Террорын эринд шилжин орж байна
Орчин үеийн ертөнцөд учирч буй хамгийн гол аюулын нэг бол терроризм. Үүний эсрэг улс орнуудын авч байгаа арга хэмжээ янз бүр.
2001 оны 9-р сарын 11-ний үйл явдлын дараа АНУ “Эх оронч акт” гэдэг баримт бичгийг баталсан юм. Үүний тусламжтайгаар Холбооны мөрдөх товчоо утасны яриа чагнах, хүмүүсийн захиалсан болон худалдан авсан номын талаарх мэдээллийг номын сан ба номын дэлгүүрүүдээс шаардах эрхтэй болсон билээ. Мөн энэ эмгэнэлт өдрийн дараа АНУ аюулын таван түвшинг тогтоосон юм.
Ногоон өнгө-Аюулын хамгийн бага түвшин, өдөр тутмын нормд тохирсон
Цэнхэр өнгө -Аюулын сэрэмжлүүлэх түвшин
Шар өнгө -Аюулын ноцтой түвшин
Улбар шар өнгө -Аюулын эрсдэлтэй түвшин
Улаан өнгө – Аюулын хамгийн дээд түвшин.
Английн Лондон хотод 2005 оны 7-р сард алан хядах ажиллагаа болсны дараа Франц улс “Террорын эсрэг пакет” хэмээх тусгай арга хэмжээ боловсрууллаа. Түүнээс хойш тус улсад цахилгаан шуудан, утасны дуудлагыг хянахыг зөвшөөрч, мөн тэсэрч дэлбэрэх бодисуудын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хянах болсон байна.
9-р сарын 11-ний дараа үйл явдлын дараа Англи улс террорын эсрэг хуулийг батлав. Уг хуулиар агаарын тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сахих арга хэмжээг чангаруулах, тэрчлэн аюулгүйн байдлыг сахиулах гэсэн шалтгаанаар хүмүүсийг рейсээс буулгах, баривчлах, мөн нислэгийн рейсийг саатуулах зөвшөөрөл олгох болсон юм. Энэ хуулийн заалтуудаас зарим нь маш хамгийн их дуулиан дагуулсан. Тухайлбал гадаадын иргэдийг ямар ч шүүх, мөрдөлтгүйгээр тодорхой хугацаагүй баривчлах, улмаар улс орноос албадан гаргах гэх мэт.
2005 оны 7-р сард Лондонд цуврал дэлбэрэлтүүд болсны дараахан олон үйл ажиллагааг хуулиас гадуур гэж зарлав. Террористуудын бэлтгэл сургуулилт хийдэг лагерьт очих, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ба интернэтээр терроризмыг сурталчлахтай хийж байгаа тэмцлийн аргуудыг дэлгэрэнгүй тоочин тайлбарлах зэрэг. Энэ үеэс “хяналтын ордер” гэсэн ойлголт гарч ирсэн. Энэ нь терроризм үйлдсэн, үйлдэхийг завдсан гэж сэжиглэсэн этгээдийн /баривчлагдаагүй/ бүх шилжилт хөдөлгөөн, гадаад ертөнцтэй харьцахыг хязгаарлана гэсэн үг. Алан хядах гэмт бүлэглэлүүдтэй хийж буй дэлхийн улс орнуудын тэмцлээс хамгийн үр дүнтэй нь гэвэл Израиль улсыг онцолж болох юм. Өнөөдөр тус улс дэлхийн улс орнуудаас хамгийн амжилттай террорын эсрэг тэмцэж байна. Олон орон энэ улсын туршлагаас суралцдаг. Израильчууд 2004 оны эхээр зорчигчдын автобусыг тусгай төхөөрөмжөөр тоноглох болсон. Энэ нь зорчигчдыг болзошгүй террорист ажиллагаанаас үр дүнтэй хамгаалж байсан тул цаашид улам сайжруулсан юм.
Аюулгүйн системийн үндэс нь бат бэх турник ба тэсрэх дэлбэрэх бодисыг илрүүлэгч тусгай багаж юм. Турникетийг жолооч хөдөлгөөнд оруулдаг бол харин тэсрэх бодисыг илрүүлэгчийг автобусны хаалганд суурилуулсан байдаг.
Израильд “электрон хамар” гэж нэрлэгддэг тусгай багажийг автобус төдийгүй гар утас, үйлдвэрийн хяналтын янз бүрийн систем, аюулгүйн хяналтын албанд ашиглахаар төлөвлөжээ. Тэрчлэн хүмүүс бөөнөөр цуглардаг газарт жижүүр хийдэг хамгаалагчдын нэмэлт багаж болгон удахгүй хэрэглэж эхлэх юм байна.
“Электрон хамар” багаж маш энгийн үйлчилгээтэй бөгөөд тэсрэх дэлбэрэх бодисын үнэрийг мэдэрч, эзэндээ дохио өгдөг. Эдгээр төхөөрөмжийн цар хүрээ маш өргөн учраас фабрик дээр сүрчигнийн үнэрээс өгсүүлээд автобусан доторх тэсрэх бодис, онгоцны буудал дээр байгаа SARS өвчтэй хүний үнэр гээд бүхий л төрлийн үнэрийг тодорхойлох боломж олгодог.
2010 оны 3-р сарын 29-нд ОХУ-ын Москва хотын метроны цахилгаан галт тэргэнд дэлбэрэлт болсон билээ. “Лубянка” станц дээр цахилгаан галт тэрэгний 2-р вагонд тэсрэх төхөөрөмж зорчигчдыг орох, гарах үеэр буюу 7 цаг 45 минутад ажилласан. Дараа нь хоёр дахь дэлбэрэлт “Парк культуры” станц дээр 8 цаг 39 минутад болсон. Хэрэв эхний дэлбэрэлтийн дараа 2-3 км зайд орших бүх гар утсыг тэр дор нь унтраасан бол хоёр дахь дэлбэрэлт болохгүй байсан гэдэг. Энэ 2 дэлбэрэлтэд нийт 35 хүн амь үрэгдэж, 62 шархадсан юм.
