энэтхэг, Орос, Бразилийн хувьцаа 55-72 хувь унаад байгаа ажээ. Европ, Азийн хөгжингүй орнуудад хувьцааны үнэ цэнэ мөн дорвитой унаад байна. Хямралтай тэмцэх үүднээс Европын комисс эдийн засгийг идэвхжүүлэх нийт европын төлөвлөгөөг өргөн барьсан. Тэнд анхаарал татаж буй зүйлийн дотор Холбооны дүрэм, хэлэлцээрийн зарим зүйлийн үйлчлэлийг, тухайлбал гишүүн улсын төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиас, улсын өр ДНБ-ий 60 хувиас тус тус давсан үед торгууль хориг тавихыг түр зогсоохоо амлаад байгаа юм. Урьд өмнөх уналтаас сургамж авсан Япон улс энэ оны дөрөвдүгээр сард эхлэх 2009 оны санхүүгийн жилдээ улсын төсвөө урьд хожид байгаагүйгээр буюу 88,5 трилион иенээр төсөвлөсөн нь өмнөх жилийнхээс 5,5 триллион иенээр илүү байгаа ажээ. Энэ бүх төсвийн 30-ийг нь нийгмийн хамгаалалд зарцуулах юм байна.
Манай хөрш Хятад улс 2007 оны үзүүлэлтээр дэлхийн гурав дахь том эдийн засаг болсон хэдий ч үйлдвэрлэлийн томоохон хэсэг нь бүтээгдэхүүнээ АНУ болон бусад хөгжилтэй орнуудад экспортлох зориулалт чиглэлтэй тул хямрал хүнд тусч энэ чигпэлийн олон арван мянган үйлдвэр үүдээ барьсан буюу хаагдах байдалд орж 20 гаруй сая хүн ажилгүй болж, эдийн засгийн бүтэц чиглэлээ өөрчилж, шинэчлэх хүнд зорилттой тулгараад байна. Хямралын эсрэг чиглэлээр 586 тэрбум доллартай тэнцэх хэмжээний багц арга хэмжээг арван хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулахаа зарласан билээ. Манай хойд хөрш ОХУ-д яг нэг жилийн өмнө эдийн засгийн байдал маш сайн, сэтгэл зовох зүйлгүй мэт байсан бол өнгөрсөн оны эцэс гэхэд Оросын Фондын индекс 70 гаруй хувь, зарим тодорхой компанийн хувьцаа 90 хувь хүртэл унаж баялагийн үнэ цэнэ нэг триллион ам.доллар буюу 2007 оны ОХУ-ын ДНБ-ний 84 хувьтай тэнцэх хэмжээгээр буурсан байна. Үнэт цаасны зах зээлд үүссэн хямралыг зөөллөх гэсэн оролдлого нь валютын нөөц эрс дундарахад хүргэж, түүнийг хамгаалах гэсэн мөнгөний хатуу бодлого нь үйлдвэрлийг уналтад оруулснаар эдийн засгийн гүн гүнзгий хямралд ороод байна. ОХУ-ын хувьд энэ он хүнд жил болно гэж үзэж буй бөгөөд ажилгүйчүүдийн тоо асар түргэн өсч олон улсын аргачлалаар тооцоход 6-6.5 саяд хүрч болзошгүй гэсэн таамгийг зарим эдийн засагчид хийж байна. Хөгжиж буй орнуудад 2007 онд хувийн хөрөнгө оруулалт нийт дүнгээрээ нэг триллион ам.долларт хүрсэн бол 2009 онд 530 тэрбум болтлоо унана гэж тооцоолж байна. Зах зээлд шилжилт хийж буй улсуудын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын жилийн өсөлт 2007 онд 13.2 хувь байсан бол 2009 онд 3.5 хувь болж буурна гэж үзэж байна. Эдгээр тооцоо дүгнэлтээс үзвэл гадаадаас хөрөнгө оруулалт, зээл тусламж олно гэдэг амаргүй зүйл болох төлөвтэй байна.
