30 идлэг шонхрыг Катарын иргэд авч явжээ
2009.09.22

30 идлэг шонхрыг Катарын иргэд авч явжээ

-Тэдний бичиг баримт бүрэн байсан тул явуулсан гэнэ-

Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагийн орой нийслэлийн баруун үүд болох 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор нэлээд тооны идлэг шонхор шувуу авч явсан “Ланд круйзер” маркийн машиныг мэргэжлийн хяналтын байцаагчид түр саатуулжээ. Үүнтэй давхцан “60 шонхор шувуу авч явсан гэнэ”, “мэдээллийг нууж байна”, “нөлөө бүхий томчууд энэ хэрэгт холбоотой”, “тагнуулынхан шалгаж эхэлжээ” гэх мадээллүүд цацагдсан. Иймээс шонхор шувуу тээвэрлэж явсан машиныг шалгаж саатуулсан Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Алимаагаас энэ талаар тодрууллаа.

-Яг хэдэн шонхор шувуу байсан юм бэ?

-Бямба гарагийн орой “Ланд круйзер” маркийн автомашиныг зогсоож шалгахад нэлээд хэдэн шонхор шувууг хоёр араб хүн авч явсан. Нийт 30 шонхор шувуу байсан. Хэл сайн нэвтрэлцэхгүй, бичиг баримтаа шалгуулахыг шаардахад 2008 оны тусгай зөвшөөрөл үзүүлсэн юм. Иймээс түр саатуулсан. Тухайн үед телевизийнхэн шөнийн мэдээ бэлтгэж яваад таарсан учраас мэдээлэл өгсөн. “Шалгахад 2008 оны зөвшөөрөл үзүүлсэн .тул түр саатууллаа. Холбогдох бичиг баримтаа авчрахыг шаардсан байгаа” гэж.

-Тэгээд бичиг баримт нь бүрэн, хууль ёсных байсан юм уу?

-Орчуулагч нь хоёр цагийн дараа ирэхдээ 2009 оны тусгай зөвшөөрөл, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ, аль аль аймгаас барьсан зэргийг тодорхойлсон бичиг баримтуудыг авчирсан. Бүх бичиг баримт нь хууль ёсны, бүрэн бүтэн байсан учраас явуулсан.

-Ямар улсын иргэд хэчнээн шувуу барих зөвшөөрөлтэй байсан юм бол?

-Катарын эрхэмсэг хошууч генерал Хамад Вин Алигийн нэр дээр байгуулсан гэрээ байсан. Бие төлөөлөгч нь буюу шувууг авч явсан хүн нь Салим Али Аль Жирбоүи. Паспорт, бичиг баримтыг нь шалгаж . үзсэн. Нийт 60 идлэг шонхор барих зөвшөөрөлтэй, гэрээ байгуулсан юм билээ.

-Шувуу тээвэрлэж явсан машин нь ЗХЖШ-ынх байсан гэсэн үү?

-Тийм гэсэн. Телевизийн сэтгүүлчид жолоочийн бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр баталгаажуулж авсан байсан. Миний хувьд мэргэжлийн хяналтын байцаагчийн зүгээс хяналт тавьж, шалгалт хийсэн.

-Бас тагтаа, ногтруу шувуу авч явсан хэргийг илрүүлсэн гэж байсан?

-Тагтаа 15, ногтруу наймыг авч явсан гадаадын иргэдийг илрүүлж саатуулсан. Бичиг баримтгүй байсан учраас тагтаануудыг байгальд нь тавьсан байгаа. Ногтрууг өнөөдөр тавина.

Биднийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт очиход ногтруу шувуудыг байгальд нь тавихаар байцаагчид явах гэж байлаа. Шувуу авч явсан хүмүүсийг саатуулах үед тагтаанууд нь муужирч, нисэх чадваргүй болсон байсан гэнэ. Харин эдгээр шувууг авч явсан гэх кувейт иргэний орчуулагч нь “бүх шувууны зөвшөөрөл, төлбөр төлсөн баримтуудыг авчирсан, ямар нэг зөрчилгүй” гэж байсан юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.