Уур амьсгалын өөрчлөлт- НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтын
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64-р чуулганд оролцохоор Нью-Йорк хотод ирлээ
Дэлхийн дулаарал, байгалийн өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр бидний Эх газар сэтгэл түгшээх хэмжээнд хүртлээ доройтож байна. Цөлжилт болон ган гачиг нь дэлхийн гадаргын дөрөвний нэг, хүн амын тавны нэгд буюу таван тэрбум хүн, 110 оронд шууд нөлөөлж байна. Өнөөдөр жил бүр агаар мандалд 6 тэрбум тонн нүүрсхүчлийн давхар ислийг хүмүүс цацаж байна. Цаг уурын гамшигт үзэгдэл 1960 –аад оны хэмжээнээс даруй 5 дахин нэмэгдээд байна.
Өнөөдөр дэлхийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар шийдвэр гаргах цаг нь аль хэдийн болжээ. Тийм ч учраас Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64-р чуулганд оролцох 130 гаруй орны Төр, Засгийн Тэргүүнүүд энэ асуудлыг тухайлан ярилцах гэж байна.
Ирэх 12-р сард болох Копенхагены Дээд хэмжээний уулзалтаас гарах баримт бичгүүд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа бөгөөд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган чухам үүний угтал болж байгаагаараа онцлог юм. 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг дэлхий даяар 1990 оны түвшнээс 25-40 хувь хүртэл бууруулах, агаарын хэмийн өсөлтийг 2 хэм дотор барих, 2020 он гэхэд жил бүр 250 тэрбум долларын хөрөнгийг босгож уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарцуулах гэх мэт тодорхой асуудлуудыг Копенхагенд тохирохоор бэлдэж байгаа билээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ч, чуулганаас гарах санал шүүмжлэлүүд ч нөлөө үзүүлэх нь зайлшгүй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцохоор Нью-Йорк хотноо хүрэлцэн ирлээ. Тэрээр, 9-р сарын 24-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий шүүмжлэлд үг хэлж, Дээд хэмжээний уулзалтын хүрээнд болох дугуй ширээний уулзалтыг даргалж, “Клинтоны дэлхийн санаачлага”-ын 5-р уулзалтын хүрээнд болох “Дэд бүтцийн хөгжлийг бэхжүүлэх” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэх юм.
Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Клинтон, НҮБ-ын 64-р чуулганы дарга А.Треки, Мянганы сорилтын корпорацийн Дэд Ерөнхийлөгч Дариус Мэнс болон зарим орны Төр засгийн тэргүүнтэй уулзаж ярилцахаас гадна, дэлхийд нэр хүнд бүхий зарим хэвлэл мэдээллийн агентлагт ярилцлага өгөх юм.