Энэ удаагийн хямрал капиталист санхүүгийн системийг бараг мөхлийн эрмэгт авчирснаараа онцлог юм. Энэ нь зөвхөн санхүүгийн төдийгүй зах зээлийн талаарх онол, үзэл баримтлалын буруу зөвийг ялгаж өгсөн үйл явдал болж байна. Өнөөг хүртэл АНУ-д давамгайлж ирсэн онол баримтлал нь эдийн засаг болон хөгжлийг зах зээл өөрөө, түүний "үл үзэгдэх гар" эрэлт, нийлүүлэлтийн механизмаараа дамжуулан зохицуулна, тиймээс засаг төрийн оролцоо, зохицуулалт бага байх ёстой гэсэн либерал тулгуур үзэл байсан. Чөлөөт зах зээл гэгчийн хожмын гол төлөөлөгчид нь ерөнхийлөгч Р.Рейганаас эхлээд эрдэмтэн Милтон Фридман, Холбооны нөөцийн даргын ажлыг олон жил хашсан Алан Гринспан зэргийг нэрлэж болох юм. Тэд мөнгөний бодлогын ид шидээр Их уналтыг дахин гаргуулахгүй байх нууцыг эзэмдсэн гэдэгтээ итгэл төгс байв. Тэгвэл өнөөдөр ид гаарч буй хямралтай холбогдуулан америкийн Конгрессын удирдлагын өмнө А.Гринспаны өгсөн өчил хүлцэл олон зүйлийг тайлах юм. Тэрээр Холбооны нөөцийн даргын хувьд санхүүгийн зохицуулалтыг задлах ажиллагааг удирдан хийхдээ "алдаа"-тай зүйлийг үндэс болгосон, чөлөөт зах зээлийн өөрийгөө зохицуулах чадавхийг хэт үнэлж, орон сууцны зохицуулалтгүй зах зээлийн сүйтгэх аюулыг олж хараагүй буруугаа гэмшин хүлээгээд "өнгөрсөн оны зун оюун санааны бүхий л байгууламж нурж уналаа" гэж мэдэгдсэн билээ. Энэ оюун санааны байгууламж гэдэг нь чөлөөт зах зээл төгс төгөлдөр, өөрийгөө зохицуулаад явдаг тул төрийн оролцоо, зохицуулалт тун бага байх ёстой гэж үздэг либерал тулгуур онол, үзэл баримтлал, түүнийг үндэс болгосон бодлого, үйл ажиллагаа бүтэлгүйтсэнийг алдар цуутай энэ тэргүүлэх эдийн засагч хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Ж.Сорос "Тус хямрал санхүүгийн системээс өөрөөс нь үүдэлтэй" гэж тэмдэглэсэн нь голыг олсон дүгнэлт гэж үзнэ.
Нөгөө талаар дээрх үзэл онолын уналт нь Кейнсийн онол номнол илүү зөв зүйтэй байсныг тод томруун харуулж өгсөн хэрэг юм. Тиймээс ч өнөөгийн хямрал, уналтаас гарах, улмаар эдийн засгийн шинэ дэг журам тогтоон төлөвшүүлэх үйл явц түүний бүтээж өгсөн онол номнолын үндэс суурин дээр хийгдэх нь тодорхой болж байна. АНУ-ын шинэ ерөнхийлөгч Б.Обамагийн засаг захиргаанаас америкийн эдийн засгийг сэргээх чиглэлээр хийхээр төлөвлөж буй багц арга хэмжээ нь Кейнсийн эмчилгээний арга, жорыг бүрэн хэрэглэхэд чиглэж байгааг зарим том эдийн засагчид тэмдэглэж байна. Төрийн зохицуулалтыг нэг нүдээр үздэггүй, чөлөөт эдийн засаг, мөнгөний бодлогыг шүтэгчид хүртэл өнөөдөр америкийн засаг, төрөөс аврал эрж, санхүү, эдийн засгийг сэргээж өгөхөд илүү хүч гаргах, далайцтай оролцохыг гуйж шаардаж байна. Тиймээс ч америкийн санхүү, эдийн засгийг аврах найдлага, гол хүч нь Нью-Йорк, Уолл Стрит биш, харин Вашингтон, тэнд байгаа засаг, захиргаа болж хувираад байна. АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн