УИХ-ын ээлжит бус чуулган завсарлалаа
Өнгөрсөн сарын 2-р сарын 12-нд эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган завсарлалаа.
Энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх үндсэн зорилгоор хуралдсан ээлжит бус чуулган хамгийн сүүлийн өдрийн хуралдаанаараа төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хэлэлцэн баталсан юм. УИХ төсвийн тодотголыг ийнхүү баталснаар 6.1 хувийн алдагдалтай байсан төсвийн 5.4 алдагдалтай болгон бууруулж байгаа юм.
Харин УИХ-ын ээлжит бус чуулганаас ирэх зургадугаар сард төсвийн тодотголыг дахин өргөн барих үүргийг Засгийн газарт өглөө. Тэгэхдээ төсвийн зардлыг хоёр асуудал дээр анхаарч оруулж ирэх чиглэлийг өгсөн байгаа. Нэгдүгээрт, төрийн бүтцийн асуудал болон захиргааны зардлыг бууруулах. Хоёрдугаарт, нийгмийн халамжийн бодлогыг хэрэгцээтэй хүн рүү чиглүүлж өөрчлөх тухай заасан байна. Дээрх хоёр суурь асуудлыг зөв болгож өөрчилж чадвал цаашид эдийн засгийн хувьд өсөлт, бууралттай байсан ч гэсэн төсөв дээр зохицуулалт хийгээд байх шаардлагагүй болох гэнэ.
Төсвийн тодотголд тусгагдан УИХ-д орж ирсэн Төрийн албан хаагчдын цалинг 20%-иар багасгах саналыг УИХ хүлээж авсангүй. Мөн хүүхдийн мөнгө болон, шинээр гэр бүл бологсдын мөнгийг энэ улиралдаа хэвээр үлдээхээр боллоо. Ирэх 6-р сард орж ирэх төсвийн тодотголоор нийгмийн халамжийн асуудлыг багцаар нь авч үзэхээр болсон тул тэр болтол хойшлуулжээ.
2009 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 82 хувь нь дэмжин баталлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ээлжит бус чуулган завсарлаж байгаатай холбогдуулан үг хэлж, чуулган завсарлаж байгааг мэдэгдлээ. Эцэст нь гишүүд босож зогсон төрийн дуулал эгшиглэснээр ээлжит бус чуулган албан ёсоор хаалтаа хийлээ. УИХ-ын тухай хуульд заасны дагуу хаврын ээлжит чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр эхлэх учиртай. Гэвч хуанлигаар энэ өдөр амралтын өдөр таарч буй тул 6-нд хаврын чуулган эхлэх бололтой.