”Миний шинэ имиж унадаг дугуй” өдөрлөг боллоо
Өнгөрсөн амралтын өдөр “Унадаг дугуй миний шинэ имиж” нэртэй өдөрлөг УДЭТ-ын өмнөх талбайд болсон юм. “Миний шинэ имиж” гэсэн бичигтэй хар өнгийн Футболкоор жигдэрсэн залуус иргэдэд унадаг дугуй хэрэглэхийн ач тусыг сурталчилсан. Мөн Улаанбаатар хотод унадаг дугуй ашиглах нь зөв үү гэсэн самбар байрлуулж, хоёр өнгийн наалт тавьсан байв. Тийм гэж бодож байвал шар өнгийн наалтыг, дэмжихгүй байвал хөх өнгийн наалтыг наах ёстой.
Дэмжихгүй гэсэн дээр нь дөрөв тавхан харагдсан бусад нь бүгд дэмжиж буйгаа илэрхийлсэн байсан. Өдөрлөг 11.00-16.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд олон сонирхолтой үзүүлбэрийг үзүүлсэн. Тухайлбал унадаг дугуйг чимэглэн тавьсан байсан нь хүүхдүүдэд их таалагдсан. Учир нь хүүхдүүд дугуйгаа ингэж чимэглэвэл гоё юм байна гэж хоорондоо ярилцаж байв. Түүнчлэн дугуйн засварын үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд хүмүүс дугуйгаа хийлүүлж байсан. Мөн дугуй нь байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд сайн, замын түгжрэл буурна, стресс тайлна зэрэг олон давуу талуудыг нь сурталчилсан самбар ч өлгөсөн байв. Өдөрлөгийг сонирхож яваа иргэн Д.Даваажав гуай “Биднийг залуу байхад дугуйг хүмүүс их унадаг байсан. Би ажил, гэрийнхээ хооронд байнга дугуйгаар явдаг байсан. 1950,60-аад оны үед Урт цагаан тэр чигээрээ Хятад худалдааны төв. Энд хэд хэдэн газар унадаг дугуйны засварын газартай. Хүмүүс дугуйгаа нөхүүлээд гинжийг нь тохируулаад л явдаг байлаа. Тэр үед голдуу Германы опел унадаг. Хүмүүс дугуйгаа их чимэглэж, гоё болгодог байсан. Харин сүүлийн үеийн залуус ерөөсөө дугуй унахаа байчихсан. Хүүхдүүдийн тоглоом төдий дугуй унаж тоглох юм байна шүү дээ” гэж ярьсан.
Энэ өдөрлөгийг зохион байгуулагч Сайтама их сургуулийн докторант Н. Амаржаргалаас доорх асуултанд хариулт авсан юм.
-Өнөөдрийн арга хэмжээ болон дугуйн хэрэглээний ач тусын талаар ярихгүй юу?
-Улаанбаатар хотын иргэд, залуустаа унадаг дугуйны хэрэглээг сурталчлахын хажуугаар унадаг дугуй хэрэглээд эхэлбэл ямар асуудлуудыг шийдвэрлэх боломж байгаа талаар иргэдтэйгээ санал бодлоо солилцож байна. Тухайлбал замын ачаалал их байна. Үүнийг бага ч болов шийдвэрлэх нэг арга нь унадаг дугуйны хэрэглээ. Мөн дугуй нь утаа тортог гаргахгүй байгаль орчинд ээлтэй төдийгүй эрүүл мэндэд сайн. Манайханд хөдөлгөөн их дутагдаж байна. Өглөө машинаараа ажилдаа ирээд өдөржин сууж байгаад, орой машиндаа суугаад л яваад өгдөг. Тэгэхээр дугуйгаар ажилдаа ирж очоод байвал өөрсдийнх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө шүү дээ.
-Яагаад “Миний шинэ имиж” гэж нэрлэсэн юм?
-Залуусын шинэ стиль, урсгал маягаар оруулж ирвэл нөлөөлөл нь хурдан болов уу. Манайхан дугуйг маш бага хэрэглэж байна. Хаяа нэг салхинд гарахдаа, эсвэл сургуулийн хүүхдүүд унаж байна. Уг нь оюутанууд гэр сургуулийнхаа хооронд дугуйгаар яваад байх боломжтой. Сургууль нь ч гэсэн үүн дээр анхаараад үүдэндээ зогсоол байгуулаад өгөх боломж бий гэж бодож байна.
-Манайд 1960 оны үед дугуйг өргөн хэрэглэдэг байсан гэсэн?
-1900 оны эхээр эрдэмтэн С.Шагж зэрэг тухайн үеийн элит гэж байсан хүмүүс дугуйг оруулж ирсэн. Нийгмийн боловсролтой гэсэн хүмүүсийн хэрэглээ байсан дугуй яваандаа энгийн иргэд ч унаж эхэлсэн. Манайд дугуй хэрэглэж байсан үечлэлийг нь гурав ангилж үзэж болох юм. Тухайлбал 1930 аад он хүртэл дугуйн соёлын эхэн үе. 1930 оны сүүлээс 1970 он хүртэл оргил үе, тэрнээс хойш өнөө үеийг хүртэл зогсонг үе гэж хувааж байгаа. Оргил үе гэж үзэж байгаа 1950, 60, 70 оны үед автомашин цөөхөн, дээрээс нь нийтийн тээврийн хэрэгсэл хотын хүн амд хангалтгүй байсантай холбоотой. 1980-аад оноос нийтийн тээврийн үйлчилгээ сайжирч, хүмүүсийн амьдрал боломжийн болоод ирэхээр хүмүүс унадаг дугуйнаасаа моторт дугуй машин руу шилжиж эхэлсэн. Үүнээс болоод машин замаар дугуй унахаар аюултай болж эхэлсэн. Мөн дугуй унахаа байсан нэг шалтгаан нь нийтийн тээврийн бодлого дотор дугуйг тусгаж өгөөгүй. Иргэдэд дугуйны ач холбогдлын талаар сурталчилгаа алга, Дугуй хэрэглэгчдийг дэмжих ямар ч бодлого алга энэ мэт олон зүйлээс болоод дугуй унахаа байсан.
-Та Японд амьдардаг, Япончууд дугуйг хэр өргөн хэрэглэдэг вэ?
-Япончууд дугуйг их хэрэглэдэг. Японд хотын дотор таван километрт дугуй хамгийн хурдан хүрдэг гэсэн судалгаа байдаг. Жишээ нь талдаа 30 минут явдаг газар дугуйгаар явна. Би хүүхдээ дугуйныхаа урд талын сагсанд суулгачихаад цэцэрлэгт нь хүргэж өгдөг. Орой хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаад дэлгүүрээс хоёр гурван том ууттай юм аваад арын сагсандаа хийгээд явдаг. Машин унаж түгжрэх шаардлага байхгүй, 10 минутын дотор гэртээ хүрчихдэг. Хэрвээ дугуй байхгүй бол хүүхдээ хөтлөөд хоёр гурван ууттэй юмаа бариад явна гэдэг бол хэцүү. Тэгэхээр дугуй үнэхээр сайн унаа гэдгийг би өдөр бүр өөрийн биеэр мэдэрдэг.