оноос хойш хямрал уналтыг сааруулах, хохирлыг бууруулах зорилгоор нэг триллион гаруй ам. доллар зарцуулаад байгаа бөгөөд шинэ засаг захиргаа ч нэмж найман зуу гаруй тэрбум долларын багц арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг мэдээлж байна. Уналтыг 2010 хүртэл үргэлжилнэ гэж үзэж буй эрдэмтэн, судлаач олон байгаа бөгөөд ажилгүйдлийн төвшин АНУ-д 7-8 хувьд, нийт хөгжингүй орнуудад ажилгүйчүүдийн тоо ойрын хоёр жилд найман сая хүнээр өснө гэсэн тооцоог хийцгээж байна. Америкийн хямрал, уналтын гол шалтгааныг нийгэм бүхэлдээ хэрээс хэтэрсэн өр зээлд шүтсэн системтэй болчихсонтой холбоотой гэж үзэж байна. Ийм системийн аль нэг хэсэг нь доголдол уналтад ороход бүх системээ нураах аюул нүүрлэдэгийг энэ удаагийн хямрал тод харууллаа. Өнөөгийн хямрал, уналт нь нэг ёсондоо итгэлийн хямрал буюу итгэл алдарснаас үүдэлтэй гэж хэлж болно. Хэрэглэгчид бэлэн мөнгөө хав дарж хэрэглээгээ эрс хумьсан, банкууд зээл өгөхөө үндсэндээ зогсоосон, бизнесүүд хичнээн ашигтай зүйлд ч хөрөнгө оруулснаас мөнгөө хамгийн найдвартай санхүүгийн хэрэгсэлд хүүгүй ч хамаагүй хадгалуулахыг дээрд үзэх болсон нь хямрал, уналтын энэ үе дэх нийтлэг хандлага, сэтгэлгээ болон хувираад байна.
Аливаа том уналтын үед эрэлт болон хэрэглээ ихээхэн буурч, түүнээс үүдэн бараа, түүхий эдийн үнэ эрс унах, хөрөнгө оруулалт саарч зогсох, үйлдвэрлэл хумигдах, олон үйлдвэр аж ахуйн газрууд хаагдах, ажилгүйдэл гаарах зэрэг дагалдсан үй түмэн гинжин үйл явц өрнөдөг бөгөөд одоо ч ийм байдал олон улс оронд газар авсаар байна. Эднээс манайд хамгийн том эхэлж мэдрэгдсэн нь нефть шатахуун хагас жилийн хугацаанд л баррель нь 140 гаруй доллар болтлоо хадаж галзуураад 40 хүрэхгүй доллар болтлоо навс унасан, зэсийн үнэ 2-3 дахин буурсан явдал байв. Одоо дэлхийн хямрал манайд нүүрлэж эхлээд байгаагийн олон шинж тэмдэг ажиглагдсаар байна. Өнгөрсөн оны эдийн засгийн байдлын урьдчилсан статистик үзүүлэлтээр ДНБ-ий өсөлт өнгөрсөн оны эхний хагасынхаас бараг хоёр нэгжээр буурсан дүн гарч байгаа нь уруудалт эхэлсний том дохио юм. Гадаад худалдааны алдагдал гол нь нефть шатахуунаас өдөөгдсөн ч гэсэн тэрбум долларын төвшнийг анх удаа давж, валютын нөөц хоёр дахин буурсан, зээлийн өрийн үлдэгдэл 20 гаруй хувиар, чанаргүй зээл 2,8 дахин эрс өссөн зэрэг нь хямралын нөлөөллийн тодорхой илрэлүүд юм. Хэрэглэгчид, бизнесийнхний төвшинд илт мэдрэгдэж байгаа арилжааны банкууд зээл олголтоо зогсоосон, валютын арилжаа эрс хумигдсан, төгрөгийн ханш тогтворгүйтэн савлах болсон, зарим банк хямралд орсон, зээл зогссоноор хөрөнгө оруулалт, орон сууц, бүтээн байгуулалтын бусад ажил үндсэндээ зогсонги байдалд орсон, хэрэглээ хумигдсан, хэрэглэгчдийн худалдан авах чадвар доройтож ажилгүйдэл, ядуурал улам өсөх төлөв хандлага илрэх болсон зэрэг нь хямралын мөн дам илэрлүүд гэж үзнэ.
