Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг “Мөрөөдлийн жагсаалт” болж гэлээ
УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хамтран хуралдаж, “2008-2012 он хүртэлх Засгийн газрын мөрийн хөтөлбөр”-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэхүү Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 200 гаруй зорилт туссаны 70 хувь нь МАХН-ын санал юм байна. Харин АН үүнд дээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгийг нь мөрийн хөтөлбөрт тодорхой тусгах, чацарганыг брэнд бүтээгдэхүүн болгох, төмөр замын хоёрдогч гарцтай болгох гэсэн гурван гол зорилтууд нэмэх хүсэлтэй байгаагаа танилцууллаа.
Дөрвөн жилийн хугацаанд, 33 триллион төгрөгөөр хэрэгжүүлэх Засгийн газрын хөтөлбөрийг мөрөөдлөө жагсаалт болжээ гэж гишүүд шүүмжиллээ. “Уул уурхайн том ордуудыг эргэлтэд оруулах, иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь олгох, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болох, цалин тэтгэвэр тэтгэмжийг гурав дахин нэмэх гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сайхан санаа, зорилтууд олон туссан. Нэг ёсондоо Монголчуудын мөрөөддөг зүйлсийг жагсаагаад биччихэж. Мөрөөдлөө жагсааж бичих амархан, хамгийн гол нь ажил хэрэг болгох хэцүү шүү” хэмээн Ч. Улаан шүүмжиллээ.
Мөн О. Чулуунбат “ Засгийн газар 30 гаруй триллион төгрөгөөр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх тооцоо хийсэн. Гэтэл үнэндээ энэ мөнгийг яаж олох юм бэ хэмээн гишүүд Засгийн газраас асууж байна. Жилдээ 2 триллион орчим төгрөгийн төсөвтэй улс дөрвөн жилийн хугацаанд яаж 30 триллион төгрөг олох юм бэ гэсэн асуултыг тэд Засгийн газарт тавьж, бас мөрийн хөтөлбөрийг нь дэндүү ерөнхий, тунхаглалын чанартай байна” гэлээ
Хуралдаанд Сангийн сайд С.Баярцогт болон Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар байлцаж, мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар гишүүдийн асуултад хариулсан.
Тэдний хэлж байгаагаар мөрийн хөтөлбөр бол ерөнхий том бодлого зорилтоо тусгаад, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөөгөө илүү нарийвчилж, нэг бүрээр гаргана гэсэн тайлбарыг хийлээ.