Ээлжит бус чуулганаар юуг амжуулав
Нэг сар нэг хоног хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулган хир их үр дүнтэй ажилласан талаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тайлагналаа.
Ээлжит бус чуулган заралсан гол зорилго бол улс орны өмнө тулгамдаж буй санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, 2009 оны төсөвт тодотгол хийх болон нэн тулгамдсан зарим асуудлыг авч хэлэлцэх байсан билээ. Ээлжит бус чуулган зорилогоо биелүүлсэн хэмээн УИХ-ын дарга үзэж байна. Хуралдааны явцад бие даасан 1 хууль баталжээ. Энэ нь мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль байлаа. Харин 15 хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Хүчингүй болсон 1 хууль 7 тогтоол байгаа аж. Тоон дүнгээр бол нийтдээ 18 хууль 7 тогтоолд гар хүрчээ.
Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийсэн шалтгаан нь энэ санхүү эдийн засгийн хямралаас зөвхөн болоогүй юм аж. Өнгөрсөн жил зэсийн үнэ өсөж манай улс нилээд их мөнгөтэй байсантай холбогдуулан төсвийн үрэлгэн зардал ихэссэн учир “хямралыг” далимдуулан үүнийг эмхэлэх давхар зорилготой байжээ. Мөн төсвийн тодотголд зөвхөн хасах танахын тулд биш, зардал хэмнэх, төсвийн тэнцлийг хангах, төсвийг эрүүлжүүлэх чиглэл баримталсан гэдгийг УИХ-ын дарга онцолж байв.
Төрийн албан хаагчдын цалинг 20-30 хувь бууруулахаар оруулсан Засгийн газрын саналыг УИХ хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. Цалинг бууруулах нь иргэдийн ахуй амьдралд хүндрэл учруулахын зэрэгцээ нийгмийн даатгалын санд төвлөрөх хөрөнгө багасах, улмаар хувийн хэвшлийнхний цалин буурах зэрэг олон сөрөг нөлөөг дагуулж болзошгүй хэмээн УИХ үзжээ. Ээлжит бус чуулганы тодотголыг хэлэлцэхдээ ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг томоохон хандивлагчдын саналыг тусгасан, ингэснээрээ тэдний зүгээс олон улсын жишигт тэнцсэн төсөв баталж чадлаа гэсэн үнэлгээг авснаа хэмээн Д.Дэмбэрэл дарга хэллээ.
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн дараагийн чухал асуудал нь Оюутолгойн гэрээний төслийн батлах байлаа. Үнэхээр боломжийн гэрээ байсан бол батлах л байлаа. Харамсалтай нь удаан хугацаанд хүсэн хүлээсэн энэ гэрээнд олон тодорхойгүй зүйлүүд байсан тул хараахан батлах боломжгүй байлаа гэж спикер тайлбарлав.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад д.дэмбэрэл болон албаны хүмүүс хариуллаа.
-Оюутолгойн гэрээний 30 жилийн хугацааг богиносгох тухай ярьсан гэлээ. Хэрэв ингэвэл Ашигт малт-малын хуульдаа өөрчлөлт оруулах уу, хуульдаа бол 30 жил гээд явж байдаг юм билээ шүү дээ...
-Шаардлагатай бол хуулинд өөрчлөлт оруулахыг үгүйсгэхгүй. Хүртэлх гэх ганц үг хийчхэж болохгүй нь юу байх вэ. Гадныхныг бас үргээчхэлгүй байх гээд олон талаас нь бодох юм бий. Олон талаас нь бодож судалж, шийдвэр гаргах байх аа.
-Чуулган цагтаа эхлэхгүй байдал саяын хуралдаанаар нэлээн ажиглагдсан. Энэ тал дээр яаж ажиллах вэ. ЁС зүйн дүрэм хэзээ гарах вэ?
-20-25 минутаар хоцорч чуулган эхлэх явдал байлаа. Оруулж буй асуудлыг богино хугацаанд тараах, шөнө нь хуралдаад өглөө нь дүгнэлт тараагдах гээд үүссэн нөхцөл байдлаас үүдэлтэй янз бүрийн зүйлүүд гарсан. Гэхдээ хурал цагтаа эхлэх гэдэг нь зүй ёсны шаардлага. Энэ тал дээр анхаарах болно. Ёс зүйн дүрмийн тухайд хаврын чуулганаар хэлэлцэж гарах байх. Олон асуудал энэ дүрмээр хязгаарлагдах ёстой юм. Үүнийг дэд дарга Н.Энхболд хариуцаж оруулах байх6