Дэлхийг хамарсан санхүү, эдийн засгийн гүн хямрал, уналтаас эх Монгол Улсаа өвдөг сөхрүүлж, элгээр нь хэвтүүлчилгүй хэрхэн авч гарах вэ гэдэг асуудал өнөөдөр төр, засгийн удирдлагаас эхлээд улс орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүн бүрийн толгойн өвчин болж байна. Энэ удаагийн хямрал нь урьд өмнө тохиолдож байсан эдийн засгийн хямралуудаас ихээхэн өөр, ялгаатай болохыг гадаадын томоохон эрдэмтэд тэмдэглэж байгаа. Түүнээс аюул осол, хохирол багатай гарах бодлого, арга замыг баримжаа таамгаар, мэрэг төлгөөр, эсвэл сэтгэлийн хөөрлөөр олж чадахгүй. Түүнийг харин ноцтой хямрал уналтад нэрвэгдэж байсан улс гүрний урьдын болон ойрмогхоны туршлага, сургамж, эдийн засгийн ул суурьтай мэдлэг, түүндээ үндэслэсэн эдийн засгийн зөв бодлого, зорилт, тууштай үйл ажиллагааны үндсэн дээр зүг чигээ зөв гаргаж хохирол багатай давах арга замуудыг олох учиртай. Ийм ноцтой хямралын үед ямар ч улс гүрэн одоогийн хямралаас зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр гарч чадахгүй гэдэг нь нийтэд тодорхой байгаа. Тэр тусмаа банк, санхүүгийн тогтолцоо нь иж бүрдэл бус, төгс хөгжөөгүй буурай хөгжилтэй манайх шиг улсад өнөөдрийн нөхцөлд мөнгөний бодлого тус болохоосоо гай болох нь илүүтэй байдаг. Эдийн засаг "халсан" үед мөнгөний бодлогын хэрэгслийг ашиглах нь илүү үр нөлөөтэй байдаг бол эдийн засгийн уналтын үед төсвийн бодлого, засгийн газрын шийдвэртэй оролцоо гол арга хэрэгсэл нь болдогийг эрдэмтэд олон жилийн судалгааны үндсэн дээр тогтоосон. Япон улс өнгөрсөн зууны эцсээр эдийн засгийн уналтад орсон үедээ мөнгөний бодлогын хэрэгслээр түүнээс гарахыг оролдсон боловч үр дүн өгөөгүй төдийгүй хожмоо "алдагдсан арван жил" гэж нэрлэгдсэн урт удаан уналт, зогсонги байдалд хүргэсэн гашуун сургаж шинэ сэргэг хэвээр байна.
Гэхдээ ноцтой хямрал уналтаас гаргадаг дэлхийн туршлагаар батлагдсан жор бэлхнээ байгаа. Энэ нь Кейнсийн эмчилгээний арга юм. Хямрал уналтын үед үүсдэг нэг гол аюул бол үйлдвэрлэл буурч, ажилгүйдэл гаарч, хүмүүсийн амьдрал доройтон тэр нь эдийн засгийг улам унагах ноцтой хүчин зүйл болдог. Тиймээс ч ийм үе дэхь эдийн засгийн тэргүүлэх бодлого. зорилт нь аль болох олон хүнийг ажилтай, цалин хөлстэй байлгах бодлого байдаг. Ийм зорилтыг бүсээ чангалах, мөнгөний хатуу бодлого явуулах замаар биш, харин Кейнсийн зааснаар аль болох олон хүнийг татаж хамруулж болох дорвитой бүтээн байгуулалтыг өрнүүлэх замаар ажил, амьдралтай болгох явдал юм. Тийм байгуулалт нь авто болон төмөр зам, орон сууц, далан гүүр зэрэг дэд бүтцийн том байгууламжууд байдаг. Хямралын үед тийм зүйлд хөрөнгө мөнгийг дайчлан төвлөрүүлэх үүргийг засгийн газар хүлээдэг бөгөөд эдгээр дорвитой байгуулалтыг хямралын үед хийж амжуулж чадвал тэдгээр нь эдийн засгийг сэргэх нэг гол арга болдог төдийгүй, хожимоо хөгжлийн том суурь тулгуур, хөдөлмөрийн бүтээмжийг эрс дээшлүүлдэг чухал хүчин зүйл болж хувирдаг. Төсөв болон санхүүгийн бусад эх үүсвэрүүд тийм л бүтээн байгуулалтад голлон чиглэж зарцуулагдах учиртай.
