Бөх Б.Бат-эрдэнэ
УИХ-д удаа дараа сонгогдож буй Б.Бат-Эрдэнэ аварга эхэн үедээ, спорт болон наадмын тухай хууль, тогтоомж гарах үед л дуугардаг байсан. Сүүлийн хоёроос гурван жилд Б.Бат-Эрдэнэ аварга ус хамгаалагч, мөн Хэнтийн нутагт уул уурхай, ашигт малтмалын орд нээхийг эсэргүүцдэг болоод байна. Үнэхээр ч Хэнтий аймгийн экс засаг дарга С.Жаргал эзэн Чингисийн нутаглаж асан Хэрлэнгийн хөдөө арал хавьд Хятадуудад лиценз олгосон явдлыг эсэргүүцсэн нь зүйтэй байлаа.
Мөн одоо УИХ-ын Тамгын газрын дарга болоод буй Ц.Шаравдорж нарын говь нутгаас УИХ-д сонгогдогсод өмнөх парламентын үед Хэрлэн голын усыг говь руу татах талаар санаачлага гаргахад аварга гишүүн эрс эсэргүүцсэн. Энэ үеэс эхлэн Б.Бат-Эрдэнэ ашигт малтмал, усны тухай асуудлаар "мэргэшиж" эхэлжээ. Саяхан УИХ-аас Оюутолгойн ашиглалтын гэрээ байгуулахтай холбогдуулан усны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Энэ үеэр гүний усыг ашиглахын эсрэг байсан гишүүдийн дунд Б.Бат-Эрдэнэ аварга байлаа. Түүнийг ийн усны тухай байнга ярих болсон явдлыг үзэж харсан хүмүүс аварга ч бөхийн биш усны хүн болжээ гэх болов. Өнгөрсөн хавар Б.Бат-Эрдэнэ аварга усны эхэн дээр уурхай ажиллуулахын эсрэг хуулийг бас санаачлан батлуулсан хүмүүсийн нэг болсон юм.