С.Баяр: Тариа налсан ч тариаланчдын зориг босоо байна
2009.09.30

С.Баяр: Тариа налсан ч тариаланчдын зориг босоо байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд шинээр нээгдэж буй Техник үйлчилгээний дундын цэгт ОХУ-д үйлдвэрлэсэн 10 шинэ комбайныг есдүгээр сарын 29-нд хүлээлгэн өглөө.

Сэлэнгэ аймгийн тариаланчид ургацаа 14 хоногт хурааж дуусгахаар төлөвлөсөн байна. Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, хаягдал багатай түргэн шуурхай хурааж авахад нь дэм үзүүлэх үүднээс эдгээр комбайныг өгч буй юм. Шинэ комбайнууд одоо хэрэглэж байгаагаас нь 2 дахин өндөр бүтээмжтэй, хэвийн үед нэг га тутамд 7-8 литр шатахуун зарцуулдаг ажээ.
Дундын үйлчилгээний цэгийн нээлт дээр Ерөнхий сайд С.Баяр хэлэхдээ “Нийт 80 мянган га талбайн тариа налж чийг ихтэй байгаагаас ургацаа хурааж буй тариаланчдад хүндрэл учирсан. Гэхдээ тариа налсан ч тариаланчдын зориг босоо байна. Байгалийн онц аюултай үзэгдэл тохиосон үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам шуурхай арга хэмжээ авч ажиллан төр, засаг ч дэмжлэг үзүүллээ. Цаашид хур тунадаснаас урьтаж цаг хугацаатай уралдан, үр тариагаа алдагдал багатай хурааж авах нь чухал байна ” гэлээ.
Улсын хэмжээнд тариалангийн 486 аж ахуйн нэгж байдгийн 300 гаруй нь Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг юм.
9 дүгээр сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд 60 гаруй мянган га талбайн тариаг ангилан хадаж, 25 мянган га-г цайруулж, 28 мянган га-гийнхыг шууд хураажээ. Одоогоор үр тарианы 20 гаруй, төмс хүнсний ногооны 71,4 хувийг хураагаад байна.
Манай улс энэ жил 339,0 мянган тонн үр тариа, 150,5 мянган тонн төмс, 99,2 мянган тонн хүнсний ногоо хурааж авах тооцоо гарчээ.
Ургацаа тооцсон хэмжээндээ хурааж авч чадвал улсын нэг жилийн хэрэгцээт буудайны 84, хүнсний ногооны 60, төмсийг 100 хувь хангах боломжтой бүрдэнэ.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.