Тийм бодлого явуулж хэрэгжүүлж чадсан тохиолдолд аливаа эдийн засгийн хувьд амин сүнс нь болсон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж эдийн засгийн өсөлтийг тогтоон барих, ядаж түүний бууралт уналтын хурдыг сааруулах зорилго хангагдах юм. Ноцтой хямрал уналтын үед инфляц, төсвийн алдагдал гол асуудал биш болдгийг анхаарах учиртай. Эдийн засаг хэвийн байгаа үед инфляцийг бууруулах, төсвийг тэнцвэржүүлэх нь чухал бол хямрал уналтийн үед энэ асуудал хойш тавигддаг. Энэ онд манай төсөв алдагдалтай батлагдсаныг УИХ-ын олон гишүүн зөнгөөрөө тийм байхаас өөр аргагүйг зөв мэдэрсэнтэй холбоотой байж болох юм. Гагцхүү төсвөө тансаг хэрэглээ, эсэн бусан зүйлд зарах биш, харин нүдийг нь олсон зөв зүйлд зарцуулах явдал нэн чухал болно. Хямралыг зөөллөх бас нэг чухал хүчин зүйл нь хүмүүсийг ажлаар хангахад их үүрэгтэй жижиг дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид байдаг. Тэднийг бодлогоор дэмжих. тэдэнд үүрүүлсэн татвар, хураамжийг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг нь төр, засгаас дэмжих явдал эдийн засгийн бодлогын чухал чиглэл болох учиртай. Тэдэнд ялангуяа хөнгөлөлтэй, хугацаа харьцангуй урт зээл олгох боломж нөхцлийг бүрдүүлэх явдлыг. Төв банк, засгийн газар онцгойлон анхаарах хэрэгтэй гэж үзнэ.
Хямралын үеийн өөр нэг чухал бодлого нь төрийн албан хаагчид, нийгмийн халамж эдлэх ёстой хүмүүс болон ажилгүй болсон хүмүүсийн нийгмийн хамгааллын асуудал болдог. Энэ чиглэлээр том хөтөлбөр арга хэмжээ төлөвлөж хэрэгжүүлэх шаардлага гардаг. Өнгөрсөн жилүүдэд боломжтой үедээ төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэлээд нэмэгдүүлсэн нь өнөөгийн хямралын үед тэднийг арай гуйлгачин болгочихгүй байх нөхцлийг тодорхой хэмжээгээр бүрдүүлж чадсан гэж үзнэ. Сүүлийн үед манайд цалин хөлс, нийгмийн халамжаас болж инфляц гаарсан мэт үзэх буруу өрөөегөл хандлага нэлээд газар аваад байна. Тиймээс ч инфляцийг бууруулахаас илүү амин чухал зүйл үгүй мэтээр өнгөрсөн намаржин ярьж бичиж "инфляцийг онилсон" бодлого явуулах тухай хөөрөлдөв. Тэгвэл инфляц нь эдийн засгийн утгаараа бие даасан хүчин зүйл биш, харин эдийн засаг эрүүл биш байгааг харуулсан илрэл, шинж тэмдэг болно. Эмнэлгийн хэлээр бол энэ өвчин нь биш, харин түүний шинж тэмдэг юм. Тиймээс шинж тэмдэгийг бодлогын зорилго болгон хандах нь буруу билээ. Харин хэт инфляцид нэрвэгдсэн үед бол асуудал өөр болдог. Өнгөрсөн онд манай улсад инфляц 30 гаруй хувьд хүрч өссөн. Ийм хэмжээний инфляцийг дундаж түвшний гэж үздэг. Гэхдээ инфляцийн өсөлтийн цаад шалтгааныг олох нь чухал болно. Монголбанкны ерөнхийлөгч асан өнгөрсөн оны есдүгээр сард Удирд-лагын академийн дийнэ хичээлийн жилийн нээлтэд зориулж уншсан лекцтээ "Монголбанкны тооцоогоор хүнс, шатахууны