Бороо голын мөнгөн усны бохирдол, түүнийг арилгах талаар авч хэрэгжүүлж буй арга
2009.09.18

Бороо голын мөнгөн усны бохирдол, түүнийг арилгах талаар авч хэрэгжүүлж буй арга

Бороо голын районд “Монголор” хувь нийлүүлсэн нийгэмлэг 1913 оноос алт олборлож, мөнгөн ус ашиглан боловсруулат хийж байгаад 1956 онд уг үйлдвэрийн алт баяжуулах тогоо хагарснаас их хэмжээний мөнгөн ус Бороо голд алдагдсан.

1990-ээд оны сүүлчээс гар аргаар алт олборлогчид бий болж, хууль бусаар мөнгөн ус ашиглах болсон бөгөөд энэ мөнгөн ус нь 2 эх үүсвэрээс үүсэлтэй. Нэг нь хууль бусаар гадаадаас оруулж ирсэн, нөгөө нь Бороо голоос ялгасан мөнгөн ус байдаг.

Бороо голын мөнгөн усны бохирдлыг тогтоох судалгааг анх 2003 онд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, дараа нь 2006 оноос Чех -Монголын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Сэлэнгэ мөрний сав газарт уул уурхайн олборлолтын явцад үүссэн мөнгөн усны бохирдлын судалгаа” төслийн хүрээнд тус тус хийсэн.

Дээрх судалгаануудаар алтны үйлдвэрийн туурь байсан газар болон Бороо, Хараа голын хурдасын мөнгөн усны бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдэн арваас хэдэн зуу дахин их байгаа нь тогтоогдсон байна.

Засгийн газрын 2008 оны 127 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд химийн бодисоор бохирдсон газруудыг цэвэрлэж, хаягдлыг саармагжуулж булшлах ажлыг хийж байгаа бөгөөд нийт 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрт 198 цэгт хуримтлагдсан 169 мянган тонн шлам хаягдлыг саармагжуулан булшилж, 112 мянган метр квадрат газрыг цэвэрлээд байна.

Зөвхөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 14 цэгээс 28 мянган тн шламыг тээвэрлэж саармагжуулж булшлан, 11 мянган м2 талбайд хөрс хуулалт хийсэн бол Мандал сумын 13 цэгээс 32 мянган тн шламыг тээвэрлэн, 21 мянган м2 талбайд хөрс хуулалт хийсэн. Эдгээр цэгүүдийн ихэнх нь хүн ам төвлөрсөн сум суурин газруудад байсан юм.

Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа нэг ажил нь Бороо голд үүссэн мөнгөн усны үүсмэл ордыг цэвэрлэх ажил бөгөөд уг ажлыг БОАЖЯ, ОБЕГ, Чех улсын Байгаль орчны яамнаас хэрэгжүүлж буй төсөлтэй хамтран гүйцэтгэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Бороо голоос мөнгөн усаар бохирдсон 6960 тн хөрсийг цэвэрлэж, 80 кг мөнгөн ус ялгаад байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.