Москва зэрэг Оросын хотуудад одоо ч нууц террорист байгууллагууд ажиллаж байгаа. Зарим эх сурвалж ОХУ-ын нутаг дэвсгэр дээр 17 том алан хядагч байгууллага үйл ажиллагаа явуулдаг гэж мэдээлдэг.
“Лубянка”, “Парк культуры” станцуудыг дэлбэлэх гэж хэдэн сарын турш бэлдсэн нь ойлгомжтой. Гэтэл энэ бүх хугацааны турш террористууд цагдаа, цэргийн хяналтын гадна байсан аж. Чухам ийм учраас Москва зэрэг хотуудын оршин суугчдыг толгой дараалан бүртгэх арга үр дүн багатай гэж шинжээчид үзэж байна. “Яагаад гэвэл оршин суух зөвшөөрлийг зүгээр л худалдаад авчихна. Мөн Дотоодын армийн эргүүлийн цэргүүд ч террорист аюулыг зайлуулахад бодитоор нөлөө үзүүлж чадахгүй. Учир нь тэд зэвсэггүй, зөвхөн бороохойтой. Эдгээр цэрэг, эргүүлүүдэд ядаж тэсрэх дэлбэрэх бодис байгаа эсэхийг, мөн ямар хэмжээтэй байгааг харуулах хийн дохиологч ч алга. Тэгээд ч гар утсыг унтраах шийдвэрийг шуурхай гаргаж хэн ч чадсангүй. «Парк культуры» станцад дэлбэрэлт болохоос өмнө нөхцөл байдал ноцтой байхад шүү. Уг нь зөвхөн Холбооны Аюулгүй Зөвлөл ийм эрх эдэлдэг дээ” хэмээн Оросын судлаачид онцлон тэмдэглэж байна.
Орчин үед дэлхийн хамгийн шилдэг метрог Лондоны гэдэг. Энд ажиглалтын видео камеруудыг террористуудын халдлагаас өмнө суурилуулсан байсан. 2005 онд зорчигчдын шилжилт хөдөлгөөнийг ажиглах 6000 камер байсан бол өнгөрсөн жил 8500 болсон. Харин 2011 онд 12 000 камертай болох аж. Тэрчлэн аймшигт дэлбэрэлтийн дараа хуучин камеруудаа дүрслэлийн чанар сайтай тоон камеруудаар сольсон юм.
Тэгэхээр өнөөдөр хэн ч видео бичлэг дээр дүрсээ үлдээлгүйгээр Лондоны метронд орж чадахгүй гэсэн үг. Станцуудыг ажиглахад хялбар байлгах гэж бүр тус байгууламжийн архитектурыг өөрчилсөн байна. Тэр бүү хэл бүх гэрэлтүүлгийг сайжруулж, хогийн савны оронд нэвт харагдах сагс тавьж, вагонуудын суудлыг торон болгожээ. Лондоны метрод зорчигчдын тээшийг үе үе түүвэрлэн сонгон шалгадаг журам үйлчилдэг. Энд 2005 оны алан хядах ажиллагааны өмнө 450 цагдаа жижүүрлэдэг байсан бол одоо тоо нь 1.5 дахин ихэсчээ.
Терроризмаас хамгаалах асуудал нь маш өндөр өртөгтэй. Лондоны метроны удирдлага аюулгүйн системээ сайжруулахад 14,8 тэрбум евро зарцуулсан аж. Үүндээ тэд сэтгэл ханалгүй өөр олон шинэ арга хэмжээ авах талаар өнгөрсөн жил авч хэлэлцсэн юм. Үүнд эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн царайг видео дүрсээр таних автоматжуулсан системийг нэвтрүүлэх, тэсрэх дэлбэрэх бодисуудыг сканердах төхөөрөөмж суурилуулах зэрэг.
Гадаад зарим орон мөн метрогоо бактериологийн зэвсгээс хамгаалах арга хэмжээ авч байна. Жишээлбэл Бостоны метро тусгай системээр тоноглогджээ. Жишээлбэл химийн ба биологийн зэвсгийн детектор, утасгүй холбоо, хортой бодис тархах замыг тооцоолох программ хангамж. Харин Хьюстоны метро “Breathe Safe System”-ээр тоноглогджээ. Энэ төхөөрөмж нь хэт ягаан цацрагийн тусламжтайгаар зарим төрлийн бактерийг 99% устгах хүчин чадалтай гэнэ. Үүнд гахайн томууны вирус ч багтдаг аж.
Гэхдээ тусгай албад, цагдаа бие даан террорын эсрэг системийн өөрчлөлт явуулж чадахгүй. Тэднийг нийгэм бүхэлдээ дэмжиж, харин шинжээчид тэдэнд юу хийхийг зааж өгөх ёстой. Иймээс Австрали улс хотын аюулгүй байдлыг хангахад анхаарахын зэрэгцээ төр ба олон нийтийн хамтарсан байгууллага байгуулжээ. Ийм төв байгуулснаар цэрэг, цагдаад хандах иргэдийн сөрөг сэтгэлгээг 4 жилийн дотор өөрчилж чадсан юм. Иймээс тус улсын иргэд сайн дураар тусгай албадад хандах нь олширч, жилд 5000 тохиолдол бүртгэгджээ.