бүлгийг хамтад нь хасч тооцвол жилийн инфляци энэ оны эхний долоон сарын байдлаар таван хувиас бага дүнтэй байв" гэж тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл манайд инфляц цочмог өссөний учир шалтгаан нь дэлхийд нүүрлэсэн хүнс, шатахууны үний галзууралд цохигдож ширвэгдсэн, зарим бизнес эрхлэгчид түүнийг ашиглан үнийг зохиомлоор хөөрөгдөх явдал газар авсантай голлон холбогдсон байна. Тэрнээс биш цалингийн өсөлт, нийгмийн хамгааллын холбогдолтой зардлаас болж инфляц өсөөгүй болохыг дээрх тоо харуулж байна.
Гэтэл Монголбанкнаас төсөвт байгууллагын ажиллагсдын орон тоо, цалингийн санг нэмэгдүүлэхгүй байх, төсөв, мөнгөний бодлогыг хатууруулах, төсвийг 2009 онд алдагдалгуй байхаар батлуулах явдлыг бодлого, үйл ажиллагааныхаа гол зорилго болгосон санал УИХ-д оруулсан зэрэг нь бодлогын чигээ зөв олоогүйг харуулна. Дээрх хоёр төрлийн бүтээгдэхүүний үнийн галзуурал нь хүнсний хувьд өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд гайгүй сайн ургац авсан, шатахууны хувьд дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал уналтаас шалтгаалан эрэлт эрс буурснаас үнэ нь навсайтлаа унаж буурахад хүрсэн. Тиймээс тэдгээрээс үүдэлтэй манай инфляц Монголбанкны бодлогын ачаар гэхээсээ дээрх бүтээгдэхүүнүүдийн үнийн уналтыг дагаад буурах хандлагад орсон гэдэг нь илт байгаа. Гэхдээ тэдгээрийн үнэ тэр бүр дорвитой буурч өгөхгүй байгаа нь манай эдийн засгийн болон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны гажуудлын бас нэг тодорхой илрэл гэж хэлж болно. Хэрэглэгчид хэрэглээгээ хумиж, бизнесменүүд үйлдвэрлээ бууруулж, банкууд зээлээ зогсоосноос үүдэн мөнгөний хомсдол үүсдэг. Эдийн засгийн эдгээр гол тоглогчид зардлаа тийнхүү хумих нь зах зээл дэх мөнгөний эргэлтийг бууруулж ДНБ-ийг унагадаг. Тиймээс мөнгөний зарцуулалт, нийлүүлэлт ерөнхий дүнгээрээ буурах нь эдийн засгийн том асуудал бэрхшээл юм. Гол тоглогчид тоглохоо больсноос үүдэж үүссэн мөнгөний хомсдолыг тодорхой хэмжээгээр үүрч тэднийг тоглолтод дуудаж чадах өөр нэг тоглогч нь Засгийн газар билээ.
Хэрэв Засгийн газар энэ үүргийг эс хүлээвэл эдийн засаг чөлөөт уналтад орох болно. Мэдээж тийм хариуцлага үүрэх нь Засгийн газрын өрийг ихэд өсгөхөд хүргэх боловч энэнээс өөр арга үгүй юм. Тиймээс эдийн засгийг чөлөөт уналтад оруулахгүй байх, хохирлыг сааруулж, зөөллөхийн тулд зах зээлд байгаа нийт мөнгөний хэмжээг бууруулах биш, харин өсгөж нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөөгийн хямрал уналтын нөхцөлд манай засаг төрөөс дээр дурдсан чиглэл бүрийг хамарсан цогц хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзнэ. Чингэхдээ дээр дурдсан нөхцөл хүчин зүйлийг анхаарч бодолцон дараах бодлого чиглэл баримтлахад чухалчлан анхаарах хэрэгтэй болов уу.
