Монгол Улс анх удаа дунд орлоготой орнуудын ангилал, бүлэглэлд багтлаа
2009.07.10

Монгол Улс анх удаа дунд орлоготой орнуудын ангилал, бүлэглэлд багтлаа

Дэлхийн банк жил бүр боловсруулан гаргадаг ”Дэлхийн хөгжлийн үзүүлэлтүүд 2009” тайланг боловсруулан гаргажээ. Энэхүү тайланд тус банкнаас дэлхийн улс орнуудыг нэг хүнд ногдох ДНБ болон бусад макро эдийн засгийн үзүүлэлтээр нь шалгуур болгон хөгжлийн түвшнээр нь бүлэглэж, ангилалд хуваадаг юм. Уг тайлан нь улс орнуудын макроэдийн засгийн 2007 оны жилийн эцсийн гүйцэтгэл ба 2008 оны макро үзүүлэлтүүдийн хандлага, тогтвортой байдал дээр тулгуурлан тооцож гаргасан мэдээлэл юм.
Дэлхийн банкны энэхүү ангилал нь дараах 3 үндсэн бүлэгт хуваагддаг байна.

Үүнд:

• Өндөр орлогтой улс орнууд: ЭЗХАБ-ын гишүүн ба тус байгууллагын гишүүн бус
• Дунд орлоготой улс орнууд, үүний дотор дээд ба доод гэсэн 2 дэд хэсэгт
• Бага орлоготой улс орнууд гэсэн үндсэн 3 бүлэгт хуваагддаг байна.

Монгол Улс дэлхийн банкны гишүүн орны эгнээнд багтсан 1991 оноос хойш өнөөг хүртэл дээрх ангиллаар “Бага орлоготой улс орнууд”-ын (“Low income”) бүлэглэл, эгнээнд багтаж ирсэн юм.

Саяхан Дэлхийн банкнаас боловсруулан гаргасан тайлантай холбоотойгоор улс орнуудын бүлэглэлийг дахин шинээр бүлэглэн гаргасан байна. Энэхүү шинэ бүлэглэлээр Монгол Улс анх удаа “Дунд орлоготой улс орнууд”-ын (Lower Middle income countries) бүлэглэл, ангилалд багтсан байна. Дэлхийн банкны аргачлалын дагуу нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь олон улсын нэгэн жигд аргачлалаар тооцсон ам долларт шилжүүлснээр 1500,0 ам доллараас дээш орлого ногдож байгаа улс орнууд дунд орлого бүхий орнуудын эгнээнд багтаж байгаа юм. Дэлхийн банк, Үндэсний Статистикийн хорооны албан ёсны мэдээллээр 2008 оны жилийн эцсийн үзүүлэлтээр Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ \Дэлхийн банкны Атласын аргаар тооцсон\ нь 1639,0 ам долларт хүрээд байна.
Ингэснээр Монгол Улс БНХАУ, Индонези, Тайланд, Энэтхэг, Иран зэрэг дэлхийн эдийн засагт нөлөө бүхий улс орнуудтай хөгжлийн түвшнээр нэг бүлэглэлд багтах болсон байна.

Эх сурвалж: “ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД - 2009” тайлан, Дэлхийн банкны улс орнуудын ангилал, 2009 оны 7 дугаар сар.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.