Үүнд:
- Төрийн төсөв, мөнгөний бодлогын хувьд мөнгөний нийлүүлэлтийг тэлэх, ядаж зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийн агрегатыг өмнөх оны түвшнээс бууруулахгүй байх, төсвийн мөнгийг ажлын байрыг нэмэгдүүлж чадах төсөл хөтөлбөрт түлхүү чиглүүлэх,
- Ажлын байр нэмэгдүүлж чадах янз бүрийн хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх чиглэлээр засгийн газраас боломжийн хүүтэй бонд болон үнэт цаас гаргах нь дотоодоос мөнгө дайчлах гол арга гэж үзнэ. Иргэдээс гадна Төв банк болон арилжааны банкууд түүнийг худалдан авах замаар зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг өсгөх бодлогыг, хэрэгжүүлж болох юм.
- Гадаадаас хөрөнгө мөнгөний эх үүсвэр хайхдаа өндөр хүүтэй санхүүгийн зээл болон бодлогын нөхцөл болзолтой ОУВС-ын зээлээс аль болох зайлсхийх, бусад улс, томоохон банк, компаниудтай хоёр талаар хөнгөлөлттэй зээл, тусламж авах, зарим тодорхой орд уурхайг дэнчин болгон зээл авах боломжуудийг хайж болох талтай гэж үзнэ. Олсон мөнгийг банкны үйл ажиллагааг дэмжихээсээ илүү дэд бүтэц, үйлдвэрлэлд чиглүүлэх учиртай. Хэрэв үйл ажиллагаа нь доголдсон банкинд дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай бол түүний хувьцааг нь худалдан авах замаар Засгийн газар нэг өмчлөгч болох хэлбэрээр явуулах. Бусад улс оронд энэ аргыг голлон хэрэглэж байна.
- Дэлхийн хэмжээнд хэрэглээ буурч, эрэлт багасан, худалдааны эргэлт унаж буй энэ үед экспортод гол анхаарал тавих үндэсгүй болж байна. Тиймээс гадаад худалдааны алдагдлыг тэнцвэржүүлэх, дотоодын эрэлт, нийлүүлэлтийг өсгөх үүднээс импортыг орлох үйлдвэрүүдийг хямралын энэ мөчлөгийн үед барьж байгуулахыг гол зорилт болгох.
- Дээр дурдсанаар дэд бүтцийн байгууламжууд хямралыг зөөллөх, эдийн засгийг сэргээх гол арга болдог тул ашиглаж эхлэхээр зэхэж буй стратегийн орд газруудад болон хөгжлийн төвүүдэд үйлчлэх авто болон төмөр зам, эрчим хүч, орон сууц зэрэг байгууламжид хөрөнгө хүчийг төвлөрүүлэх нь илүү оновчтой гэж үзнэ. Том хот суурины ядуу тарчиг амьдралтай хүмүүсийг ажил амьдралтай байлгахын тулд хямд өртөгтэй орон сууц олноор барих, хотын замыг засч сайжруулах, үерийн суваг шуудуу, далан, цас, мөсний болон бусад цэвэрлэгээ, тохижуулалт зэрэг нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж хүмүүсийг аль болох ажилтай, цалинтай байлгах бодлого явуулах
- Энэ оныг үйлдвэржүүлэлтийн жил болгон зарласан нь нүдээ олсон бодлого гэж үзнэ. Гэхдээ түүнийг зөв чиглэлээр, зөв үйлдвэрлэлд хандуулах нь чухал юм. Тийм чиглэлийн нэг нь дээр дурдсан импортыг орлох үйлдвэрлэл, түүнчлэн орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн боловсруулах үйлдвэрлэлд төвлөрүүлэх хэрэгтэй биз ээ.
- Хямралын энэ үед мал аж ахуй, газар тариалан нэн чухал үүрэгтэй. Атрын гурав дахь аяны бодлогыг өнгөрсөн онд олсон амжилтад тулгуурлан улам бататгаж гурил, үр тариа, хүнсний ногоогоор өөрсдийгөө бүрэн хангах зорилтод хүрэхүйц далайцтай ажлуудыг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх. Мал аж ахуйн хувьд түүнээс гардаг түүхий эдээр бүтээгдэхүүн хийх үйлдвэрлэлийг дорвитой хөгжүүлэх чиглэл барих нь чухал гэж үзнэ. Үүнтэй холбогдуулан тэмдэглэхэд цөлжилтийг гааруулагч нэг гол гэмтэн болох ямаанд олон тэрбумын хөрөнгө хаяхын оронд тэр мөнгөөр энэ жилдээ янз бүрийн сүүн бүтээгдэхүүн хийдэг 50 үйлдвэрийг 50 суманд байгуулчихсан бол дээрх сумдад орон нутгийн зах зээл бий болж тэнд байгаа малчид бэлэн мөнгөний гачаалаас гарч банкинд барьцаалагдахаа болих байв. Тийм үйлдвэрүүд барих нь зөвхөн малчдад хэрэгтэй биш юм. Энэ нь сүү, цагаан идээний үйлдвэрлэл дорвитой хөгжих эхлэл болж сүү, цагаан эдээгээр хот суурины хэрэглэгчдийг хангах явдал эрс сайжирч бүтээгдэхүүний үнэ нэлээд буурахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэ ялдамд тэмдэглэхэд манай статистик мэдээ эм хонь, ямаанаас авч болох сүүний потенциалыг үйлдвэрлэчихсэн мэтээр үзүүлдэг гажигтай. Үнэн хэрэгтээ бол манайд хонь, ямаагаа саахаа болиод олон жил болж байгаа билээ. Харин тийм үйлдвэрүүд байгуулагдчихвал бүх малаас авдаг сүү, сүүн бүтээгдэхүүн эрс өсөх боломж байсаар байгаа гэж үзнэ.
- Төрийн албан хаагчид болон нийгмийн халамж эдлэх ёстой ниймийн давхаргын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй байх бодлого баримтлах, инфляцийн түвшинтэй уялдуулан өсгөх асуудлыг шийдэх. Ажилгүйдэл нэмэгдсэнтэй уялдуулан авах тодорхой арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх
Дэлхийн хэмжээнд энэ оныг хямрал уналтын хамгийн хүнд жил болно гэж хүлээж буй тул дээр дурдсан бодлого, үйл ажиллагааг нэн шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Хугацаа алдвал байдал ихээхэн хүндрэх аюултайг харгалзан үзэх ёстой. Манайх түүхий эдэд суурилсан эдийн засагтай тул зэс, жонш зэрэг цөөн тооны эрдэс түүхий эд, түүнчлэн ноос ноолууран эдлэл дэлхийн зах зээлийн үнэ болон тэдгээрийг бусад улс оронд борлуулахаас ихээхэн хамааралтай. Нөгөө талаар нефть шатахуун импорт хойд хөршийн нэг үйлдвэрээс хараат, түүний үнийн дарангуйлалд байдаг тул хэрэв манайх уналтад орвол сэхэлт сэргэлт нь бусад том улс, зах зээл өндийж боссоны дараа л тохиолдох болно. Тиймээс эдийн засгийг ноцтой уналтад оруулахгүй байхыг стратегийн бодлого, зорилтоо болгон ажиллах хэрэгтэй гэж үзнэ. Бусдын зөв бодлого шийдвэрийн хувьд манай өмнөд хөрш үлгэр болж чадах байгаа. Хятадын удирдлага дугуйг шинээр зохиохыг бодолгүй хямралаас гаргадаг Кейнсийн эмчилгээний жор, аргыг шууд авч хэрэглэж байгааг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй бизээ.